Шууд Chart

Хорооны Ажлын хэсгүүд таван бүс тус бүрт 3-5 сургалт хийлээ

2018-06-13 17:36:29

Санхүүгийн зохицуулах хорооноос хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа  санхүүгийн байгууллага, аж ахуйн ахуйн нэгжүүдэд хууль тогтоомж таниулах, “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуульд орсон өөрчлөлт, түүний зохицуулалт, хэрэгжилтийг хангах бүтэц, нэгжийн талаар тайлбарлах, чадавхи бий болгох сургалтыг 21 аймагт амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Хорооны ажлын хэсгүүд таван бүсээр ажиллан, бүс бүрийн аймгуудад нэг бүрчлэн сургалт явуулсан юм. Тодруулбал, бүс тутамд 3-5 сургалт зохион байгуулсан  бөгөөд сургалтуудад Говийн бүсэд нийт 56, Зүүн бүсэд 63, Төвийн бүсэд 172, Хангайн бүсэд 89, Баруун бүсэд 80 хүн тус тусын санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжийг төлөөлөн хамрагдлаа.

Сургалтыг орон нутгагт ажиллаж буй Хорооны төлөөлөгчдийн оролцоо, дэмжлэгтэйгээр хийсэн нь бүсүүдэд тэр дундаа Говийн бүсэд зохион байгуулалт сайтай, оролцогчдын идэвхи өндөр байхад ихээхэн нөлөөлөв. Зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын зохицуулалттай байгууллагууд дотоод журам боловсруулахад түлхэц болохуйц илүү нарийвчилсан сургалтууд авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан бол Төвийн бүсийн хувьд Монголд мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх гэмт хэргүүд харьцангуй бага, ойлголт шинэ боловч урьдчилан сэргийлэх сургалтуудыг Хорооноос орон нутагт зохион байгуулж байгаад сайшаасан юм. Харин Хангайн бүсэд сүүлийн хоёроос гурван жил эрх олгох сургалт хийгээгүй учир даатгалын төлөөлөгчийн эрхийн хугацаа нь дуусчихсан байгууллагууд түгээмэл, тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулахын тулд тээврийн газартайгаа хуйвалддаг тухай гомдол их байгааг шалгах хүсэлтүүд цөөнгүй байв. Ажлын хэсэг Баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймагт сургалт явуулах үеэр мөн л зөвшөөрөлгүй валют арилжаа эрхлэгчид олширсон, зөвшөөрөлгүй даатгалын компаниуд олон байгаагийн зэрэгцээ шударга бус өрсөлдөөн түгээмэл байгаа талаар хөндлөө.

Зохицуулалттай байгууллагуудын дийлэнх нь мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод журамтай ч эцсийн өмчлөгч болон улс төрд нөлөө бүхий этгээдийг таньж мэдэх талаар тусгаагүй, журмын хэрэгжилтийг хариуцах ажилтан томилсон боловч тушаалыг санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлээгүй байх нь нийтлэг байв. Тиймээс цаашид энэ төрлийн дотоод журмын хэрэгжилтийг хариуцах ажилтанг томилж тушаалыг Санхүүгийн мэдээллийн алба (СМА)-нд хүргүүлэх, хариуцсан ажилтан нь ажлын тайлангаа компанийн удирдлагуудад танилцуулж ажиллахыг анхааруулсан юм.


Хорооны Ажлын хэсгүүд таван бүс тус бүрт 3-5 сургалт хийлээ  
Үзсэн: 333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй