Шууд Chart

Д.Цэнд-Аюуш: Намайг ер нь заан цол байнга дагадаг

2018-07-06 09:38:22

Хөвсгөл аймаг олон хүчтэн төрүүлсэн нутаг. Уйлган голын гурван (Ж.Цэвээнравдан, Д.Дамдин, Ч.Бээжин) аваргаас эхлээд халхад алдартай бөх олон. Тэдний нэг нь Галт сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дамбажавын Цэнд-Аюуш билээ. Баянбууралд амьдарч буй түүнтэй ийн ярилцав.

-Манай бөхчүүд цагдаагийн байгууллагад олноор ажилладаг. Харин бөх болсон түүх нь мэдээж өөр байж таарна ...

-Тийм. Бөх, морь хоёр удмаа дагадаг гэдэг дээ. Миний бөх болох асуудал үүнтэй ижил. Аавын тал гурван үеэрээ барилддаг байсан юм билээ. Нэрлэвэл улсын харцага Довдон, түүний хүү Луузан буюу аавын аав, миний өвөө айхтар бөх байсан гэдэг. Тухайн үед шар жолооны баяр буюу шашны даншгийн наадмаар тав давж, морь, торгоор шагнуулж байсан түүх бий. Тухайн үед энэ нь том бэлэг байж. Гэхдээ тэрхүү шашны баяр ном, сударт тэмдэглэгдээгүй. Шатар ч сайн тоглодог сийрэг ухаантай хүн байсан шиг байгаа юм. Өвөөг аавын талынхан “Хүүгийн нүүдэлтэй л хүн. Хазахаас бусдыг хийдэг байсан” гэдэг.

-Та малчны хүүхэд үү?

-Тэгэлгүй яах вэ, миний үеийнхэн ихэвчлэн мал дагаж өссөн. Би дөрөвдүгээр анги төгсөөд л мал бараадсан. Мөн калебарь буух мөрөлчихөөд ан гөрөө хийхээр уул, хад хэсч гүйдэг байлаа. Өвлийн улиралд цанаар их гулгана. Харин 16-18 нас хүртлээ үхэр тэрэг хөтөлж, фермийн үнээтэй айлуудыг нүүлгэдэг байлаа. Тэр маань бөх болоход их бэлтгэл болсон шиг байгаа юм. Төд удалгүй цэргийн албанд татагдсан даа.

-Цэрэгт нэлээн барилддаг байв уу?

-Би гурван жил алба хаасан. Эхний хоёр жил ном журмаараа хаачихаад гурав дахь жилийнхээ хавар тухайн үед “Алдар” нийгэмлэг одоогоор спорт хороо болж өргөжөөд буй том байгууллагад ирж үеийнхэнтэйгээ ганц, хоёр сар бэлтгэл хийсэн. Гэхдээ би бяртай ч мэхгүй байсан болохоор эхний хэд хоног унах нь олон тохиолдоно. Харин хэд хоногийн дараа өнөө хэдийгээ хаядаг болсон шүү. Тэгж их мэрийснийхээ хүчинд 1973 оны самбо бөхийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байлаа. Тэр медаль миний урмыг их тэтгэсэн. Би самбогоор 1974-1984 он хүртэл Монгол хүнд ялагдаж үзээгүй. Үүний дотор жүдо бөхөөр долоон удаа түрүүлсэн. Тухайн үед жүдо бөх манай улсад олигтой хөгжөөгүй байсан болохоор тухайн тэмцээн нь хэдийгээр УАШТ гэж нэрлэгддэг ч хотын аваргын хэмжээнд явагддаг байсан. Харин 1977 оноос хойш жинхэнэ утгаараа улсын хэмжээнд зохиогддог болсон. Тэр үед би Германд жүдогоор гурван жил дараалан хамтарсан бэлтгэл хийхдээ нэлээн юм сурсан. Гадаадын орноос 47 медаль хүртсэн минь спортод гаргасан амжилтын тод илрэл юм.  

-Үндэсний бөхийн хувьд ярьвал ...

-1973 онд сумынхаа наадамд барилдаж, заан цол хүртсэн бол цэргээс халагдах жилээ цэргийн заан цолтой болсон. Намайг ер нь заан цол байнга дагасаар өнөөдрийг хүрлээ. Дараа жил нь буюу 1974 онд цэргийн арслан цолтой болсон. Харин тэр жилийнхээ улсын наадамд анх удаа зодоглохдоо улсын начин Лүндээг дөрвийн даваанд өвдөг шороодуулсан. Тэр сайхан хүн байна билээ. Начны даваанд дархан аварга Ж.Мөнхбатад амлуулж, хэсэг ноцолдсон. Улсын наадамд аваргын хамгийн сүүлд түрүүлсэн жил тэр л дээ. Уг нь би давчихаар байсан. Гэтэл аварга “Энэ жил би түрүүлчихмээр байна. Чи намайг битгий зовоогоод бай. Төрийн наадам чамд ганц олдох биш” гэхээр нь тахимаа өгчихсөн. Ардын хувьсгалын 60 жилийн ойн баяр наадмын долоогийн даваанд, Төв аймгийн 60 жилийн ойгоор ч мөн адил би шөвгийн дөрөвт үлдэхдээ дувуулж байсан. Тэр үед Мөөеө гуай “Би аймгийнхаа 70 жилээр ямар барилдаж чадах биш, энэ жил л түрүүлмээр байна” гэж уяраасаар байгаад туг тойрсон. Ам мэх сайтай хүн шүү дээ. Миний хувьд яах вэ гэхэд улсын начин Ж.Борд би их харамсдаг. Түүнтэй аварга 1983 оны улсын наадмын долоогийн даваанд таарч барилдахдаа мөн л ам мэхээр давсан. Уг нь Ж.Бор улсын заан цолны эрэмбэтэй байсан. Тэр жил л заан цол хүртчих байсан юм. Одоо харцага цолтойгоо мөнхөрлөө дөө, хөөрхий. Би 1975 онд улсын начин, 1981 онд улсын заан цолоо дархан аварга Д.Дамдин агсныг давж хүртсэн. Ингээд ярьсан чинь Ж.Бор бид хоёрын хачирхалтай түүх санаанд бууж байна.   

-Ямар ...

-Тэр жилийн цагаан сарын барилдааны дөрвийн даваанд Ж.Бор намайг, тавд улсын арслан М.Мөнгөнийг өвдөглүүлсэн. Гэтэл тухайн жилийн улсын наадмын тав, зургаагийн даваанд мөн л М.Мөнгөн бид хоёрыг Ж.Бор давсан. Уг нь бид хоёр түүнийг давчих юм шиг санаад байсан ч болоогүй юм. Тэгж сайхан явсан хэрнээ долоогийн даваанд дархан аварга Ж.Мөнхбат гуайд амлуулахдаа ам мэхэнд нь унасан хэрэг л дээ. Тэр цагаас хойш би үндэсний бөхөөр хичээллэж нэг их хөлс гаргаагүй.

-Самбо, жүдогоор давхар хичээллэдэг байсан болохоор боломж тааруу байв уу?

-Тийм. Би 86 кг-д барилддаг байсан. Жин хасахаас гадна гадаад, дотоодын тэмцээнд явсан байж таарна. Мөн олимпийн жил тохиовол улсын наадамд барилдуулдаггүй байлаа. Тэгж явсныхаа дараан 1990 онд Хөвсгөл аймгийнхаа цагдаагийн хэлтэс рүү шилжиж ажиллахдаа жингээ тавьсан чинь 100 гаруй кг-д хүрсэн. Нас ч 40 нэлээн гарсан хэрнээ 2000 оны эхэн үеэр гайгүй барилдсан шүү. Эргээд энэ тухай өөртөө дүгнэлт хийхэд “Би залуудаа жин хасалгүй үндэсний бөхөөр барилдсан бол илүү амжилт үзүүлэх байж” гэж боддог. Үүнийг миний үеийн үзэгч, өрсөлдөгч, дасгалжуулагчид л ойлгоно. Түүнээс биш одоогийн залуучууд “Чадахгүй байсан хэрнээ өнгөрсөн хойно нь дэмий юм ярьлаа” гэх биз.

-Цагдаагийн байгууллагад ажиллахын зэрэгцээ самбо, жүдо, үндэсний бөхөөр зэрэг хичээллэхэд хэцүү байв уу?

-Би хувьдаа өөрчлөлт хийхийг хичээдэг. Цэргээс ирсэнээс хойш хэсэг хугацаанд самбо, жүдогоор хичээллэсэн бол дараа нь үндэсний бөхөөр хүч үзэж, цагдаагийн байгууллагад хөдөлмөрлөсөн. Хүчний байгууллагад аймагтаа ажиллахдаа аймгийн аварга ажилтан, Төмөр замын цагдаагийн хэлтэст хоёр удаа түрүүлж, хоёр өрөө байраар шагнуулж байлаа. Миний бодол зорьсон ажилдаа үнэнч байх. Тэгж гэмээн амжилтад хүрнэ.

-Таны машинд яруу найргийн ном байхыг харсан. Шүлэг сонирхдог юм биш биз?

-Сүүлийн үед ном бичиж байна. Үүгээрээ өөрийгөө мөн л өөрчлөх гэсэн хэрэг. Одоогоор би яруу найраг, жүдо бөхийн арга ухаанд суралцах, байгаль орчны тухай долоон ном хэвлүүлсэн. Спорт гэдэг насны сүүдэр дагаж ир нь мохдог бол оюуны хөдөлмөр нас нэмэх тусам чанарждаг бололтой. Хэдэн жилийн өмнө гаргасан номоо одоо харахад ичмээр ч юм их байна. Тэдгээрийгээ бүлэг болгож эмхэтгээд удахгүй бооно. Гэхдээ би шүлэг бичихдээ өөрийгөө биш бөхчүүдийнхээ өмнөөс бардамнахыг хүсдэг. Зарим хүн биднийг шүлэг бичих байтугай боловсрол, ухаан муутай гэдэг шиг байгаа юм. Тиймээс би тэднийгээ өмөөрч байгаа хэрэг. Түүнчлэн би мужаан хийхээс гадна шог зураг зурдаг. Машин руу орохдоо дүүд нэг ном дурсгана аа. Харин дусгалын үгээ шинэ, хуучин аль ч үсгээр бичүүлж болно шүү.

-Монгол бичгийг та хэзээ сурав аа?

-Таван настай байхаас аав минь гэрээр заасан юм. Аав маань хуварга хүн байгаагүй ч гэртээ сан тавьчихдаг байсан.   

-Та багш нарынхаа тухай яриач?

-Энэ тухай ярих бас сайхан байна. Би цэрэгт байхдаа бусадтайгаа заримдаа барилдана. Тэр үед манай салааны дарга Сандагбазар гэж, Булган аймгийн Сайхан сумын хүн намайг харчихаад “Чиний гар арай л өвөрмөц юм. Чамайг би “Алдар” нийгэмлэг рүү авч явна” гээд хүчээр шахуу дагуулаад явж билээ. Тэр улсын наадамд хэд хэдэн удаа дөрөв давж байсан лут хүн. “Алдарт”-ын нэг өрөөнд ороход улсын начин Лүндээ гуай сууж байв. Биднийг харснаа даргаас “Та нар яах гэж яваа улс вэ” гэхэд дарга “Чамайг дарах хүн авч ирлээ” гэсэн чинь би ичсэндээ нүүр хийх газаргүй болсон. Тэгснээ Лүндээ гуай намайг “Тэгвэл чи хувцасаа тайлаад жаахан цаашаа зогсоод аль” гэдэг юм байна. Би ч яахав хэлснийх нь дагуу загвар үзүүлж байгаа аятай дороо тойрч эргээд л. Тэгж байтал өнөө хоёр чинь хоорондоо ярилцаж байгаад “Ч.Дамдиншаравыг чам руу явуулья” гэв. Тэр жил 1973 оны хавар тохиож байлаа. Харин 1974 оны улсын наадмын дөрвийн даваанд өнөө Лүндээ гуай чинь намайг амлаад зогсч байдаг байгаа. Өрсөн чинь чихэнд “Ах нь энэ жил заан цол хүртмээр байна. Чи бууж өг” гэхээр нь би “Тийм л юм бол яах гэж намайг амласан юм” гээд дайрсаар байгаад давсан. Тэр үед манай салааны даргын “Чамайг дарах хүнийг авч ирлээ” гэдэг үг санаанд бууж билээ. Үнэндээ л би дарсан юм чинь. Ч.Дамдиншарав багш намайг очиж авахдаа чөлөөт бөхөөр хэсэг хугацаанд хичээллүүлсэн. Түүний удирдлага дор надтай хамт Казахстаны уугуул, улсын харцага Бахыт, Ж.Бор нар бэлтгэл хийдэг байлаа. Дараа нь би улсын харцага Ч.Өвгөнхүү багшийн удирдлага дор самбо бөхөөр хичээллэдэг болсон. Хэдэн оны ч билээ дээ, хотын аваргын үнэмлэхүй жинд би барилдах гэсэн чинь жин маань хүрдэггүй ээ. Зургаан кг дутаад байдаг. Тэгэхээр нь зургаан литер хар цай, 20 ширхэг гөөхий идэсний эцэст түрүүлсэн. Таван минутын зайтай 500 грамын барианы шил цай, хоёр гөөхий иднэ. Тэр ч үнэхээр хэцүү ажил байна билээ шүү. Жин үзүүлэхийн өмнө гэдэс маань яг л жирэмсэн хүүхнийх шиг болсон. Дараа нь УАШТ-д оролцохын тулд мөн л тийм арга хэрэглэж байж мөнгөн медаль хүртсэн. Би нэг удаагийн гадаадын тэмцээнд явахдаа европын орнуудыг дамжиж барилдаад дөрвөн медальтай ирдэг байлаа. Тухайн үед манайхаас надтай өрсөлдөх хүн байдаггүй байсан. Ямар сайндаа улсын аварга Д.Хадбаатар, улсын харцага Ж.Бор нар намайг ялж, тэмцээнд явахын тулд янз бүрийн арга хэрэглэнэ. Тэгэхээр нь би “Та хоёр зэрэг дайрдаггүй юм бол яагаад ч барахгүй ээ” гээд шарыг нь хөдөлгөхөөр түнтийтлээ улайчихаад дайраад байна. Тэглээ ч тэд чадахгүй л дээ. Тэдгээр амжилтын ард ард ардын багш Ч.Дамдиншарав, Ч.Насантогтох, гавьяат дасгалжуулагч Ч.Машбат, Ч.Өвгөнхүү нарын минь ач их байсан. С.Хүрэлбаатар бид хоёрыг манай нутгийнхан “Манай Галтаас төрсөн хоёр улсын заан” гэхээр нь “Би яах вэ төмөр цуглуулах дуртай хүн. Харин С.Хүрэлбаатар мөнгө цуглуулдаг” гээд хэлчихдэг. С.Хүрэлбаатарыг бизнес хийдэг болохоор нь тэгж хэлж байгаа хэрэг л дээ.

-Тантай би анх удаа уулзаж байна. Та ер нь их алиа хошин зантай бололтой ...

-Тийм шүү. Надтай гудамжинд таарч хэдэн үг сольсон хүн болгон инээгээд л хоцордог. Тэгэхээр нь би “Тэд нар яагаад инээгээд байдаг юм бол. Би ярьдгаараа л ярьж байгаа даа” гэж хааяа боддог. Зарим үед ч албаар хошигнох үе бий. Ийм зан ааштай байдагтаа би өнөөдөр эрүүл, сайхан явдаг байх. Дээхнэ нэг хүн намайг “Юу хийж байна” гэхээр нь “Хийдгээ хийгээд л байна” гэсэн чинь “Эхнэр чинь” гэхээр нь “Хийлгэдгээ хийлгээд л ажил ихтэй байна” гэхээр хөхрөөд явдаг. Аав маань их алиа хүн байсан нь надад жаахан ч болтугай наалдсан бололтой.

-Тэгвэл хошин шүлэг нэлээн бичсэн биз?

-Бичсэн. Нэг шүлэг уншиж өгөх үү?

-Тэг л дээ. Дуртайяа сонсьё ...

Даруулга

Хос цагаан мээмэнд хойд, урдаас авч ирсэн

Холбож даруулах зориулалттай хятад, орос даруулга

Уран гоё хийцтэй уутан хос хэлбэртэй

Унжсан хөхийг сойсон урдаа зүүсэн үүргэвч

Эзэн хүндээ нандин эмэгтэй хүний хувцас

Эргүүлж дэгээдсэн товчтой эвтэйхэн зүүсэн даруулга

Эм хүн өмсөмтгий, эр хүн тайламтгай

Эрх хүүхэд ухамтгай, энгэр хамгаалсан даруулга

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Цэнд-Аюуш: Намайг ер нь заан цол байнга дагадаг  
Үзсэн: 1738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.229.123.xxx] 2018-07-08 13:53
Их гүймхий одоо цагаар бол.энгэр султай явдалтай нөхөр. Нэргүй билүү нэг авгайтай олон жил явалдсан даа ил тод.
Зочин [108.92.148.xxx] 2018-07-07 07:16
Amidad n dagaj daldaganaad uhsen hoino n muulah saih hunii shinj bishee. Munhbat avarga mongol delhii olimpod neree duursgasan. 6 davsan zaan7ig hir olon hun medeh vee.
Гэрч [66.181.161.xxx] 2018-07-07 06:20
Муулаад байгаа гөлөгнүүд амаа тат. Та нар Цэнд-Аюушийн хэмжээний бяр, мэх,мэдлэг боловсрол байхгүй. Би түүнтэй нэг удаа амралтанд таарч хэдхэн хоноход хүндэлж биширсэн. Монгол бичгээр сийлчихдэг, шүлэг яруу найраг бичдэг, уншдаг, хошин шогийн мэдрэмжтэй, алиа хошин зантай эгэл хүн юм билээ. Бөхийн найраа одоо ямар хэмжээнд хүрснийг та бүхэн мэдэж л байгаа. Тэр үед Цэнд-Аюуш үндэсний бөхөөс гадна жүдо, самбогийн төрлөөр тасархай байсан нь үнэн
Зочин [98.207.180.xxx] 2018-07-06 23:50
Lalaryydaa dyygyi um ynshij syr.
Зочин [99.102.47.xxx] 2018-07-06 22:34
7 dabj vzeervi zaan ih yua boh
Зочин [112.72.11.xxx] 2018-07-06 20:47
Бөхчүүдээ өмөөрч байгаад бүүр том нүхэнд унагаж дээ. Өөрийгөө ч бас. Одоо яая гэхэвдээ. Монгол бөх гэж ийм л эд. Сайн бөх байсан байхаа. Бөхөд баг клуб гэж байхгүй болохоор жалгаараа л талцахаас өөр аргагүй юм даа. Урт наслахыг ерөөе, заандаа.
Зочин [193.154.232.xxx] 2018-07-06 19:22
ungursun hoino n jahna ve dee
зочин [59.153.115.xxx] 2018-07-06 17:57
Мөеө чамаас гуйлаа гэнээ худлаа хуцваа чи
зочин [59.153.115.xxx] 2018-07-06 17:54
Найраагар л 6 давсан ш дээ хүнмэдэхгүй юм шиг л залах юмаа
Зочин [202.70.34.xxx] 2018-07-06 17:28
Шаадаг новш вэ? Бөхчүүд ерөөсөө хог шаарууд

Бидэнтэй нэгдээрэй