Шууд Chart

Хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг...

2018-05-09 12:13:04

-“10 тогтоол дамнаж, 8 жил хүлээлгэсэн хувьцаа амилах уу” нэвтрүүлгийн хоёр дахь дугаар-

Үнэт цаасны салбарт цахимаар үйлчилнэ гэдэг мөрөөдөл хэвээр байна

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн  /“ЭТТ”/  хувьцаагаа эзэмшиж, арилжаалж ашиг хүртэх  цаг ойртлоо гэсэн чинь бас л нэг саад гарах нь. Брокер диллерийн компани сум сууринд байдаггүй учир хөдөөгийнхөн заавал аймгийн төв, эсвэл Улаанбаатар орох хэрэг гарч байна. Данс нээлгэх компаниа сонгох тухай энд яриад ч хэрэггүй нь.

Цахимаар бүртгүүлж, үйлчилгээ авах тухай яриа үнэт цаасны үйлчилгээнд мөрөөдөл хэвээр. Ядаж хууль, журамдаа хүртэл хувьцаатай холбоотой  гүйлгээг заавал биеэр очиж  хийлгэж байхаар  заасан байх юм. Гэтэл  үнэт цаасны брокер диллерийн 50 орчим компанийн ихэнх нь  хот, аймгийн төвд үйл ажиллагаа  эрхэлдэг.   

“Энэ байдлыг өөрчлөхөөр  саналаа нэгтгэж байна. Гэхдээ брокерийн компаниуд банкууд шиг санхүүгийн чадваргүй учраас хүнд”  гэсэн хариултыг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр өглөө.

Одоо харин Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн төвийн /ҮЦТТХТ/ байр суурийг хүргэе. Тус төвийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва:

Өнөөдөр бид тив алгасан Торонто, Лондонгийн биржийн  арилжаанд  цахимаар оролцож, дуртай хувьцаагаа худалдан авч болдог болсон. Мөн аль ч банкны гүйлгээг цахимаар гар утаснаасаа гүйцэтгэж байна.  Гэтэл Монголын үнэт цаасны зах зээл  ийм л байдалтай байна.

 Ямар сайндаа иргэдийн нэр дээр ЭТТ-н хувьцааны данс нээх ажлыг бүх суманд салбартай банкаар  хийлгэх санаа  төрийн нөхдөд төрж байхав.   2016 оны сонгуулийн өмнө 1072 хувьцааны  30 хувийг төрд  худалдах  “Сайн хувьцаа”  нэртэй  ажлыг яг ингэж арилжааны банкуудаар дамжуулан хийж байлаа. Нэг хүнд хүргэсэн үйлчилгээнийхээ хөлсөнд банкуудын авсан шимтгэл хураамжийг тооцвол чадан ядан ажиллаж байгаа брокерийн компаниудыг хөөрхөн санхүүжүүлчих л хөрөнгө байсан болов уу.

Бүх шимтгэлийн 80 хувийг төр авдаг гэв

Дээрх мэдээллээс үүдэн өнгөрсөн 20 гаруй жилд брокер диллерийн компаниуд хөл дээрээ тогтож, бааз сууриа өргөжүүлж чадаагүй шалтгааныг зарим нь лавлаж болох юм. Энэ тухай тодруулахад үйлчилгээний шимтгэл хураамжийн ихэнхи нь  төрд очдог, үнэт цаасны зах зээлд татварын хатуу бодлого хэрэгждэг нь  хөрөнгийн зах зээл  хөгжиж эхэлж буй энэ жижиг зах зээлд  чөдөр тушаа  болсоор ирснийг  Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга  Б.Өлзийбаяр мэдэгдлээ.

Түүний тайлбарласнаар брокерын компаниуд арилжаанд оролцогчдын бонд, хувьцааны гүйлгээ бүрээс 2 хувийн шимтгэл авдаг. Гэвч тухайн шимтгэлийн  40 хувь нь Монголын хөрөнгийн бирж, 24 хувь нь Арилжааны төлбөр тооцооны газар, 10 хувь нь Санхүүгийн зохицуулах хороонд зохицуулалтын үйлчилгээний шимтгэл болж очдог байна. Ийм байдлаар нийт хураамжийн 80 хувь нь төрийн өмчийн байгууллагууд руу ордог.  Гэтэл  бусад улс  оронд  эсрэг журам хэрэгждэг  гэлээ. Харин татварын тухайд:


563 мянган иргэн дансаа нээлгээд байна

Өнөөдрийн байдлаар ЭТТ компанийн  хувьцааг эзэмшиж байгаа 2 сая 897 мянган иргэний гуравны нэгээс бага /563 280 иргэн / хувь нь ҮЦТХТ-д дансаа нээлгээд байна. Энэ нь ч дээр хэлсэн шалтгаан нөхцөлтэй нэг талаар холбоотой байж болох  юм.

“ЭТТ” компани төлөвлөсөн  ёсоор  хувьцаагаа бүртгэлжүүлж, хөрөнгийн зах зээлд гаргахад дансаа нээлгэсэн иргэд  л арилжаанд оролцох эрхтэй  болох юм. ҮЦТТХТ-ийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва:

Нөгөө талд хоёр жилийн өмнөх “Сайн хувьцаа” аянаар ЭТТ компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн гуравны хоёроос илүү хувь нь буюу 1 сая 900 мянган иргэн  хувьцаагаа  зарха шийдвэр гаргаж, өргөдлөө өгсөн байдаг.  Нэг талаар төрийн эргэж буцдаг шийдвэрээс эмээсэн хэрэг ч нөгөө талд дэлхийд дээгүүр орох орд уурхайн ирээдүйн үр өгөөж, үнэт цаасны ач холбогдлыг сайн мэдэхгүй, мэдээлэл хаалттай байсантай холбоотой болов уу гэж зарим нь таамагладаг. Тэгвэл өнөөдөр хувьцаа эзэмшигчдэд  ингэж яарахгүй байхыг  зарим нь сануулж байна. Хэдийгээр  ЭТТ-н хувьцаа  Хөрөнгийн бирж дээр гарч арилжаанд ороогүй ч одооноос ярьж мэдээлж байхад илүүдэхгүй болов уу. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр:

УИХ шийдвэр гаргаснаас хойш 1 жилийн дараа  2011 онд Засгийн газар “ЭТТ” компанийн энгийн хувьцааг  иргэдэд  эзэмшүүлэх  тогтоол  гаргаж, тухайн иргэдийн тоог  2014 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөр хязгаарласан байдаг. Гэхдээ өнгөрсөн 7 жил хагасын хугацаанд  ЭТТ компани хувьцааг бүртгэлжүүлж, албажуулаагүй болохоор    хэн ч бүтэн утгаар нь   эзэмшиж, бас ашиг хүртээгүй  гэсэн үг.

Ингэж төрийн шийдвэр хэрэгжих гэж дунших зуур эрхээ эдэлж чадаагүй нас барсан иргэдийн тухай  ярилгүй өнгөрч боломгүй. ҮЦТТХТ-өөс энэ талаар тодруулахад 2016 он хүртэлх  хугацаанд нас барсан иргэдийн тоо л бий гэсэн хариулт өглөө.  Хэрэв  төр цаасан дээрхи шийдвэрээ  амьдралд дээр яг таг мөрдсөн бол тэд  “хоосон буцахгүй” л байлаа.

Үнэгүй тараасан хувьцааны үнэ цэнэ

Намын сонгуулийн шоу, амлалтаас үүдэн Монгол Улсын төр иргэддээ орд уурхайгаас шууд хэлбэрээр ашиг хүртэх хоёр удаагийн шийдвэр гаргасан.  Эхнийх нь Монгол Улсын иргэн бүрт 1сая 500 мянган төгрөгийг Хятадын компаниас хүүтэй зээлж авч тараагаад  дууссан. Таван толгойн ордын нүүрсийг бүтэн 5 жил зөөж байж,  өнгөрсөн жил энэ өрийг дарж дууссаныг та бид мэднэ.  Харин дараагийнх нь “ЭТТ” компанийн нийт хувьцааны 20 хувь буюу 3 тэрбум ширхэг хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх шийдвэр.

 Иргэдэд ямар ч өртөггүй  очиж байгаа гэдгээрээ  өмнөх хувь хишгээс нэг их ялгарахгүй. Харин  үнэт цаас  хэлбэрээрээ  нийгэмд, иргэдэд өгөх өгөөж нь өмнөхөөс эрс ялгаатай гэсэн зарим нөхдийн  тайлбарыг үгүйсгэх аргагүй.  Ялангуяа  санхүүгийн зах зээлээ банкны салбарт даатгасан монголчуудын тухайд хөрөнгийн зах зээлээ босгоход том түлхэц болно  хэмээн энэ салбарт ажиллагсад  итгэж, хүлээж буй.  Нөгөө талд  хөрөнгийн зах зээл рүү  монголчуудын  анхаарлыг татаж, татан оролцуулж байгаагаараа энэ салбарыг ойлгож   мэдэхэд,  үнэ өртөггүй  тараасан хувьцааны  үнэ цэнэ оршино ч гэж үзэж байна.       

“ЭТТ” компанийн хувьцааг  эзэмшигчдийн нэр дээр баталгаажуулж, ҮЦТТХТ-д бүртгүүлснээр  иргэн та бид “ЭТТ” ХК-ийн албан ёсны хувьцаа эзэмшигч болох юм.  Ирэх 9-р  сард тухайн ажлыг  цэгцэлж, ЭТТ-г анхдагч зах зээлд гаргах боломжтой болно гэж тус компанийн удирдлагууд мэдэгдээд буй. Тэдний  мэдээлэл бодитой бол Таван толгойн ордоос иргэдэд хувьцаагаар дамжуулан хувь хүртээх гэсэн  төрийн шийдвэр 8 жилийн дараа, 10-аад тогтоол  гарч байж хэрэгжиж байна гэсэн үг.  Харин үүнд  хөрөнгийн зах зээл өөрөө бэлэн үү гэсэн асуултад хариу хайхад ийм байна. 

Нэвтрүүлгийг ЭНД дарж сонсох боломжтой.

Үргэлжлэл бий...

Нийтэлсэн: Д.Даваадулам

Хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг...   
Үзсэн: 470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй