Шууд Chart

Ц.Мөнхбаяр: Мөнгөний бодлогын хамтын шийдвэр төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлнэ

2018-05-11 10:21:13

Монголбанкны мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн Ц.Мөнхбаяртай ярилцлаа. 

-Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр томилогдсон. Та өмнө нь Мөнгөний бодлогын зөвлөлд байсан. Тэгэхээр хороо гэх нэртэй болж, бүтэц өөрчлөгдөж байгаа. Үүний гол ялгаа нь юу вэ?

-Төв банкны тухай хуульд зарим нэмэлт, өөрчлөлт орж, дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдсөн.. Энэ хуулинд орсон зарчмын нэг өөрчлөлт нь бодлогын шийдвэр гаргах үйл явц өөрчлөгдсөн. Өмнө нь Монголбанкны ерөнхийлөгч  шийдвэрийг гаргадаг байсан. Мөнгөний бодлогын зөвлөл гэж байсан ч ерөнхийдөө зөвлөмж өгөх маягтай явдаг байсан. Одоо шийдвэрийг хорооны 7 гишүүн хамтын шийдвэрээр гаргана.. Тэгэхээр шийдвэр гаргалтын хувьд зарчмын маш том өөрчлөлт юм.

-Хамтын шийдвэр гэхээр мөнгөний бодлогын хороонд ажиллаж байгаа хүмүүс бүгд адил тэнцүү саналын эрхтэй гэсэн үг үү?

-Тийм. Мөнгөний бодлогын хороо хуралдаад, шийдвэрээ олонхийн саналаар гаргана. Монголбанкны Ерөнхийлөгч тэр шийдвэрийг гарын үсэг зурж баталгаажуулахаар хуульд өөрчлөлт орсон байгаа.

-Мөнгөний бодлогын хорооны гишүүдийг Их хурлаас томилсноор гишүүд хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа. Гэхдээ үүний нөгөө талд Их хурлаас томилогдож байгаа учраас ямар нэгэн байдлаар нам, улс төрийн нөлөө мөнгөний бодлогын шийдвэрт орох вий гэх болгоомжлол бий. Тэгэхээр үүнээс хамгаалах хамгаалалт байна уу? 

-Төв банкны тухай хуулинд төв банкны зорилгыг тодорхой зааж өгсөн. Зорилго бол инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах. Энэ зорилгыг биелүүлэх арга хэрэгслийн хувьд төв банкны хараат бус байдал хадгалагдсан хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн зорилгод хүрэхийн тулд ямар арга хэрэгслийг ашиглах вэ гэдэг бие даасан байдал нь хуулиар хамгаалагдсан. Тэгэхээр хараат бус байдал гэдгийг хэн томилогдсон гэхээсээ илүүтэй бодлогын хэрэгслийг сонгох, үйл ажиллагаа явуулах хараат бус байдал хэр хангагдсан бэ гэдгээр хэмжих нь зүйтэй. Түүнчлэн шинэ хуулиар төв банкны Засгийн газартай харилцах харилцааг илүү тодорхой болгож, нарийвчилсан. Энэ утгаараа шинэ хууль төв банкны хараат бус байдлыг сайжруулсан. Их хурлаас томилогдох тухайд угаасаа Ерөнхийлөгч нар ч бас Их хурлаас л томилогдож байгаа шүү дээ. 

-Тэгэхээр Их хурлаас томилогдсон ч гэсэн ямар нэгэн нам, эсвэл бүлгийн ашиг сонирхол орох боломж нь хязгаарлагдмал гэж болох нь? 

-Хамгийн чухал нь төв банкны зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл хуулиар хамгаалагдсан. Ер нь улс төрийн нөлөө гэхээр Засгийн газар талаасаа л илүү орж ирэх магадлалтай байдаг.  Тэгвэл шинэ хуулиар төв банкны Засгийн газартай харилцах харилцаааг илүү тодорхой зохицуулж, хязгаарласан. Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар санхүүжүүлэхгүй. Тийм учраас төв банкны хараат бус, бие даасан байдал илүү дээшилсэн.

-Яг мөнгөний бодлогын хорооны энэ бүтэц төв банкны үйл ажиллагаанд ямар дэвшил авчрах бол. Ерөнхийдөө хамтын шийдвэр гаргана гэдгийг та хэлж байна. Үүнээс гадна төв банкны бие даасан, хараат бус байдал, мөн үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлд ямар өөрчлөлт авчрах бол?

-Өмнөх мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүд саналын эрхгүй байсан бол одоогийн томилогдож байгаа гишүүд саналын эрхтэй гэдгээрээ зарчмын өөрчлөлт. Шийдвэр гаргалтын хувьд өөр түвшинд очиж байна. Тийм учраас мөнгөний бодлогын шийдвэр илүү үр дүнтэй байхад чухал нөлөө үзүүлэх болов уу.

-Мөнгөний бодлогын хорооны гишүүдийг Их хурлаас зургаан жилийн хугацаатайгаар томилж байгаа. Гэхдээ хорооны гишүүдийг сонгуулийн мөчлөгөөр сольж, өөрчлөхгүй гэх баталгаа байна уу? 

- Орон тооны бус гишүүдийг томилох шалгуур, чөлөөлөх үндэслэл аль алиныг нь шинээр оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тодорхой заасан. Иймд хуулийн дагуу асуудал шийдэгдэнэ.

-Шинэ хуулиар төв банк хяналт, шалгалтын хороотой болж байгаа. Та өмнө нь төв банкинд ажиллаж байсны хувьд үүний давуу тал, ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Төв банкны үүрэг инфляциас гадна санхүүгийн тогтвортой байдлыг хангах. Санхүүгийн тогтвортой байдал хангагдаж байж, эдийн засагт байгаа санхүүгийн нөөц үр ашигтай хуваарилагдана. Санхүүгийн нөөц үр ашигтай хуваарилагдсанаар эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулна. Яг энэ функц зөв ажиллахгүй бол эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэдэг хэцүү. Төв банкны үүрэг бол санхүүгийн тогтвортой байдал буюу банкны системийн тогтвортой байдлыг хадгалах. Хяналт, шалгалтын хороотой болж байгаа нь төв банк энэ асуудалд илүү өндөр түвшинд ач холбогдол өгч байгаагийн илрэл болов уу гэж ойлгож байна.

-Ярилцсанд баярлалаа.    


Ц.Мөнхбаяр: Мөнгөний бодлогын хамтын шийдвэр төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлнэ  
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй