Шууд Chart

ОХУ-Саудын Араб

2018-06-14 16:29:45

Дөрвөн жил хүлээсний эцэст бидний хүсэн хүлээсэн мөч ирж байна. Марио Гөцэгийн нэмэлт цагт оруулсан гоолоос хойш 1432 өдрийн дараа 2018 оны ДАШТ-ний нээлтийн тоглолт ОХУ болон Саудын Арабын багуудын тоглолтоор эхлэхэд бэлэн болжээ. Нээлтийн тоглолт Москва хотын Лужник цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар 23:00 цагаас харин нээлтийн үйл ажиллагаа 22:20 цагаас эхлэх ажээ. Зохион байгуулагч Оросын шигшээ баг ДАШТ-нд А хэсгийг толгойлон шуудорсон бөгөөд сүүлийн 7 нөхөрсөг тоглолтодоо хожил байгуулж чадаагүй байна. Харин Саудын Арабын шигшээ баг ОХУ-д ирэхээс өмнө 5 нөхөрсөг тоглолт хийж 2 хожил байгуулсан юм.

БАГИЙН МЭДЭЭЛЭЛ

Хоёр багийн хувьд бүрэн бүрэлдэхүүнээрээ нээлтийн тоглолтод оролцох ба ОХУ-н шигшээ багийн хувьд хамгаалалтын байрлал асуудалтай байгаа. Тэдний эхний сонголт байсан Дмитрий Комбаров болон Виктор Васин нар гэмтсэн бөгөөд 38 настай хамгаалагч Сергей Игнашивеч гараанд гарах магадлалтай байна. Эсвэл дасгалжуулагч Станислав Черчесов багаа 3 хамгаалагчтай хувилбараар тоглуулж магадгүй байна. 

Харин Саудын Арабын шигшээ баг гэмтэл авсан багийн гол тоглогч Наваф Ал-Абедгүй тоглоно. Түүний оронд Moхаммед Ал-Салави болон Mуханнад Aссири хоёрын алийг тоглуулахийг дасгалжуулагч Хуан Антонио Пицци шийднэ.

БОЛОМЖИТ ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН

ОХУ: Игор Акинфев; Mарио Фернандез, Федор Кудряшов, Сергей Игнашивеч, Юри Жирков; Роман Зобнин, Далер Кузяаев, Алан Дзагоев, Александр Самедов, Aлександр Головин; Федор Смолов

Саудын Араб: Аль-Майюф Абдулла; Усама Хавсави, Oмар Ховсави, Яссер Аль-Шахрани, Moхаммед Аль Бриек; Aбдулла Атиф, Салман Аль Фараж, Яхья Аль-Шехри, Tаисир Аль-Жассим, Салем Аль Досари; Фахад Аль-Moлад

ОПТА СТАТ

• Хоёр баг хамгийн сүүлд 1993 оны 10 сард нөхөрсөг тоглолт хийж 4:2-н харьцаатайгаар Арабууд хожжээ.

• Оросууд бие даасан улс болсноосоо хойш ДАШТ-нд 3 удаа оролцож нэг ч удаа хэсгээсээ шалгарч чадаагүй байна.

• Зохион байгуулагч орон түрүүлсэн хамгийн сүүлийн тохиолдол бол 1998 оны Франц юм. Харин 2010 оны ӨАБНУ-с бусад бүх зохион байгуулагч орны шигшээ багууд хэсгээсээ шалгарч байжээ.

• Энэ бол Саудын Арабын шигшээ багийн 5 дах Дэлхийн Аваргын тэмцээн бөгөөд тэд 2006 оноос хойш анх удаагаа оролцох гэж байна.

• Саудын Арабын шигшээ баг ДАШТ-ний сүүлийн 10 тоглолтодоо хожил авч үзээгүй. 2 тэнцээ, 8 хожигдол. Тэдний сүүлд авсан ялалт нь 1994 оны ДАШТ-нд Бельгийг 1 гоолоор хожсон юм.

• “Ногоон Шонхорууд” ДАШТ-нд хийсэн 13 тоглолтуудынхаа зөвхөн нэгд нь хаалгаа хуурай манажээ. (Саудын Араб 1:0 Бельги, 1994он)

• ДАШТ-нийг зохион байгуулагч орон нээлтийн тоглолтодоо хожигдож үзээгүй.

Өнөөдрийн тоглолт 23:00 цагаас Лужник цэнгэлдэхэд эхлэх бөгөөд Аргентины шүүгч Нестор Питана шүүн явуулна.

Нийтэлсэн: MNB Sport

ОХУ-Саудын Араб  
Үзсэн: 869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.24.xxx] 2018-06-15 07:57
Яаж нөхөж үзэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй