Шууд Chart

Швед улс дахь монголчууд анх удаа "Бяцхан мисс"-ийн тэмцээн зохион байгууллаа

2018-05-15 11:03:03

Шведийн Вант улсад сурч, амьдарч байгаа 5-7 насны монгол хүүхдүүдийн дунд анх удаа зохион байгуулсан “Бяцхан мисс-2018” уралдааны хаалтын гала тоглолт өнгөрөгч амралтын өдөр Стокхольм хотноо болж шилдгүүдээ тодрууллаа.

Хоёр сарын турш гурван үе шаттайгаар явагдсан уралдааны эцсийн шатанд авьяас, ухаан, гоо сайхнаараа шалгарсан 12 охин оролцож таван номинацийн миссүүд шалгарсан байна.

Асуулт хариулт, Үндэсний хувцас, гоёлын хувцас, дуу, шүлэг, авьяас гэсэн төрлүүдээр өрсөлдсөн энэ тэмцээний тусгай байрт долоон оролцогч тунан үлдсэн. Харин “Олны хайрыг татсан мисс”-ээр Анхбаярын Мишээл, “Авьяаслаг мисс”-ээр Ууганбаярын Гэрэлтуяа, “Фото Мисс”-ээр Даваанямын Амин-Эрдэнэ нар шалгарч дурсамж, тууз, ивээн тэтгэгчдийн нэрэмжит шагналыг гардан авлаа.

Уралдааны хамгийн сэтгэл догдлуулсан мөч буюу тэргүүн болон дэд миссийг зарлах мөчийг үзэгчид, эцэг эхчүүд, зохион байгуулагчид тэсэн ядан хүлээж байсан бөгөөд бүтэн гурван цаг үргэлжилсэн уралдааны алтан титмийн эзэн тодорчээ. “LITTLE MISS-2018 Stockholm”-ын дэд миссээр Мягмарболдын Марал шалгарч Мөнгөн титэм, тууз, өргөмжлөл, мөнгөн шагнал гардсан бол анхны уралдааны тэргүүн миссээр Мөнхбаярын Энэрэл тодорч Алтан титэм, "Болор цом"-ын эзэн болж өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн байна.



“LITTLE MISS-2018 Stockholm” Уралдааны ерөнхий шүүгчээр МУСТА Б.Содонбаяр, шүүгчээр “Төгс Билэгт” төвийг үүсгэн байгуулагч Л.Үзмээ, “Хос Жигүүр” төвийн орчуулагч, багш Л.Цэрэнбат, “МоD” сургалтын төвийн бүжгийн багш Б.Анар, олон улсын сэтгүүлч Х.Мөнхтогтох нар ажилласан байна.

Энэхүү уралдааны шагнал гардуулах ёслолын бас нэгэн баярт үйл явдал нь Хилийн чинадад сурч, амьдарч байгаа хүүхэд багачууддаа зориулан “СлаваФото” студи болон зохион байгуулагчдын зүгээс захиалан бүтээсэн “Хөх Монголын үрс” дууг анх удаа үзэгчдийн хүртээл болгосон явдал юм. Уг дууны үгийг АНУ-д ажиллаж амьдарч байгаа нэртэй яруу найрагч Х.Тэргэл зохиож, аяыг Монголын хүүхдийн ордоны дуулаачийн багш, хөгжмийн зохиолч С.Алтан-Уяа нар зохиосон байна. Тун удахгүй энэ сүлд дууны клипний зураг авалт, эвлүүлгийн ажил Швед улсад хийгдэж олон оронд цацагдах ажээ.

МҮОНТВ-ийн Стокхольм хот дахь сурвалжлагч Р.Хишиг-Алдар


Швед улс дахь монголчууд анх удаа "Бяцхан мисс"-ийн тэмцээн зохион байгууллаа   
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй