Шууд Chart

Умард Македоны Бүгд Найрамдах Улс болгож нэрээ өөрчлөхөөр тохиролцжээ

2018-06-13 14:45:10

1990-ээд онд хуучин Югославын Холбооны улс задарч, улмаар 1991 онд Бүгд Найрамдах Македон улс байгуулагдсан байдаг. Гэвч Македон улс байгуулагдсан цагаасаа хойш хөрш Грек улстай нэрийн асуудлаар маргалдсаар ирсэн юм. 27 жилийн маргааныг хоёр улсын засаг захиргаа хэлэлцэн шийдвэрлэж, Македон улс нэрээ Умард Македоны Бүгд Найрамдах Улс болгон өөрчлөхөөр шийдвэрлэлээ.

Грекчүүд өөрийн умард мужийн нэр болох Македоныг өөр улс ашиглаж байгааг, мөн газар нутгийн бүрэн эрхт байдалд халдсан хэрэг хэмээн хүчтэй эсэргүүцсээр ирсэн. Македон хэмээх нэр нь ч Грекийн түүхийн салшгүй нэг хэсэг учраас тус улсын ард иргэд эхэндээ энэ нэрийг бүр ашиглахгүй байхыг ч шаардаж байсан юм.

Грекийн Засгийн газар ч энэ үзлээс болж Македон улсыг НАТО болон Европын холбоонд элсүүлэх асуудалд эсрэг байр суурьтай хандсаар ирсэн байдаг. Мөн энэ маргааныг эцэслэхийн тулд НҮБ хоёр улсын хооронд зуучилж Македоныг хуучин Югословын Бүгд Найрамдах Македон улс хэмээн нэрлэхээр түр тохиролцоо хийж байсан байна.

Харин Грек болон хуучин Югославын Бүгд Найрамдах Улсын хооронд 25 жил үргэлжилж буй маргааныг эцэслэхийн тулд хоёр орны Засгийн газар хэлэлцээрийн ширээнд суухаар тохиролцсон. Ингээд 2017 оноос хойш улсын нэрийг өөрчлөх асуудлаар хэд хэдэн удаагийн хоёр талт хэлэлцээ хийж ирсэн.

Ингээд өчигдөр талуудын сайд нарын хэлэлцээгээр Македон улс нэрэндээ нэмэлтээр умард хэмээх үг нэмж, эцсийн байдлаар нэрийг өөрчлөхөөр шийдвэрлэлээ.

Нөгөө талаар зургаадугаар сардаа багтаан энэ асуудлыг эцэс болгохоор талууд хүчин чармайлт гаргаж байгаа нь Македон улс НАТО болон Европын холбоонд элсэх асуудлыг дахин дэвшүүлэхтэй холбоотой болж байна. Гэхдээ одоо энэ асуудлыг хоёр улсын парламент хэлэлцэж, батлах ёстой юм.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Македоны Бүгд Найрамдах Улс болгож нэрээ өөрчлөхөөр тохиролцжээ   
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй