Шууд Chart

Япон улс БНАСАУ-тай шууд яриа хэлэлцээ хийх боломжийг эрэлхийлж байна

2018-06-13 14:29:55

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай шууд яриа хэлэлцээ хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Харин энэ асуудалд АНУ-ын талын дэмжлэгтэйгээр хоёр орны хооронд дээд хэмжээний уулзалт хийх боломжтой хэмээн үзэж байгаагаа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэсэн байна.

Дональд Трамп өчигдөр Сингапурын Сентоза аралд дээд хэмжээний уулзалтад оролцоод Вашингтонд буцсаныхаа дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-тэй утсаар ярьсан байна. Талууд энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үр дүн, ялангуяа бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахын тулд, дайсагнасан харилцаагаа зогсооход чиглэгдсэн нааштай алхмуудыг хийх талаар Умардын талтай зөвшилцсөн тухай мэдээлж байна.

Мөн Японы талаас АНУ-ын Төрийн тэргүүнээр дамжуулаад хулгайлагдсан Япон иргэдийнхээ асуудлыг хөндөж ярилцсан. Ерөнхийлөгч Трампын мэдэгдэж байгаагаар ч Умардын тал энэ асуудалд ажил хэргийн түвшинд хандаж, асуудлыг нааштайгаар шийдвэрлэх тухай мэдэгдсэн байна.

Өнгөрсөн зууны 70, 80-аад онд Умард Солонгос Японы иргэдийг хулгайлж, тэднийг умардын тагнуулчдад япон хэл заах, японы зан заншил, уламжлал болон бусад шаардлагатай зүйлд сургахад ашиглаж байсан байдаг. Япон иргэдийг хулгайлсан 13 тохиолдлын талаар мэдээлэл байгаа ч хулгайлагдсан иргэдийн бодит тоо үүнээс их гэж түүхчид үздэг. Тэр үед хулгайлагдсан хүмүүс 20-30 настай байсан, хамгийн бага нь 1977 оны 11 дүгээр сард Ниигата хотоос хулгайлагдсан Мэгуми Ёкотэ байжээ.

Тухайн үед тэрээр 13 настай байсан байна. 2014 онд талуудын хооронд хулгайлагдсан япон иргэдийн асуудлаар яриа хэлэлцээ болж, амьд сэрүүн байгаа таван иргэнийг эх оронд нь буцааж, насан өөд болсон хүмүүсийн цогцсыг Япон улсад шилжүүлэн өгч, умардууд асуудлыг дууссан гэж үздэг ч Япон улс үүнийг эсэргүүцдэг.

Пхеньян Японыг Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад саад болохын тулд япон иргэдтэй холбоотой асуудлыг хэт их дөвийлгөж байгаад буруутгадаг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс БНАСАУ-тай шууд яриа хэлэлцээ хийх боломжийг эрэлхийлж байна   
Үзсэн: 404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй