Шууд Chart

Мах, сүүний анхдугаар аяны хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв

2018-05-16 17:33:05

Мах, сүүний анхдугаар аяны хэрэгжилт, явц, үр дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэл хийлээ.

Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилготой анхдугаар аяны таван зорилтын хүрээнд 50 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Аяныг хэрэгжүүлж эхэлснээс хойш үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ 2017 оны урьдчилсан дүнгээр 81.2 сая литрт хүрч, өнгөрсөн онтой харьцуулахад 28 хувиар нэмэгдсэн байна.

Үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэмжээ 24.9 мянган тоннд хүрч 2.7 дахин нэмэгджээ. Тэжээл тариалалтыг нэмэгдүүлж 2017 онд 43.8 мянга га талбайд тэжээлийн таримал тариалж, 34.6 мянган га талбайгаас 36.9 мянган тонн ургац хураасан байна.

ОХУ-аас “Герефорд” үүлдийн 150 толгой, ХБНГУ-аас “Лимузин” үүлдрийн 60 толгой үхэр авсан бөгөөд эрчимжсэн аж ахуйнуудыг сайн чанарын цэвэр үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгчээр ханган ажиллахаар зорьжээ.

Малын чанарыг сайжруулах, фермийн байр засах, тэжээлийн нөөц бүрдүүлэх болон тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд нь зориулж сүүний чиглэлийн үхрийн 54 аж ахуйн нэгжид 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ.

Франц улсаас 2017 онд мах, нарийн ноосны чиглэлийн 657 толгой хонь импортолж, үржлийн аж ахуй байгуулсан байна.

Улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 107 худгийг шинээр барьж, ашиглалтад оруулжээ. Өндөр ашиг шимтэй сүү, махны чиглэлийн импортын 2662 үрээр 1331 үнээг зохиомлоор хээлтүүлж, 76.1 хувийн амжилттай байгааг сайд дурдлаа.


Мах, сүүний анхдугаар аяны хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв  
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй