Шууд Chart

Өөрөө хүчирхэг бай, эсвэл хүчирхэг нэгэнтэй нөхөрлө

2018-07-23 10:04:56

“Хичээл зүтгэл гаргасан хүнд боломжгүй юм гэж байдаггүй”
Македоны Александр

Трой хот руу аян дайн хийсэн тэр цагаас хойш грекчүүд байлдах чадвараа хилийн чинадад харуулалгүй уджээ. Нэг бол хоорондоо байлдаж, эсвэл Персийн довтолгооноос нутгаа хамгаалсаар хүний газар хөл тавих сэхээгүй байлаа.

Александр Персийн хаан III Дарийтай тулалдаж байгаа нь. /Неаполийн Помпейгээс олдсон Александрын мозаик. Неаполийн Үндэсний Археологийн Музей/

Гэтэл гэв гэнэт түүхийн их замаас зайдуухан байсан македончууд зэр зэвсгээ хангинуулж сүр хүчээ үзүүлснийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байсангүй.
Тун удалгүй Эллинчүүд Филипп хааны хүү Македоны Александрын удирдлага дор дэлхийг эзлэхээр их аянд мордсон юм.

Александрийн хөшөө /Британийн музейн үзмэр/

Македоны Александр афинчуудаас хөлөг онгоц өг гэж шаардахад сандран тэвдсэн ард олон цэцэн мэргэн Фокионд хандан хэрхэхийг лавлажээ. Тэгэхэд нь Фокион “Та бүхэн нэг бол өөрсдөө хүчирхэг бай. Эсвэл хүчирхэг нэгэнтэй нөхөрлө” гэж айлдсан гэдэг.

Фокионы шударга зөвлөгөө талаар болсонгүй. Аугаа Александр нэгэнтээ түүнд зуун талант зоос илгээжээ. Фокион элч нараас нь “Афины энэ олон хүний дундаас хаан яагаад заавал намайг сонгосон юм бол” гэж гайхан асуужээ. Элч түүнийг хааны хүндэтгэл хүлээн шан хүртэх ёстой шударга хүн болохыг нь тодотгоход тэрээр “Тэгвэл хаантан намайг шударга гэж үзэхээр барахгүй шударга байх боломж хайрла” гэж хэлээд тэднийг мөнгөтэй нь буцаажээ.

Идэр залуудаа Демокритийн номоос орчлон ертөнц хязгааргүй уудам гэдгийг уншаад “Гэтэл би ганцыг ч захирч амжаагүй байдаг” гэж дуу алдаж байсан Александр ээлжит байлдан дагуулалтаар Лампсакийг эзлэхээр зэхэж байлаа.

Гэтэл түүнд уран илтгэх эрдэм сургаж байсан Анаксамен багш нь төрсөн нутгаасаа дайны аюулыг зайлуулах санаатай эртний шавьдаа ханджээ. Александр багшийнхаа чухам юу гуйхаар эрснийг шууд гадарлаад “Багш минь энэ удаа таны гуйлтыг биелүүлж чадахгүй шүү” гэж ундууцан хэлэхэд Анаксамен “За, тэгвэл ашгүй дээ. Лампсакийг одоохон үнсэн товрог болгоод өгөөч” гэж гуйжээ.

Александр хэлсэн үгэндээ эзэн болж хотыг дайлаар мордолгүй буцсан гэдэг.


 Жан Батист Реньо /1818/
“Александр: Та надаас юу хүсэх вэ?
Диоген: Ганцхан нарны гэрлийг минь бүү халхлаач”

Александрын эцэг Македоны II Филипп, 13 настай ханхүүд суут гүн ухаантан Аристотель багшаар хичээл заалгадаг байжээ. Энэхүү гурван жилийн боловсролоос түүнд тун багахан мэдлэг үлдсэн мэт боловч хожим  дэлхийн дэвжээнд гарахад Аристотелийн сургаал дэм болсон нь гарцаагүй. Нэгэнтээ  Александр алдарт даяанч, гүн ухаантан Диоген дээр очжээ. Нийгмийн амьдралаас тасарч том шавар торхонд амьдардаг байсан Диогеноос Александр өөрөөс нь хүсэх зүйл байгаа эсэхийг асууж. Гэтэл Диоген “Байлгүй яахав. Чи жаахан хол зогсооч. Нарны гэрлийг хаагаад байна” гэжээ.


Энэ хариулт нь аугаа байлдан дагуулагчийг бишрүүлж “Хэрвээ би Александр байгаагүй бол Диоген байх байлаа” гэж дуу алдахад хүргэсэн гэдэг. Александр Арбел руу довтлох гэж байлаа. Тэнд нь ромчуудын эсрэг персийн их цэрэг сөрөн зогсож байсан юм. Чухам энд ялалт байгуулвал Александр хааны Ази руу довтлох аян дайн амжилттай болох эсэх нь шийдэгдэх байв.

Тулалдааны өмнөх өдөр цэргийн жанжнууд хаандаа бараалхаж “Манай цэргүүд дайны олзоо таны санд тушаалгүй өөрсдөө хуваан авахаар сэм хэлцэж байна шүү” гэхэд Александр сэргэн хөөрч “Та бүхэн надад туйлын сайхан мэдээ авчирлаа. Энэ бол дайжиж зугтъя гэсэн аймхай хулчгаруудын яриа биш, дайснаа дарах гэсэн дайчин эрсийн үг байна” гээд тулалдаандаа даруй зэхэн бэлдсэн гэдэг.

Эллинчүүдийн мэддэг бараг бүх орныг эзлэн дайснаа даран, дархан цолоо мандуулсан Александр бардамнан “Миний эзэлсэн улс орон, ард түмэн хотлоороо намайг бурхан хэмээн шүтсүгэй” гэж зарлиг буулгажээ. Афинд Македоны талыг баримтлагч Демад Ардын хуралд Александрийг 13 дахь бурханаар өргөмжлөе гэсэн саналыг дэвшүүлжээ. /Зевс тэргүүтэй Олимпийн 12 бурхан/

Афинчууд энэ саналыг эрс буруушааж түүнд 100 талантын торгууль ногдуулжээ. Энэ шийдвэрт Демад ихэд уурсаж “Та нар тэнгэрээ хайрлаж байж газраа алдав даа” гэж сануулжээ. Македоны Александр хэдийгээр эрэмгий дайчин жанжин, булаан эзлэгч байсан ч мэргэдийн сургаалийг бишрэн хүндэлдэг, аливаад ултай ханддаг нэгэн байсан юм. Зарга шүүхдээ тэрээр өрөөсөн чихээ дардаг байсан гэнэ. Учир нь зарга нэхүүлэгчдийг ч тэр сонсох ёстой билээ.

 

Тэрээр бүх цаг үеийн хамгийн их амжилт гаргасан цэргийн удирдагчийн нэг бөгөөд тулалдаанд ялагдашгүй гэгдэж байлаа. Аугаа их жанжин байлдан дагуулах явцдаа эртний грекчүүдэд мэдэгдэж байсан хуурай газрын ихэнх хэсгийг эзэлж чадав.

Александр эх газрын Грекийн ихэнх хот улсыг Македоны засаглал дор Коринфийн холбоонд нэгтгэсэн өөрийн эцэг II Филиппийг нас барсны дараа Македоны хаан ширээг авчээ. Өмнөд Грекийн хот улсуудын бослогыг дарж Македоны засаглалыг батжуулж, хойд хөршүүдийнхээ эсрэг богино боловч цус урсгасан аян дайн хийснийхээ дараа Александр зүүн зүгт Ахеменидийн Персийн эзэнт улс руу хүлгийн жолоогоо эргүүлж, улмаар эзлэн авчээ. Тэрээр цааш Анатоли, Сири, Финик, Иудей, Газа, Египт, Согд, Месопотамийг байлдан дагуулж, эзэнт улсынхаа хилийг Энэтхэгийн Панжаб хүртэл тэлжээ.

Александр улмаар Арабын хойг руу аян дайн хийж, худалдаагаа өргөжүүлж, түүнийхээ дараа армиа баруун зүгт Карфаген, Ром, Иберийн хойг руу эргүүлэхээр төлөвлөж байв. Гэхдээ түүний эхний хүсэл эрмэлзэл нь зүүн зүгт номын багш Аристотелийн ярьж байсан ертөнцийн хязгаар, гадаад далай руу чиглэж байлаа.

Александр армидаа гадаадын олон иргэдийг нэгтгэж байсан нь нэг үгээр хэлбэл, даяаршлын бодлого явуулж байсны илрэл гэж үздэг. Энхийг сахиулах цэрэг гэдэг шиг. Тэрээр мөн цэргүүдээ бусад орны иргэдтэй гэр бүл болохыг дэмжиж байсан бөгөөд өөрөө  “үлгэрлэн” харийн хоёр ч үзэсгэлэнт гүнжтэй дэр нэгтгэжээ.

 

Аугаа Александрийн нэр Египетийн дүрс бичээс дээр ийн бичигддэг байна. Энэхүү иероглифийн дурсгал Парисын Луврт хадгалагддаг ажээ. /Хойноос урагш уншигдана/

Александр 12 жилийн турш аян дайн явуулсны эцэст өвчний улмаас нас баржээ. Түүний өв соёл, байлдан дагууллын нөлөө эзлэж байсан олон улс оронд Грекийн суурьшил, соёлын нөлөөллийг олон зууны турш түгээсээр байв.

Энэ үеийг Эллиний үе гэдэг ба энэ үед Грек, Ойрхи Дорнод, Энэтхэгийн соёл хослож байсан онцлогтой. Александр өөрөө түүхэнд ул мөрөө тодоос тод үлдээж, Грек болон Грек бус соёлын домогт мөнхөрсөн ажээ. Түүний гавьяа нь Ахиллын уламжлалын домогт баатар гэж дүрсэлсэн утга зохиолын уламжлалд урам зориг өгсөн юм.

Хамгийн сонирхолтой нь эртний Монголчууд хүртэл Сулхарнай буюу хоёр эвэрт хаан гэдэг нэрээр мэддэг байжээ. Энэ нь түүнийг хоёр эвэрт дуулга өмсдөг байсныг нь гэрчилдэг.  Эртний Грекийн түүхчид ч үүнийг нотолдог.

 
Александрийн Гераклийн дүрст мөнгөн зоос. /Британийн музей/

Энэхүү мөнгөн зоосон дээр Александрийг арслангийн арьсан оройвчтой үлгэр домгийн Геракл баатар мэт бурханлиг дүрсэлжээ. Зарим зоосон дээр түүнийг Египетийн дээд шүтээн Аммон бурхан мэт эвэртэйгээр сийлсэн ч бас бий.

Түүнийг Филипп хааны хүү гэхээс илүү Гераклийн хүү мэтээр итгэн олон домог зохиосон байдаг.

 
Артемисийн сүм, Мартин Хээмскэркийн төсөөлөн зурсан чулуун бар зураг (1498-1574)

Дэлхийн долоон гайхамшгийн нэг Артемисийн сүм МЭӨ 321 оны долоодугаар сарын 21-нд Герострат хэмээх хүн түүхэнд нэрээ үлдээх зорилгоор зориуд шатааснаар алдар хүнд олохын тулд гайхамшгийг устгаж нэрээ мөнхлөхийг “Геростратын гавьяа” гэж нэрлэх болсон юм.
Эфесийнхэн бузар булай үйлдэл хийсэн түүний нэрийг түүхийн аль ч цагт дурсахыг хатуу хориглодог байсан ба хэзээ ч тэмдэглээгүй байна. Харин Грекийн түүхч Страбо үүнийг тэмдэглэн үлдээснээр өнөө үед мэдэгдсэн.

 
Артемисийн сүмийн туурь /Селкук тосгон, Эфесус, Турк/

Сонирхолтой нь сүмийг шатдаг тэр шөнө аугаа Александр хаан хорвоод мэндэлж байжээ. Плутарх эх дагина Александр хааныг төрөхөд хэт их анхаарлаа хандуулж байсан тул өөрийн сүмийг шатаахыг анзааралгүй өнгөрсөн хэмээн өгүүлсэн байдаг. Александр хаан сүүлд нь Артемисийн сүмийг дахин сэргээн байгуулахыг хүссэн ч Эфесийнхэн төдийлөн дуртай байгаагүй аж. Гэвч уг сүм МЭӨ 323 онд дахин баригдсан бөгөөд яг энэ үеэр Александр хаан нас эцэслэсэн байна. Энэ сүм хожим дахин эвдэрч сүйдсэн байдаг.  

Түүнийг таалал төгссөний дараа цэцэн цэлмэг нэгэн “Бүх дэлхий байсан ч сэтгэл нь ханадаггүй энэ хүнд одоо булшны зай л хангалттай болжээ” гэж он дарааллын хуудсанд тэмдэглэн үлдээжээ.


Өөрөө хүчирхэг бай, эсвэл хүчирхэг нэгэнтэй нөхөрлө  
Үзсэн: 2104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй