Шууд Chart

Баруун болон төвийн бүсд алт худалдан авах нэг цэгийн үйлчилгээ байгуулахаар ажиллаад эхэлсэн

2018-05-12 11:33:16

Монголбанкны алт худалдан авалт болон алтны салбарын зарим асуудлын талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.

Монголбанкны аж ахуйн нэгж, иргэдээс худалдан авсан алт гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг шүү дээ.  Иймээс та, юуны өмнө  манай уншигчдад Монголбанкны алт худалдан авалтын талаар сүүлийн үеийн товч мэдээллээс хуваалцана уу?

Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан алтны хэмжээ 2017 онд түүхэн дээд хэмжээндээ буюу 20 тоннд хүрсэн. Энэ нь гадаад валютын нөөцийг 750 орчим сая ам.доллараар нэмэгдүүлж, 2017 оны эцэст 3 тэрбум ам.долларт хүргэхэд голлох нөлөө үзүүлсэн. 2018 оны эхний 4 сарын байдлаар Монголбанк нийт 3.3 тонн алт худалдан аваад байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 8.5%-иар өссөн үзүүлэлт юм. Монголбанкны хувьд өнгөрсөн онд гаргасан амжилтаа 2018 онд ахиулан биелүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүний тулд алт олборлогч компани, бичил уурхай эрхлэгчдэд Монголбанкинд алтаа худалдахад илүү хялбар болгох, сорьц тогтоолгох шат дамжлагыг бууруулах зорилгоор Стандарт хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар болон  Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран Дархан-Уул, Баянхонгор аймгуудад “Үнэт металлын сорьцын лаборатори” байгуулах, ингэснээр эдгээр аймгууд дахь Монголбанкны хэлтэс, салбараар дамжуулан алт худалдан авах “Нэг цэгийн үйл ажиллагаа”-г эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн түүнчлэн Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс алтыг дотоодын зах зээл дээрх хамгийн өндөр үнээр буюу Лондонгийн үнэт металлын биржийн үнээс цэвэршүүлэлтийн зардал болох 2 ам.долларыг хассантай тэнцүү үнээр худалдан авч байна.

Одоогоор Монголбанк худалдан авсан алтаа гадаадын үйлдвэрүүдэд цэвэршүүлж байгаа. Харин Засгийн газар дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах тухай яригдаж байна. Монголбанк энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

Төв банкны тухай хуульд заасны дагуу Монголбанкны эзэмшил дэх гадаадын банк, санхүүгийн байгууллагад хадгалж буй мөнгөжсөн алтыг гадаад валютын улсын нөөцөд тооцдог. Иймд Монголбанк дотоодын алт олборлогчдоос худалдан авсан алтыг олон улсын стандарт шаардлагад хүргэн цэвэршүүлж, биет болон биет бус хэлбэрээр гадаадын Төв банк, зэрэглэл өндөртэй банк, санхүүгийн байгууллагуудад хадгалдаг. Мөн түүнчлэн нөөцийн хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын бодлогын хүрээнд мөнгөжсөн алтны тодорхой хэсгийг олон улсын зах зээлд арилжаалдаг. Олон улсын стандарт шаардлагыг хангаагүй буюу Лондонгийн үнэт металлын биржийн баталгаагүй үйлдвэрт цэвэршүүлсэн алтыг олон улсын зах зээлд гаргаж хадгалах, зах зээлийн үнээр арилжаалах боломжгүй байдаг. Иймд Монголбанк Лондонгийн үнэт металлын биржийн шаардлагыг хангасан, “Сайн цэвэршүүлэгчийн жагсаалт”-д багтсан үйлдвэрүүдээс сонгон шалгаруулж хамтран ажилладаг. Монголбанкнаас хийсэн судалгаагаар Монгол улсад алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулсан тохиолдолд алт цэвэршүүлэлтийн өртөг нь Монголбанкны одоогийн төлж буй зардлаас 3-4 дахин нэмэгдэхээр байгаа. Мөн түүнчлэн шинээр байгуулагдсан үйлдвэр 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсны дараа “Сайн цэвэршүүлэгчийн жагсаалт”-д багтах боломжтой тул энэ хугацаанд тус үйлдвэрт цэвэршүүлсэн алтыг олон улсын зах зээлд гаргах, хадгалах, арилжаалахад ихээхэн хүндрэл учрахаар байна. Ерөнхийдөө Монголбанкны судалгаагаар Монгол улсад алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах эдийн засгийн үндэслэл харагдахгүй байгаа.  

Алт цэвэршүүлэх үйлдвэр ямар шалгууруудыг хангаж байж дээрх жагсаалтад орох боломжтой вэ?

Уг жагсаалтад багтахын тулд 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан, үүний 3-аас доошгүй жилд алт цэвэршүүлэх үйл ажиллагаа эрхэлсэн байх, 1 жилд 10 тонноос багагүй алт, 30 тонноос багагүй мөнгө цэвэршүүлсэн, үйлдвэрлэлийн биет хэмжээ 15 сая фунт стерлингээс багагүй байх болон бусад тогтоосон стандартыг хангасан байх зэрэг шалгуурыг тавьдаг. Үүнээс үзэхэд сайн цэвэршүүлэгчдийн жагсаалтад шинээр байгуулагдсан үйлдвэр хамгийн багадаа 5 жилийн дараа багтах боломжтой. Одоогоор алт цэвэршүүлэх үйл ажиллагаа явуулж буй компаниудыг харахад Сингапурын Metalor Technologies гэж компани 2013 онд байгуулагдсан ба одоогоор хараахан дээрх жагсаалтад багтаагүй л байна. Үүнээс үзэхэд уг жагсаалтад багтахын тулд 5-аас дээш жил ч шаардагдахыг үгүйсгэхгүй.

Таны ярианаас “Сайн цэвэршүүлэгчийн жагсаалт”-д багтахаас гадна дотоодын үйлдвэрт алт цэвэршүүлэх үнэ дэлхийн зах зээлийн үнээс ихгүй байх нь уг үйлдвэр тогтвортой үйл ажиллагаа явуулахад чухал гэж ойлголоо. Ер нь шинээр байгуулагдсан үйлдвэрүүдийн үнэ өртөг дэлхийн зах зээлийн жишиг үнээс хэр зөрүүтэй байдаг юм бол?

Сайн цэвэршүүлэгчийн жагсаалт”-д багтсан нийт 70 орчим үйлдвэр байдаг.  Эдгээрийн дийлэнх нь 20-150 жилийн туршлагатай компаниуд байдаг. Харин 2008-09 оны Дэлхийн санхүүгийн хямралын дараа алтны эрэлт нэмэгдэж, үүнийг дагаад алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах сонирхол ч нэмэгдэх болсон. Олон улсын туршлагаас үзэхэд шинээр байгуулагдсан үйлдвэрүүд өрсөлдөх чадвар багатай, алт цэвэршүүлэлтийн өртөг өндөртэй байдаг. Жишээлбэл Казакстан улсын “Тау-Кен Альтын” цэвэршүүлэх үйлдвэр 2013 оны сүүлээр ашиглалтанд орсон бөгөөд одоогоор 1 унци алтыг 5-6 ам.доллараар цэвэршүүлдэг. Энэ нь Монголбанкны алт цэвэршүүлэлтийн зардлаас 3-4 дахин өндөр байгаа. Анх ашиглалтанд орохдоо үнэ нь 7 ам.доллар орчим байсан. Үүнээс үзэхэд шинээр ашиглалтанд орсон үйлдвэр 5 орчим жил үйл ажиллагаа явуулсны дараа үнээ 1-2 ам.доллараар бууруулах боломжтой болж байгаа юм. Монгол улсад цэвэршүүлэх үйлдвэр байгуулахад ч энэ мэт бэрхшээлүүд тулгарна гэж харж байгаа. Аливаа үйлдвэрлэлийн нэгжийн өртөг ер нь их хэмжээгээр үйлдвэрлэх тусам буурдаг. Дэлхийн зах зээлд тэргүүлэх алт цэвэршүүлэх үйлдвэрүүд жилд 2000 тонн хүртэл алт цэвэршүүлэх хүчин чадалтай, 1900 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулсны үр дүнд 1 унци алтыг дунджаар 2 ам.доллараар цэвэршүүлдэг. Гэтэл манай улсын хувьд жилд 20 гаруй тонн алт цэвэршүүлэх асуудал яригдах тул дотоодын үйлдвэрт алт цэвэршүүлэх зардал дэлхийн хэмжээний эдгээр үйлдвэрүүдийн үнээс 3-4 дахин өндөр байхаар байна гэсэн тооцоо судалгааны үр дүнгээс гарсан байгаа.

Ер нь заавал дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах шаардлагатай эсэх дээр та ямар байр суурьтай байна вэ?

Судалгааны үр дүнгээс үзэхэд дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулснаар нэгдүгээрт, алт цэвэршүүлэлтийн зардал буурах бус харин ч өсөхөөр байна. Хоёрдугаарт, уг үйлдвэрт өндөр сорьцтой алтан гулдмай үйлдвэрлэсэн ч үйлдвэр маань “Сайн цэвэршүүлэгчийн жагсаалт”-д багттал цэвэршүүлсэн алтаа дэлхийн зах зээлийн үнээс багаар худалдана. Энэ тохиолдолд гадаад валютын албан нөөцийг бүрдүүлэх гол эх үүсвэрийн нэг болох алтны худалдан авалтаас валютын нөөцийг бүрдүүлэх боломж хумигдана.


Баруун болон төвийн бүсд алт худалдан авах нэг цэгийн үйлчилгээ байгуулахаар ажиллаад эхэлсэн  
Үзсэн: 978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй