Шууд Chart

Хөрөнгө оруулагчдын босгож буй "Сайншанд цогцолбор"

2018-05-02 11:49:21

/Дорноговь аймгаас бэлтгэв/

Үйлдвэрийн цогцолбор аяндаа бий болдог юм байна  

Монгол Улсын хүнд үйлдвэрийн анхны цогцолборыг Сайншандад барихаар Засгийн газар 6 жилийн өмнө мастер төлөвлөгөөг баталж байлаа. АНУ-ын компанийн боловсруулсан тус төлөвлөгөөнд кокс, зэс, үрлэн төмөр, цементийн үйлдвэрүүдийг цогцолбороор нь Сайншандад байгуулахад тохиромжтойг хэлсэн байдаг. Хэрэв биелсэн бол гол үйлдвэрүүд нь яг энэ  онд ашиглалтад орж,  2400 хүн  тогтмол ажилтай болж, 21 мянган хүнтэй суурьшлын шинэ бүс Дорноговь аймагт үүсэх байв. Ингэж л Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор 2000 оны сүүлээс эхлээд Дорноговьчуудад, говийнхонд, бүр монголчуудад итгэл төрүүлж, хүлээлт үүсгэсэн хэрэг. Даанч хэрэгжээгүй.

Тэгвэл өнөөдөр Дорноговьчуудын хөгжлийн түлхүүр, түүчээ нь юу юм бол... Монгол орны үүд аймаг хэрхэн хөгжиж байдаг юм бол...  Дорноговь аймгийн “Хүний хөгжлийн жил”-ийн нээлтийг сурвалжлах үеэрээ энэ асуултад хариу олохыг хичээлээ.

Дорноговь аймагт Монгол Улсын цементийн хэрэгцээний 70 гаруй хувийг хангах Монцемент, Хөх цавын үйлдвэрээс эхлээд голдуу уул уурхайн түүхий эд баяжуулах 11 үйлдвэр, олборлож, экспортлодог 14 компани гээд улсад данслагдах 20 гаруй, нийлээд 1000 гаруй аж ахуйн нэгж ажиллаж  байна.  

Дээр нь Бор-Өндөрийг удаалах баяжуулах үйлдвэр, акумлятор, ган бөмбөлөг, нефть боловсруулах гээд ирэх гурван жил дотор үүдээ нээх  үйлдвэрүүд хэдийнэ тодорхой болж.    

“Ийм жишээгээр бүс нутгийн онцлог, эрэлт хэрэгцээ, дэд бүтцээ дагаад Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор аяндаа бий болж байгааг  Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин ийн ярилаа.

    

Хойд, урд хоёр гүрнийг холбосон төмөр зам, хатуу хучилттай замтай, урд хөрш рүү гарах хилийн том боомтуудтай, хайлуур жонш, зэс молибден, чулуун нүүрс, төмөр, барилгын материал гээд байгалийн баялаг арвин  гээд Монголын үүд аймаг Дорноговьд онцлог, давуу тал олон.  Үүний үр нөлөөгөөр Дорноговь руу хөврөх хөрөнгө оруулагчдын цуваа сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй нь ажиглагдлаа.     

19 компанийг нутагтаа шилжүүлж, орлогоо 4 тэрбумаар өсгөв

Улаанбаатарын харьяаны компаниудыг аймагтаа шилжүүлж, бүртгэснээр орон нутагт төвлөрөх орлогыг 4 тэрбум 800 сая төгрөгөөр нэмэгдүүлж, ажлын байрыг дорвитой өсгөж чадлаа гэсэн Дорноговь аймгийн мэдээ эрхгүй анхаарал татлаа.  

Тус аймгийн удирдлагууд орон нутгийг хөгжүүлэх нэг гол арга нь аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчидтай хуулийн хүрээнд ойлголцож, хамтран ажиллах явдал гэж үзжээ.  Дорноговь аймгийн Засаг дарга гурав дахь жилдээ аж ахуйн нэгжүүдтэй “Нийгмийн хариуцлагын гэрээ” байгуулж, тэдэнд нутгийн иргэдийг ажлаар хангахаас эхлээд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхлэх зэрэг 5 чиглэлд үүрэг хүлээлгэсэн байна. Өнгөрсөн онд нийтдээ 52 аж ахуйн нэгжтэй ийм гэрээ байгуулж ажилласнаар Хүн амын орлогын албан татвар, автотээврийн татваруудыг орон нутагт төвлөрүүлж чадсан байна. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин:

Дорноговь аймагт энэ онд нийтдээ 7 цэцэрлэг, 1 сургууль, 2 дотуур байр, 3 эмнэлэг,  мөн өнгөрсөн жил эхэлсэн Замын-Үүд, Сайншанд хот дахь “Мандах наран” орон сууцны хоёрдугаар ээлж,  3D кино театр, Усан спорт, сургалтын төв зэрэг барилга байгууламж ашиглалтад орох нь. 

 

Дээр нь Эрүүл мэндийн төв, Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн,  50 ортой төрөх эмнэлэг болон эмнэлгийн авто зам, зогсоол гээд  саяхан шавыг нь тавьсан ажлууд ч олон байна. Улсаас Дорноговьчуудад зориулж ийм хөрөнгө гаргажээ гэж бодвол дэгсдэх нь. Өнөөдрийг хүртэл улсаас   ганцхан жилд ийм хэмжээний хөрөнгийг нэг ч аймагт төсөвлөж байсангүй.    

Өмнөговь, Сэлэнгийнхэн туршлага судлав 

Харин Дорноговьчууд эдгээр ажлын олонхийг хувийн хэвшлийн санал санаачилга, үүрэг хариуцлага дээр дөрөөлөн хийдэг байх нь. Сум хөгжүүлэх хандив, наадам цэнгээний тусламж зэрэг татвар төлөгч, орон нутгийн удирдлагуудын албан бусаар өгч, авалцдаг үйлдлийг  албажуулж, “Их Дорноговь” хөгжлийн санд зангиджээ. Тус сангийн хөрөнгө оруулагчдын төлөөлөл бүхий ТУЗ нь аймаг, сумын хамгийн тулгамдсан асуудлыг шийдэх төсөл  хөтөлбөрийг сонгон хэлэлцэж, хөрөнгө оруулалтаа шийддэг байна.  

Ингэж хандивын зарцуулалтад төрийн төлөөлөл оролцохоо байснаар олон нийтийн хардлага, хандивын үрэлгэн зарцуулалт зэргийг халж чаджээ. Тэдний энэ  аргаас  Өмнөговь, Сэлэнгэ аймаг суралцаж  эхэлсэн гэж аймгийн удирдлага ярилаа.

 

Биднийг Дорноговь аймагт ажиллах үеэр  "Цайрт минерал” ХХК Сайншанд суманд “Гэр бүлийн талбай” байгуулж өгөхөөр тууз хайчилж байв. Энэ тухайгаа тус компанийн ерөнхий захирал С.Батхүү танилцуулахдаа түүхий эдээ энэ аймгийн нутгаар тээвэрлэж, экспортлодог. Тиймээс  нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой үүрэг хүлээж ажилладаг гэж байлаа.

  

Ийм байдлаар  Дорноговь аймагт  энэ онд гадаад, дотоодоос нийтдээ  1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулах тооцоо гарчээ.  

Цементийн үйлдвэрийн хятад ажилчид буцжээ

Одоо харин тус аймагт ажилладаг Монголын цементийн 40 гаруй хувийг хангах хүчин чадалтай  “Монцемент” үйлдвэрээр оръё.

2012-2016 онд гаднаас авсан их зээл хэн нэгний халаас руу орж, цаасан дээрх бүхий л төсөл хөтөлбөрүүд үлгэр болоод өнгөрсөн тухай зарим нь улс төржүүлдэг. Тэгвэл үүнийг үгүйсгэх нэг жишээ нь, 2015 онд  үүдээ нээсэн "Монполимент" компанийн “Монцемент” үйлдвэр.  Мөн  тус аймагт өнгөрсөн жил ашиглалтад орсон "МАК" компанийн "Хөх цавын цементийн үйлдвэр"-ийг ч нэмж хэлж болно.

Биднийг "Монцемент" үйлдвэрийн босго алхахад үйлдвэрийн хамт олны Ч.Сайханбилиг Ерөнхий сайдтай цуг авахуулсан томоос том зураг Хөгжлийн банкны нэг зээлийн эзэн нь бид мөн гэлтэй угтав.  

Евро технологи, стандартаар урван төрлийн цемент  гаргадаг тус үйлдвэр 340 гаруй ажилтантай. Тэдний 70 хувь нь Дорноговийн нутгийнхан. Төсөл хэрэгжүүлэгчид 150-аас дээш жил ажиллах энэ үйлдвэрийн ажиллагсад  нүүдлийн шувуу шиг амьдрах ёсгүй гэсэн бодлого барьж, хотхон байгуулахаар эхний ээлжинд 220 айлын орон сууц, цэцэрлэг, спортын танхим, үйлчилгээний төвийг ашиглалтад оруулжээ. “Энэ бол үндэсний үйлдвэрлэгчдийн Монголоо, монгол хүнээ гэсэн бодлого” хэмээсэн нь  эрхгүй анхаарал татав.    

Монгол залуусаа сургаж, дадлагжуулсны үр дүнд гадны 70 гаруй мэргэжилтнийг 5 дахин цөөлсөн. Одоо 12 хятад мэргэжилтэн ажиллаж байна.  Үйлдвэр хэрэглэсэн усныхаа 90 хувийг буцааж ашигладаг, цахилгаанаа үйлдвэрлэдэг” гэсээр "Монцемент" үйлдвэрийн танилцуулга эхлэв.  Үйлдвэр эрхэлсэн менежер Ч.Чойжилсүрэн:

 

Тус бүртээ нэг сая тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай "Монполимет", "МАК" компанийн цементийн үйлдвэрүүд Дорноговь аймагт ийн ажиллаж байна. Мөн Сэлэнгэ, Төв аймаг ч цементийн үйлдвэртэй. Гэсэн ч үйлдвэрийн хүчин чадал нь зарим хүмүүсийн  ярьдаг шиг  дотоодын хэрэгцээг хэт даваагүй гэж тэд мэдэгдлээ.  “Монгол Улсын цементийн өнөөдрийн  хэрэглээ 2 сая тн хэдийнэ гарчихаад байна. Бид алсаа харах ёстой” гэж  "Монцемент" үйлдвэрийн  удирдлагууд  хэлнэ лээ.  

Замын-Үүдийн асуудал Монгол Улсынх

Төрийн хийж хэрэгжүүлж чадаагүй “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” хувийн хэвшлийнхний хөрөнгөөр Дорноговь аймагт ийн бага багаар босч эхэлжээ. 

Магадгүй бусдын юм илүү, бусдад боломж бүр их байдаг тэр л үзлээр Дорноговьчуудыг харах нэгэн бий байх. Гэсэн ч тэдэнд  байхгүй боломж, санаа, туршлага бусад аймагт бий гэдгийг санахад илүүдэхгүй. Тиймээс ч бие биенийхээ сайн туршлага, зөв үйл хэргээс санаа авч, суралцах нь  бидний хөгжлийн бас нэг гарц болов уу.

Өнөөдөр Дорноговь аймагт усны нөөц, хангамж, Замын-Үүдийн төвлөрөл гээд хүч нөөц, эрх мэдлээс нь давсан “шүдний өвчин” үүд бас л бий.  Монгол Улсын нийт худалдааны 60 шахам хувь нь дамжин өнгөрдөг, хүн ам нь 50 хувиар механикаар өсөөд байгаа Замын-Үүдийн хөгжилд улс онцгой анхаармаар байна хэмээн Дорноговь аймгийн удирдлагууд учирласан. Засаг дарга Т.Энхтүвшиний яриаг хүргээд нийтлэлээ өндөрлөе.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Хөрөнгө оруулагчдын босгож буй "Сайншанд цогцолбор"   
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй