Шууд Chart

АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2018-06-13 16:18:42

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч Жеффри Апперсоныг өнөөдөр (2018.06.13) хүлээн авч уулзлаа. "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” онол-практикийн олон улсын бага хуралд оролцож, илтгэл тавихаар ирсэн ноён Жеффри Апперсонд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж талархал илэрхийлээд Монгол Улсын шүүхийн захиргааны дээд байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөвшил, чиг хандлагыг танилцууллаа. Мөн "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” онол-практикийн олон улсын бага хурлын зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн юм.

АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч Жеффри Апперсон "Монгол Улсын шүүхийн тогтолцоог найман жил судалж байна. Дахин ирэхэд шүүхэд, шүүхийн захиргааны байгууллагад сайжирсан олон зүйл ажиглагдлаа. Энэ амжилтад нэг өдөр хүрэхгүй. Маш их дарамт, шахалт дор энэ үр дүнд хүрсэн байна. Шүүхийн захиргааны байгууллага хараат бус, хүчирхэг байх нь шүүх эрх мэдэл, улсын хөгжилд чухал ач холбогдолтой. Олон улсын жишээ үүнийг нотолдог” гэлээ.

 

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, ШХМОНХХ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Буянхишиг, ШГХХ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн нар байлцлаа.

АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч Жеффри Апперсон 1993 оноос АНУ-ын шүүхэд ажиллаж байгаа. Мөн Шүүхийн захиргааны олон улсын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Тэрбээр "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” онол-практикийн олон улсын бага хуралд "Шүүхийн захиргааны олон улсын холбооны гишүүн улсуудын туршлага, сургамж” сэдвээр илтгэл тавих юм.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй