Шууд Chart

Цэцэг бүхэн өөр өнгөтэй

2018-05-14 18:39:43

“Цэцэг бүхэн өөр өнгөтэй”. Өвөрмөц нэртэй энэхүү бичил төслийн хүрээнд тэргэнцэртэй, хөгжлийн болон тулгуур эрхтний бэрхшээлтэй өсвөр насны охид, эмэгтэйчүүдэд тохиолдож буй гол асуудлыг тодорхойлж, гарц шийдлийг хамтран олох юм. Үйл ажиллагааг эхлүүлж энэ оны 5 дугаар сарын 11-нд дээрх бүлэгт зориулсан сургалтыг нөхөн үржихүй, сэргээн засах эмчилгээ, хоол зүй сэдвээр зохион байгууллаа.

Үндэсний статистикийн газрын мэдээлснээр 2017 оны байдлаар Монгол Улсад 103 мянган иргэн хөгжлийн бэрхшээлтэй гэгддэгээс 46.320 нь эмэгтэйчүүд ажээ. Хүн тус бүрийн ард асран хамгаалагч байна гэж үзвэл тухайн гэр бүлийн эдийн засгийн нөхцөл, цаашлаад улс орны хөгжлийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх томоохон дүн харагдаж байна. Нийгмээ илүү гэрэл гэгээтэй болгож, дурдсан тоог бууруулахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өөрсдийнх нь оролцоо, манлайлал маш чухал юм. Тийм учраас төслийн санаачлагчид болох “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал” хөтөлбөрийн оролцогчид Монголын Тэргэнцэртэй иргэдийн холбоотой хамтран “Цэцэг бүхэн өөр өнгөтэй” онлайн клубийг байгуулж, үйл ажиллагааг нь чиглүүлж байна.

Дээр дурдсан зорилтот бүлгийнхэнд бодит мэдээлэл мэдлэг олгож, өөрсдөө хөгжих боломжийг нь бүрдүүлэх энэхүү үйлсийг “Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд” ТББ, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан, Интермэд эмнэлэг, Easy Diner ресторан, “Монсуль” ХХК, "Michel&Amazonka" брэнд, “Эко косметикс трэйд” ХХК, “Витафит групп” ХХК, “VegArt”, “Бурхадын зоог” “Mayara” зэрэг байгууллагууд дэмжихээр болжээ.

Эцэст нь дурдахад, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн онцлогт тохирсон хүртээмжтэй нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинет Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн 10 дугаар төвд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд зорилтот бүлгийнхэнд дүүрэг харгалзахгүй үйлчилж байна.




Цэцэг бүхэн өөр өнгөтэй  
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй