Шууд Chart

Төрийн наадамд түмний манлайнууд мартагдаж, шинэ морьд хурдаллаа

2018-07-16 10:16:05

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт болдог билээ. Газар газрын шандаст хүлэг энэхүү дэнжид саатаж, эх тэнгэртээ тоосоо өргөдөг уламжлалтай.

Нас тус бүрт 200 гаруй хүлэг бүртгэгдсэнээс 50-70 орчим нь үүлдэрлэг байдал, сэрвээний өндрөөр хасагдсан бол зарим уяач тухайн бороотой өдрөөс шалтгаалж морио уралдуулаагүй юм.

Адуун сүргийн манлай азарганы уралдаанд газар газраас ирсэн 201 азарга бүртгүүлснээс 153 нь гарааны зурхайгаас эргэв. Уралдааны замд нэг хүүхэд мориноос унасан ч бэртэж гэмтээгүй. Мөн  азарга эндсэн тохиолдол гараагүй юм. Харин үүлдэрлэг байдал тохироогүй 18, нас ахиж уралдах гэсэн /хязаалан/ дөрвөн азаргыг хассан. Түүнчлэн энэ жил дөрвөн морь /дэлтэй/ азарганы уралдаанд уралдахаар орж ирснийг мал эмнэлгийнхэн тогтоож хасав.

Ийнхүү 22 кломерийн зайнаас уралдсан азарганаас дараах хүлэг айргийн тавд хурдалсан юм.

  1. Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, сумын Алдарт уяач  Баянжаргалын Баттөрийн Бидэрт хул. Уралдаанч найман настай Атарбаярын Буянжаргал  
  2. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, МУ-ын Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд халзан. Уралдаанч есөн настай Батболдын Амартүвшин.
  3. Төв аймгийн  Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор. Уралдаанч Галсандоржийн Түвшинбаяр 10 настай. 
  4. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат сумын Алдарт уяач Нэргүйн Атарбаярын зээрд. Уралдаанч 10 настай Ууганбаатарын Цэрэнбаяр.
  5. Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хүрэн. уралдаанч 11 настай Угтахбаярын Отгонбаяр.

Их насны морьдын уралдаанд 384 хүлэг бүртгүүлж, 339 нь гараанаас гарч уралдав. Үүлдэрлэг байдлаар найм, сэрвээний өндрөөр хасагдсан морь үгүй. Тавиач гэж наадам үймүүлэх шалтгаантай 24 хүүхэд авч үлдсэн юм. 

26 клометроос салхи татуулан эргэсэн уг насанд морин тоглоомонд од нь гийсэн азтай аавын хүүгийн хүлэг хурдалдаг болохоор хэн ч энэ насанд хэний хүүгийн морийг айргийн тавд багтна гэж хэлж чадахгүй.

Түрүү магнайд Төв аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, уяач Шаравын Мөнгөншагайн Залуу зээрд. Уралдаанч 11 настай Буян-Арвижихын Буянтөгс. 

Аман хүзүүнд Төв аймгийн Батсүмбэр сумын Батсайханы Саянсанаагийн хээр. Уралдаанч 13 настай Баянмөнхийн Мөнх-Эрдэнэ. 

Айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын Алдарт уяч Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан. Уралдаанч 10 настай Алтангэрэлийн Батцэнгэл. 

Айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, МУ-ын Манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн. Уралдаанч 11 настай Бэгзжавын Батболд. 

Айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хүрэн. Уралдаанч 11 настай Хишигдэмбэрэлийн Одбаяр.

Хуртай сэрүүхэн байсан ч их насны морьдын уралдааны үеэр гурван хүлэг эндсэн харамсалтай мэдээ ирсэн юм. Эндсэн морьдын нэг нь уралдааны замд харин хоёр нь барианд унасан бөгөөд мал эмнэлгийнхэн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч аварч чадсангүй.

Жил бүрийн энэ өдөр мал эмнэлгийнхэн хамгийн өндөр ачаалалтай ажилладаг бөгөөд их насны морьдын уралдааны дараа дуудлага эрс нэмэгддэг хэмээдэг. Энэ нь хамгийн хол зай туулдаг их насны морьдыг үдээс хойш уралдуулдагтай холбоотой хэмээн тайлбарладаг билээ. Өнөө жилийн тухайд их насны морьдыг 14:00 цагт гарааны зурхай руу хөдөлгөх байсан ч цагийн дараа уралдааны замд гарсан нь морьд эндэхэд нөлөөлсөн ч байж болох юм.

Наадамчин олны хийморийг улам сэргээдэг нас бол соёолон. Азарганы гараанаас уралддаг энэхүү насанд 281 морь бүртгүүлснээс үүлдэрлэг байдлаар 37, шүдээр 25, тавиач хүүхэд унасан гурав, нийт 65 соёолон хасагдаж, 197 нь гарааны зурхай руу гарав.

  1. Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Амарсанаагийн Билгүүдэйн хонгор халзан. Уралдаанч найман настай Пүрэвсүрэнгийн Пүрэвбат
  2. Завхан аймгийн Завханмандал аймгийн харьяат, уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар. Уралдаанч есөн настай Орхончимэгийн Энхбаяр
  3. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн  Ганхуягийн хээр. Уралдаанч 12 настай Даваадоржийн Пүрэв
  4. Ховд аймгийн Мянгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Загджавын Мэндсайханы хонгор. Уралдаанч 12 настай Б.Бат-Эрдэнэ
  5. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Гончигийн Хадхүүгийн хар. Уралдаанч 10 настай Лхагвасүрэнгийн Ариунболд.

Энэ насанд морио түрүүлүүлбэл тэр жилдээ өнгөтэй наадна хэмээн бэлэгшээдэг. Нэг үгээр хэлбэл цагаан сараар түрүүлсэн бөх шиг баясдаг.

Хязаалан насны морьдын уралдаанд газар газрын  345 хурдан хүлгээс 236 нь шандас шалгахаар гарааны зурхай руу гарсан билээ.

  1. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хүрэн үрээ 
  2. Монгол Улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын зээрд   
  3. Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Ядамын цоохор
  4. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач З.Шижирбатын бор халзан, 
  5. Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын халтар.

Шүдлэн насанд:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайн бор
  2. Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун
  3. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач С.Гантөмөр хул
  4. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Д.Очирсүрэнгийн хул
  5. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хээр 

Хүй долоон худгийн Монгол адууны наадам дааганы уралдаанаар өндөрлөдөг. Үүнд  261 хурдан буян бүртгүүлж, 112 нь уралдсан юм.

  • Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Нэргүйн Баярхүүгийн хүрэн. Уралдаанч 911 дугаартай, 11 настай Энхбаатарын Төгссайхан.
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуу Төмөрхүрээгийн Төрмөнхийн хүрэн. Уралдаанч 886 дугаартай, 12 настай Батжаргалын Гантөгс.
  • Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Пэлжээгийн Батбаярын хээр. Уралдаанч 164 дугаартай, долоон настай Оюуны Тэмүүжин.
  • Ховд аймгийн Мянгад сумын уугуул Батсуурийн Энхбаярын халтар. Уралдаанч 228 дугаартай, 10 настай Цэрэндоржийн Эрдэнэбаяр.
  • Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бадарчийн Норовсамбуугийн хүрэн халзан. Уралдаанч 188 дугаартай, долоон настай Адъяахүүгийн Ганхүү.

Эдгээр айрагдсан хүлгийг хархад ихэвчлэн улсын наадамд цөөхөн уралдсан болон зөвхөн аймаг сумандаа тоосоо өргөж байсан ажнайнууд байлаа. Төрийнхөө наадмыг алгасалдаггүй дархан аваргууд шиг түмний алдарт хүлгүүд нэгэн гарааны зурхайгаас эргэсэн ч айраг хүртэж чадаагүй юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Төрийн наадамд түмний манлайнууд мартагдаж, шинэ морьд хурдаллаа  
Үзсэн: 637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.92.xxx] 2018-07-30 16:18
Наадам гэж юу байдаг,наадамыг яаж хийдэг,хүн арддаа яаж ханддаг,хууль ёсыг яаж хэрэгжүүлэж хэрхэн сайхан баярладыг энэ сарын 27 -29-ний өдрүүдэд Булган аймагт болсон баяр наадамаас бүх дарга нар үлгэр аваасай,энд үнэхээр жишиг тогтоосон наадам боллоо,Булган нутгынхаа зон олонд сайн сайханыг хүсэн ерөөе,амьд явсан хүн алтан аяганаас ус уухын үлгэр энд биелэлээ олсонд баярлаж сууна, Батэрдэнэ Гарамжав нар төвд танилцуулах бизээ.

Бидэнтэй нэгдээрэй