Шууд Chart

Хагас шигшээд шалгарсан дөрвөн баг

2018-07-09 08:31:23

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх дөхөж байна. 32 багаас шилдэг дөрвөн баг үлдээд байна. Франц, Белги, Хорват, Английн шигшээ багууд медалийн төлөө өрсөлдөнө.  

  • ФРАНЦ – БЕЛГИ (Долдугаар сарын 11-ний 02.00 цагаас)
  • ХОРВАТ -АНГЛИ (Долдугаар сарын 12-ны 02.00 цагаас)

ФРАНЦ

1998 оны дэлхийн аварга Францын шигшээ баг шөвгийн наймд Уругвайг хожин хагас шигшээд үлдлээ. Уг тоглолтын гол баатрууд Францын Рафаэль Варане, Антуан Гриззман нар байсан юм. Францчууд хэсэгтээ Австрали, Перуг хожин Данитай тэнцэн хэсгээ тэргүүлсэн. Улмаар шөвгийн 16-д дэлхийн шилдэг хөлбөмбөгч Л.Месси тэргүүтэй Аргентинийг 4:3-аар хожсон.

Од тоглогч олонтой Францын шигшээ баг аварга багуудыг төлөөлөн хагас шигшээд үлдлээ. 1998 оны дэлхийн аваргад түрүүлсэн Францын шигшээ багийн ахлагч Д.Дешам энэ удаа шигшээ багаа удирдан оролцож байна. Д.Дешам 2012 оноос хойш шигшээ багаа удирдаж байгаа бөгөөд хоёр жилийн өмнө шигшээ багаа Европын аваргын шувтрагын шатанд хүргэсэн удаатай.

Дасгалжуулагч Д.Дешамаар удирдуулсан Францын одод “Алтан цом”-д дөхсөөр байна.

БЕЛГИ

Герман, Аргентин, Португал зэрэг дэлхийн аварга болох магадлал өндөр байсан багууд эрт гэртээ харихад Бразилыг финалд хүрнэ гэсэн таамаглал гарч эхэлсэн. Шөвгийн 16-д Мексикийг гэрт нь буцаасан Бразилын шигшээ баг Белгид хожигдон буцах тийзээ захиалсан юм.

Белгийн шигшээ баг энэ дэлхийн аваргад хүчтэй баг гэдгээ харуулсаар байна. Бразилтай хийсэн тоглолтод 2:1-ээр хожсон. Белгийн Кевин де Брюйне Лукакугийн өгсөн дамжуулалтыг алдалгүй оруулснаар багаа ялалтад хүргэсэн юм. Роналдо, Мессигийн араас Неймар гэртээ харьж, од тоглогчид Орост онцгойрч чадсангүй. Харин шинэ одод төрөн гарсаар байна. Белгийн шигшээ баг 1986 онд Мексикт болсон дэлхийн аваргад дөрөвдүгээр байрт орж байсан бол энэ амжилтаа давтлаа.

Франц, Белгийн тоглолт долдугаар сарын 11-ний 02.00 цагаас болох бөгөөд хожсон нь “Алтан цом”-ын төлөө өрсөлдөнө.

ХОРВАТ

Шөвгийн 16-д Данийг хожин ОХУ-тай учраа таарсан Хорватын шигшээ багийг хүнд тоглолт хүлээж байлаа. Олон сая хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө шийдвэрлэх тоглолтыг хийж цааш эрхээ тоглох эрхээ авсан Хорватын шигшээ баг энэ дэлхийн аваргын онцлох багийн нэг юм. Уг тоглолтыг Хорватын ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович, ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев нар хүндэтгэлийн суудалд сууж үзсэн.

Тоглолтын үндсэн болон нэмэлт цаг 2:2-оор тэнцэж, торгуулийн цохилтоор ялагч тодроход хорватчууд илүү азтай байж цааш тоглох эрхээ авсан юм. Хорватын шигшээ баг 1998 онд Францад болсон дэлхийн аваргад анх оролцохдоо шууд хүрэл медаль хүртэж байжээ.

АНГЛИ

1990 оноос хойш хагас шигшээд шалгарч чадаагүй байсан хар цувралаа Английн шигшээ зогсоолоо. Шөвгийн наймд Шведийг 2:0-оор хожин Хорваттай тоглох эрхийг авсан юм.

Том багуудаас тунаж үлдсэн Английн шигшээ баг “Алтан цом”-д ойртсоор байна. Английн багийн довтлогч, багийн ахлагч Харри Кэйн зургаан гоолтойгоор энэ удаагийн дэлхийн аваргын мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа. Түүнд дэм болох олон тоглогч бий. Тиймээс Английн шигшээ баг “Алтан цом”ын төлөө өрсөлдөх эсэхийг хоёр хоногийн дараа харах юм. Англичууд ДАШТ-ий түүхэнд гурав дахь удаагаа шөвгийн дөрөвт шалгарч байна. Өмнө нь 1966, 1990 онуудад энэ шатанд хүрсэн юм.

Англи, Хорватын тоглолт долдугаар сарын 12-ны 02.00 цагаас Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болно.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хагас шигшээд шалгарсан дөрвөн баг  
Үзсэн: 347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй