Шууд Chart

Ж.Эрдэнэболд: 2018 он цагдаагийн байгууллагын бүтээн байгуулалтын жил болж байна

2018-08-10 13:31:21

“Цагдаа” эмхтгэлийн дугаарын зочноор Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг урилаа.

-Цагдаагийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад санхүүгийн байдал чухал. Санхүү, аж ахуйн албанаас чиг үүргийнхээ хүрээнд ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн алба цагдаагийн байгууллагын хэмжээнд хийгдэж байгаа санхүүжилт, хөрөнгө оруулалт, хангамжийн үйл ажиллагааг улсын хэмжээнд хариуцан ажилладаг.  Манай албанд Цагдаагийн ерөнхий  газрын Автобааз болон Хангалт үйлчилгээний төв, “Сүүж уул” нөхөн  сэргээх амралт, сувилал  харьяалагддаг. Цагдаагийн байгууллага үндсэн чиг үүргээ  биелүүлэн, улс орныхоо аюулгүй байдлыг хангахад  манай албаны хамт олны үүрэг, оролцоо,  санал санаачилга, ажил маш чухал даа. Бид энэ ажлыг хангамж үйлчилгээ, техник тоног төхөөрөмж, машин тэрэг сайтай байж л хийнэ. Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал урьд урьдынхаас хүнд байгаа энэ цаг үед цагдаагийн байгууллага чанартай тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл, хувцас эдлэлтэйгээр үүрэг гүйцэтгэж гэмт хэрэгтэй тэмцэж чадна  шүү дээ.

Бид олон улсын цагдаа,  хууль сахиулах байгууллагын  ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, тусгай хэрэгслийг  нийлүүлэхийн төлөө ажиллаж байна. Ингэснээр иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах ажилд ахиц гарна гэж үзэж бүх талаар анхаарч, нарийн судалж, үе шаттайгаар нэвтрүүлэхээр хичээж байна. Мэдээж бүхий л  үйл ажиллагаанд мөнгө санхүүгийн асуудал чухал ч улс орны  эдийн засаг таагүй байгаа энэ үед  мөнгөөр бүгдийг шийдэх боломж бас үгүй. Тиймээс аль болох хямд өртгөөр чанартай эд зүйл авахаас гадна өөрсдийн нөөц бололцоогоор асуудлыг шийдэн  судалгаа, тооцоог нарийвчлан хийж ажиллахыг чухалчилж байна.

-2018 онд цагдаагийн байгууллагын төсөв ямар хэмжээнд байгаа вэ?

-2018 онд манай байгууллагад улсын төсвийн хөрөнгө оруулалт боломжийн хэмжээнд тусгагдсан. Үүнийгээ бид үр ашигтай захиран зарцуулах, алба хаагчид болон цагдаагийн байгууллагын үндсэн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай эд зүйлсийг нь авахад гол анхаарлаа төвлөрүүлэн, ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, цагдаагийн байгууллагын алба хаагч нар үүрэг гүйцэтгэхдээ “аминд үл хүрэх зэвсэг”- ашиглах талаар  судалгаа хийсний үр дүнд  мэргэжлийн байгууллагуудтай хамтарч үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад ашиглаж байгаа галт зэвсгүүдийг аминд үл хүрэх сум ашиглан гэмт хэрэг, халдлага үйлдэгчийг  таслан зогсоох зориулалттайгаар ашиглан үүрэг гүйцэтгэж байна. Эхний ээлжинд Нийслэлийн цагдаагийн газрын эргүүлийн бие бүрэлдэхүүнийг энэ төрлийн резинэн сумтай UJ-12, форд 500 гээд зэвсэглэлээр хангасан. Цаашид бүх орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн галт зэвсгийг  шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

-Хар тамхитай тэмцэх чиглэлээр орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг авсан.  Чанар, үр дүнгийн талаар?

-Хар тамхитай тэмцэх нь хууль сахиулах  байгууллагуудын үндсэн асуудал болоод байгаа. Энэ  чиглэлээр ашигладаг сүүлийн  үеийн дэвшилтэт техник технологи багаж, тоног төхөөрөмжийг бүх аймаг, орон нутгийн хэмжээнд 3 орчим тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Үүний үр дүнд хар тамхитай тэмцэх чиглэлээр ахиц гарна гэж харж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй Хар тамхитай тэмцэх хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн том хөрөнгө оруулалт. Энэ мэтчилэн олон улсын түвшинд хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн.

-Алба хаагчдын хувцасны  хангалт, хүрэлцээ, чанарын талаар янз бүрээр  ярьдаг. Энэ асуудалд танай албанаас хэрхэн анхаарч байна вэ?

-Цагдаагийн алба хаагч хямд, чанаргүй хувцас өмсөх ёсгүй. Иймээс алба хаагчдаа албаны болон байгаль цаг уурын нөхцөлд тохируулсан, хүний биед эвтэйхэн дүрэмт хувцас, эдлэл, тусгай хэрэгслээр хангах нь чухал байна. Манайх том бие бүрэлдэхүүн учраас чанартай, олон улсын  жишигт нийцсэн хувцсаар бүрэн хангах гээд судлаад ажиллахаар бас санхүүгийн асуудал үүсдэг юм байна. Тооноос үл хамааран чанарт онц анхаарах ёстой. Бид энэ жил л гэхэд Монголын үндэсний үйлдвэрлэгч нартайгаа хамтран шинэ загвараар  ноосон цамц, эргүүл жижүүрийн цагдаа нарт хамгийн хэрэгтэй байдаг савхин хүрэмний хангалтуудыг хийж эхэлсэн. Яваандаа алба хаагчдын өдөр тутмын ажилдаа өмсдөг хээрийн хар хослол, хүрэм өмдний материалын чанарыг сайжруулахаар Солонгос улсаас  материал судалж байна.

Мөн одоо хангалтаар авч өмсөж байгаа поло цамцыг алба хаагчид нейлонтой, биед эвтэйхэн бус гэж хэлдэг. Үүнийг сайжруулахаар Солонгос улсаас зөөлөн даавуун материал захиалан сайжруулахаар гэрээ хийж байна. Ер нь цаашид бид хувцас үйлдвэрлэх, хийлгэх материалын чанар, бөх бат байдал зэргийг урьдчилан туршилт хийж үзэх ажлыг зохион байгуулж байна. Шинэ загварын ноосон цамцаа хамгийн хүнд үүрэг гүйцэтгэдэг алба хаагч нар болох эрүүлжүүлэхийн цагдаа нартаа өмсгөж үзлээ. Ингэснээр загвар материал дээрээ анхаарах зүйлүүдийн талаар санаа бодлыг нь сонссон. Одоо поло цамцыг бас яг энэ зарчмаар бэлтгэж  байгаа.

Цаашид бид хувцсаа эдэлгээ чанар даадаг, өнгө үзэмжтэй, алба хаагчдын эрүүл мэндийн шаардлагад нийцсэн байх ёстой гэдэг зарчмыг баримтална. Мөн алба хаагчдын нэг бүрийн тусгай хэрэгслийг ч туршиж, манай оронд болон алба хаагчдад тохирох эсэхийг нь харгалзан байж нийлүүлнэ гэсэн бодолтой ажиллаж байгаа. Ингэж ажиллаж байгаа учраас ч тодорхой үр дүн гарч байна. Алба хаагчид маань ам сайтай байна. Санхүүгийн, хангалтын албаны ажил тооцоотой, судалгаатай явах ёстой.  

-Энэ жил бүтээн байгуулалтын ямар ажлууд хийж байна вэ?  

-2018 он Монголын цагдаагийн байгууллагын хувьд  маш том бүтээн байгуулалтын жил болж байна. Улсын төсвийн хөрөнгөөр болон өөрийн дотоод нөөц бололцоогоо ашиглан 30 барилга байгууламжийг шинээр барьж, зургаан газар их засвар хийж байна. 27 байршилд 24 цагийн ажиллагаатай байнгын  постыг  дотоод халаалт болон тоног төхөөрөмжтэй нь хамт шийднэ.  Мөрдөн байцаах албаны зоорийн давхартайгаа 10 давхар барилгыг гүйцэтгэгч талтайгаа сайн гэрээ хэлэлцээр хийсний үр дүнд одоо цутгалтын ажил бүрэн хийгдэж дуусан энэ ондоо багтаан, ашиглалтад оруулахаар хичээж ажиллаж байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн байр, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын байрыг шинээр барьж эхлүүлсэн. Хөдөө, орон нутгийн хэд хэдэн цагдаагийн газар, хэлтэс, анги байгууллагын байрнууд их засварт орлоо. Цагдаагийн алба хаагчдын маань зорьж очдог ганц үнэ хямд сувилал болох “Сүүж уул” сэргээн засах амралт, сувиллын газраа өөрсдийн нөөц бололцоог ашиглан зун, өвлийн болон сувиллын байртай нь цогцоор нь засварын ажлыг хийж байна. Ингээд яриад байвал бүтээн байгуулалтын жил энд тэндгүй өрнөсөн жил болж байна даа.

-Санхүү аж ахуйн албанд барилга байгууламжийн хяналтын тасаг байгуулагдсан. Энэ тасаг ямар чиг үүрэгтэй ажиллах вэ?

-Цагдаагийн байгууллага үндсэн үл хөдлөх хөрөнгө ихтэй том байгууллага учраас барилга захиалагчийн товчоо гэж байсан юм билээ. Олон барилга баригдаж, засварын ажил хийгдээд ирэхээр захиалагчийн хяналт гэдэг зүйл зайлшгүй байх ёстой болоод байгаа юм. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууддаа танилцуулснаар энэ тасгийг байгуулан баригдаж, засвар хийгдэж байгаа барилгууд дээрээ бүрэн хяналт тавиад ашиглалтад оруулах, чанартай сайн барилга бариулах  цаашид цагдаагийн байгууллагын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, тооцоо судалгааг гүйцэтгэж байх зорилготой. Одоо манай байгууллагын барилга байгууламж Улаанбаатар цагдаагийн хүрээнд болон 21 аймаг, бүх суманд байна. Энэ онд Улаанбаатар цагдаагийн хүрээнд байгаа бүх барилга байгууламж, газар, эзэмшлийг шалгахад газар, байгууламжтай холбоотой маргаанууд байсныг эхнээс нь шүүхээр шийдвэрлүүлээд явж байна. Цагдаагийн өмч хөрөнгийг анх олгосон байдал, газар хэмжээгээр нь баталгаажуулж, тэр хэвээр нь байлгах ёстой. Манай эзэмшлийн газар дээр хувийн компани ажиллаж байсан явдал ч тохиолдож холбогдох шийдвэрийн дагуу буцаан авсан. Одоо энэ арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулна.

Цаг хугацааны уртад анх байгуулагдсан, баригдсан хэмжээнээсээ багасгаж, алдсан зүйлүүд ч гарсан. Тухайлбал, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нутаг дэвсгэрт байсан цагдаагийн хэсгийн байрны газрыг иргэнд эзэмшүүлж, маргаантай байсан асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэн,  цагдаагийн хэсгийн барилгын ажил эхлэх  гэж байна. Маргаантай, кадастрын зургаас хасчихсан байсан газруудыг эргүүлж авах ажлыг шат дараатайгаар эхлүүлэн, цагдаагийн өмч хөрөнгө, газрыг хяналттай, тооцоотой байдаг газар нь байлгана гэсэн бодлогыг барьж, харьяа газар, хэлтсүүдийн удирдлагуудад ажлын чиглэл хүргүүлсэн.

Өмч хөрөнгөө хадгалах, хамгаалах, алдсан өмч хөрөнгөө буцааж олж авч, хуулийн байгууллага, шүүхэд хандаад хуулийн дагуу явах гээд багагүй ажлууд өрнөж, урьд өмнө нь зарим нэг хариуцлагаүй хүмүүсийн  гаргасан алдаа дутагдлыг шийдэн цэгцэлж байна. Энэ олон жилийн туршид үе үеийн удирдлагуудын бүтээж босгосон зүйлсийг үгүй хийх ёсгүй. Тасаг байгуулагдаад  хэдийгээр удаагүй байгаа ч гэсэн дээрх ажлуудаас гадна  хойд чиглэлүүдэд баригдаж байгаа пост, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын  барилгын засварын ажил, Говьсүмбэр, Дорноговь  аймагт хийгдэж байгаа ажлуудад хяналт ажиллаад байна. Удахгүй баруун аймгуудад ажиллана. Энэ тасаг  хууль тогтоомжийн хүрээнд  төдийгүй чанартай барилга байгууламж хүлээн авахын тулд зайлшгүй байгуулагдах шаардлагатай.

-Алба хаагчдыг орон сууцжуулах ажил хэрхэн үргэлжлэх вэ?

-Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын зүгээс болон манай албанаас барьж байгаа бодлого бол алба хаагчдын ажиллах, амьдрах орчныг нь бүрдүүлэх юм. Ажиллах орчин, амьдрах гэр орны тав тух энэ албаны үйл ажиллагааны үр дүнд маш чухал нөлөөтэй.  Цагдаагийн алба хаагч хамгийн хүндийг үүрч, хэцүү  нөхцөлд ажилладаг. Тийм учраас алба хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх,  орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнгөрсөн нэгдүгээр сард “Цагдаа-Амгалан” хотхонд нийт 180 айлын хоёр байшинг ашиглалтад хүлээж авсан. Энэ онд мөн 270 айлын гурван орон сууц барихаар бэлтгэл ажил эхлээд гурав дахь давхартаа орж байна.

“Хууль сахиулагч” хотхоны маргаантай байсан асуудлыг шийдвэрлээд эхний барилгыг 7 сард ашиглалтад оруулахаар төлөвлөн энэ ондоо багтааж дуусгахын тулд санхүүжилт, зохион байгуулалтад анхаарч байна. Орон нутийн цагдаагийн газар хэлтсүүд болон дүүргүүд маань өөрийн санаачилга гарган ажиллаж байгаа. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст газрын асуудал шийдэгдчихвэл бас барилга барих ажил эхэлнэ.  Энэ хөтөлбөрүүд амжилттай хэрэгжснээр алба хаагчид зах зээлийн үнээс хямд буюу 800.0-900.0 төгрөгөөр байртай болно. Бид харилцдаг банкуудтайгаа холбогдож зээлийн уян хатан нөхцөлийг бас эрэлхийлнэ. Ингэснээр алба хаагч нар төрд зүтгэж байгаагийнхаа хувьд хямд өртгөөр хувийн орон сууцтай болох боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

-Цагдаагийн алба хаагчдын цалин хөлсний асуудал үргэлж анхаарлын төвд байдаг. Цалин нэмэх асуудлыг хэрхэн анхаарч байна вэ?

-Цагдаагийн байгууллагатай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг, прокурор, тагнуул, Авлигатай тэмцэх газартай харьцуулахад цагдаагийн байгууллагын цалин маш бага. Монголын цагдаагийн байгууллага хамгийн хүнд ажил ачааллыг үүрч байгаа гэж хэлсэн ч болно. Ээлжийн ажлаас буугаад л эргүүл хамгаалалт гээд дуусашгүй их  ажилтайгаа харьцуулвал цалин хангалттай бус. Дөнгөж сургууль төгсөж ирээд ажиллаж байгаа алба хаагч дунджаар дор хаяж, 1,5 сая төгрөгийн цалинтай байвал болж байна.  Гэхдээ төрийн захиргааны зарим  байгууллагатай харьцуулвал бас бид боломжийн цалинтай. Ахлагчийн дамжаа төгссөн дэд ахлагч цолтой алба хаагчийн цалин 690.000, офицерууд нь 790 мянгаас эхлээд авч байна. Үүнийг нэмэгдүүлэхийн төлөө үе үеийн дарга нар анхаарч ажиллаж ирсэн юм.  2019 он хүртэл цалин нэмэхгүй гэсэн УИХ-ын тогтоол гарсан. Харин бид 2019 оноос хэрхэн нэмэгдүүлэх талаар тооцоо судалгаагаа холбогдох яам тамгын газарт хүргүүлээд ажиллаж байна.

Шат дараатайгаар нэмэхээс өөр аргагүй.  Хэсгийн төлөөлөгч  таван жил хөдөө орон нутагт ажилласан бол 30 сарын цалинтай тэнцэх  цалин авна гэсэн хуульд заасан урамшуулал бол олгогдож байгаа. Төсөв мөнгө маань хүрэлцэхгүй байгаа ч орж ирж байгаа төсвөө алба хаагч нар, үндсэн үйл ажиллагаандаа зарцуулахын төлөө ажиллаж байгаа. Өнгөрсөн онд бид хэмнэсэн зардлаасаа гаргасан мөнгөө алба хаагч тус бүртээ 12 сард  20-40 хувийн урамшуулал олгосон. Хүнд урам багадахгүй шүү дээ.

-Тэтгэвэр тэтгэмжийн мөнгөө цаг хугацаанд нь авч чадахгүй байх асуудал ч бас байна. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байна вэ?

-2017 оны эцсээс манай алба хаагчдын тэтгэвэрт гарах хүсэлт  эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 279 орчим алба хаагчийн 10 тэрбум төгрөгийн нэг удаагийн тэтгэвэр тэтгэмжийн өр үүсээд явж байна. Бид 2018 оныхоо тэтгэвэр тэтгэмжийн зардал өр 5,5 тэрбум төгрөгийг аваад 2017 оны 09-10 сард тэтгэвэрт гарсан хүмүүсийн мөнгийг олгоод  дууссан. Хараахан авч чадаагүй байгаа алба хаагчдынхаа хүсэлтийг шуурхай шийдвэрлүүлэхийн тулд Хууль зүй, Дотоод хэргийн яам болон Сангийн яаманд байнга хүсэлт тавьж байгаа.  Энэ жил төсөвт тодотгол хийгдвэл  шийдэх боломжтой.  Эсвэл 2019 онд л  болчих гээд байна. Энэ бол тэтгэвэр тэтгэмжээ авах гэсэн алба хаагчдын хувьд том хүлээлт болоод байгаа юм. 20-30 жил  хүнд амаргүй албанд  зүтгэчихээд эцэст нь хуулийн дагуу тэтгэвэртээ гарахад энэ мөнгөөрөө амьдралдаа нэмэр болох юмсан гэж олон зүйл бодож төлөвлөсөн байдаг.

-Санхүү аж ахуйн албанаас санаачлан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ талаар тодруулвал?

-Цагдаагийн байгууллагын хэмжээнд энэ жил “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг боловсруулаад  хэрэгжүүлж эхлэн, алба хаагчаа жилд хоёр удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулан, даатгалаа зөв зүйтэй ашиглая, зөв хүртээмжтэй болгоё.  Мөн нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсүүд эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хамтраад алба хаагчдынхаа эрүүл мэндийг анхаарсан олон ажил арга хэмжээг зохион байгуулах чиглэл өгч байна. Цагдаагийн байгууллагын эмч нараасаа гадна Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгээс нэмэлт хүч аваад Төрийн тусгай албан хаагчийн эмч нар, сэтгэл зүйчдийг оролцуулаад дөрвөн баг бүрдүүлээд 21 аймагт ажиллуулж байна.

Өмнө нь  2017 онд Улаанбаатар цагдаагийн хүрээний хэмжээнд зохион байгуулахад үр дүн гарч байсан. Дарга хүн цэргээ хайрлаж, дэмжиж байж сайн дарга байдаг. Ингэж байж дарга гэж хүлээн зөвшөөрөгддөг. Эрүүл цагдаагийн алба хаагчаас эрүүл, зөв шийдвэр гарна. Албан ажил, ахуй амьдралд ч үр дүн гарна гэж ойлгож байна.  Энэ ажлыг илүү үр дүнтэй болгоход бүх анги байгууллагуудын дарга, удирдлагуудын оролцоо маш  чухал.

-Парк шинэчлэл, хувцасны хангалт хэрхэн хийгдэж байна вэ?

-Цагдаагийн байгууллагын өдөр тутмын үндсэн үйл ажиллагааг эргүүл, жижүүрт явж байгаа хэдэн машинууд залгуулж байна. Иргэдэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг  хамгийн түрүүнд хүргэдэг. Иймээс 2018 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлээд Улаанбаатар цагдаагийн хүрээнд эргүүл жижүүрт ажиллаж байгаа машинуудын бензинийг өвлийн цагийн хувиараар 25 хувиар нэмсэн нь  нэг машин өдөртөө 2-5 литрээр нэмэгдэж байна гэсэн үг. Дуудлага ачаалал ихтэй үед өдөржингөө явсаар байгаад шөнө бензин дуусчихдаг. Энэ нь яг манай үндсэн  үйл ажиллагаанд хүрсэн том арга хэмжээ ажил болсон. Нөөц боломжоо ашиглаж, өөрсдийн дотоод зохион байгуулалтын үр дүнд гаргаж ирсэн.

