Шууд Chart

Баялаг сан хөмрөгтэй баруун Монголын төв музей

2018-05-15 13:29:05

Ховд аймгийн музей нь 1950 онд орон нутаг сурталчлах кабинет нэртэй 1 орон тоотой, 40 гаруй үзмэртэй анх байгуулагдаж байжээ. Байгуулагдсан цагаасаа хойш аж ахуй зохион байгуулалтын талаар улам бэхжиж, баруун Монголын ард түмэнд аймаг орон нутгаа сурталчлах ажлын хүрээ жилээс жилд өсч, 1967 онд Аймгийн орон нутаг судлалын музей, 1991 онд Аймгийн музей болон өргөжсөн бөгөөд 2011 оноос хойш өөрийн салбар музейтэй болон ажиллаж байна.

Салбар музейн талаар товч дурдвал 2008-2012 онд Ховд Аймгийн Засаг даргын санаачилсан “Оюунлаг Ховд” Хөтөлбөрийн хүрээнд Ховд Аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг угтан олон ястны “Өв соёлын хүрээлэн”-г барьж байгуулсан.

Энэхүү хүрээлэн нь холын цуутай Ховд нутагт мянга мянган жилийн турш эв найртай амьдран ирсэн олон үндэстэн ястнуудынхаа өвөрмөц ёс заншил, түүх соёлын онцлогийг харуулсан үндэсний соёлын өвийг төрөлх нутгийн зон олон ард иргэд болон гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд таниулах, ирээдүй хойчдоо өв соёлоороо бахархах, үлгэр дуурайл үзүүлэх, өвлүүлэн үлдээх соёл гэгээрлийн томоохон төв болон ажиллаж байна.

Тулгамдаж буй асуудал: Музейн барилга нь их засварт орж байгаагүй. 1980 оноос өмнө музей барилга нь халаалт, дулаан байдаггүй байсан. 1980 онд сантехникийн ажил хийгдсэн. Барилгад их засвар хийх шаардлагатай байгаа. Боловсон хүчин, орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг салбарын сайдад уламжиллаа.

Сан хөмрөг

Ховд аймгийн музейн сан хөмрөг нь 3100 гаруй үзмэртэй. Баруун Монголын олон ястны түүх соёлын хосгүй үнэт өв, үзмэрүүдээс авахуулаад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэрэмжит өрөө, өв соёлын хүрээлэн гэх мэт баялаг сан хөмрөгтэйгөөр ард иргэдэд үйлчилж байна.

”Ард Аюушийн зарга”, Н.Хүүжав, 1962 он

Манжийн үеийн эрүү шүүлт

Манжийн харгислалын үед хүний толгой авдаг байсан цаазын сэлэм

Казак дээл хувцас

Тус музей нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тохижуулж өгсөн танхимтай. Энд түүний бага наснаас Ерөнхийлөгч болох хүртэлх намтар түүх, зураг хөрөг бүхий цахим сантайгаас гадна Ерөнхийлөгчөөр сонгогдож тангараг өргөхдөө өмсч байсан дээл хувцас, тамганы хайрцаг сэлт байдаг. 

“Байтагийн тулалдаан” диаграмм. Зураач Б.Равсал, Ү.Батмөнх, Л.Дамба, Б.Дашням нарын бүтээл,  1979 он

Ховд аймгийн Булган сумын Байтагийн заставын хилийн манаанд Хаянхирваа ахлагчтай 10 хилчин 1948 оны 7 дугаар сарын 8-нд гоминданы 150 гаруй цэрэгтэй хүч тэнцвэргүй тулалдаанд орж эх орныхоо дархан хилийг баатарлагаар хамгаалжээ.

Манааны ахлагч Хаянхирваа нэг цэргээ хилээс 45 км-т орших заставт хэл хүргүүлэхээр явуулж, үлдсэн 9 цэргээ Бүдүүн Харгайтын голын аман дахь Байтаг ууланд тараан байрлуулж, тосон байлджээ.

Хүчээр давуу дайсны эсрэг гурван цагийн турш тулалдаж, Б.Тэгшээ, Б.Гиваан, Л.Даваадорж нар дайсны гол хүчийг өөр дээрээ тогтоон барьж, эцсийн сумаа дуустал байлдаж, үлдсэн ганц гранатаа тэслэн амь эрстжээ.

Байтагийн тулалдаанд гарамгай гавьяа байгуулсан Б.Тэгшээ Ховд аймгийн Чандмань сум, Б.Гиваан Увс аймгийн Өлгий сум, Л.Даваадорж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, нарыг 1948 онд Монгол Улсын Баатар цолоор нэхэн шагнажээ.

Эх сурвалж: Соёл, урлагийн газар


Баялаг сан хөмрөгтэй баруун Монголын төв музей  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.181.xxx] 2018-05-15 21:45
Elbegdorjiin neremjit tanhimiig boliochee.Hovdoos torson hamgiin tom urbagch,hamgiin ovilgogui hutguur,hamgiin hudalch hanaj tcaddaggui hulgaichiin neremjit tanhim baigaa ni utgagui yum.Hobdod huzuugui Elbegdorjoos oor ov soyol,baharhal baihgui yum gejuu.

Бидэнтэй нэгдээрэй