Мөн бидний хэвийн үйл ажиллагааг сайн машин техникгүйгээр төсөөлж боломгүй. Гурван “Ланд крузер-200”  машиныг  цагдаагийн тусгай тоноглол  логотой болгоод Замын цагдаагийн шалгалт, хамгаалалтад ажиллуулж байгаа.  Энэ бол манай Монголын цагдаагийн сүр хүч. Энэ хэмжээний машин авах, хэрэглэх шаардлага нь Монголын цагдаад  бий болсон.  2017 онд хилийн бүсийн 13 аймагт туулах чадвартай фургон машин өгсөн. Энэ жил бас зарим аймагт дахин өгнө. Жил бүр шат дарааллан парк шинэчлэлийн ажил хийнэ. Нийслэлийн цагдаагийн газрын хувьд  боломжийн хэмжээнд байгаа ч 2012 онд авсан эргүүлийн жижиг тэрэгнүүд нэлээн муудаж байна. Энэ өвлийг арай л гэж давсан. Өнгөрсөн өвөл Нийслэлийн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөр 17 машин шийдүүлсэн. Энэ жил бас 12 аймагт хуваарилсан. Мөн Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа машинууддаа ч бид анхаарч, чанар үр дүнг чухалчилж байна.

-Танай албанд харьяалагддаг Автобаазын маш техникийн засвар үйлчилгээг хангах чиглэлээр ажлууд хийгдэж байгаа юу?

-Автобааз маань улсын хэмжээний ганц байдаг А зэрэглэлийн, 600 гаруй машинтай. Засвар үйлчилгээг хурдан шуурхай хийгээд засаад гаргадаг засварын төвтэй болох ёстой. Энэ засварын төвийг байгуулах санхүүжилт нь улсын төсөвт тусгагдаж, үйлчилгээ сайтай засварын төвтэй болно гэж зорилго тавиад ажиллаж байгаа. Алба хаагчид мөн урам зоригтой ажиллаж байна. АСЕМ-ын шугамаар орж ирсэн таван автобусыг бид үйл ажиллагаандаа ашиглахаар авч, гурвыг нь Олон улсын чанар стандартад нийцэхээр тоноглосон.  Доод талын хэсэгт нь манай алба хаагчид тусгай хэрэгслээ хийгээд дээр нь амрах боломжтой байдлаар зохион байгуулсан нь олон улсын түвшинд дөхөж очих нэг алхам болсон.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглаж байсан “Урал”, “Зил 131” машинуудыг команд штабын зориулалтаар тоноглоод яг цагдаагийн зориулалтын бичиглэлтэй болгоод ашиглалтад оруулсан. Мөн бид нар явуулын засвар үйлчилгээ хийдэг машинтай болоод үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, цувааны хэмжээний машинд засвар хийдэг машин, хээрийн гал тогоо, явуулын усанд орох байрыг  бид өөрсдөө хийж байна.

-Дотоодын цэргийн үйл ажиллагааг хэвийн явуулахад танай албанаас ямар чиг үүрэгтэй ажиллаж байгаа вэ?

 -Цагдаа, дотоодын цэрэг гэсэн ялгаа байхгүй. Дотоодын цэргийн штаб өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахад эхний байдлаар асуудлуудыг шийдвэрлэсэн.  Машин техник, хангалт үйлчилгээ, цалин хөлсний асуудал яг адилхан шийдэгдэж байгаа. Гол нь татан буугдаад эргээд байгуулагдсан байгууллагыг эргээд сэргээнэ гэдэг амаргүй. Нэн тэргүүнд хувцасны хангалт хийхэд анхаарч  ажиллаж, ойрын хугацаанд дотоодын цэргийн харуулын үүрэг гүйцэтгэж байгаа  алба хаагч нараа нэг ээлжийн хээрийн  хувцсаар хангах ажлыг зохион байгуулж байна. Энэ оны 10 сар гэхэд жигдэрнэ. Үүн дээр бид гол анхаарал хандуулж байгаа. Барилга байгууламжийн хувьд 805 дугаар анги дээрээ байрлаж, хугацаат цэргийн алба хаагчдаа хүлээж авахаар байрны засвар үйлчилгээг хийж бэлтгэж байна. 809 дүгээр тусгай салбарыг шинээр байгуулан машин техник, бусад тоног төхөөрөмжөөр ханган, 05 дугаар хороог бид төвийн дулаанд холбоно.

-Танд одоо ийм зүйл хиймээр байна, хийчихвэл  болно гэж бодож санаж, яваа мөрөөдөж  буй зүйл байгаа юу?  

-Байлгүй яахав. Ямар ч байсан бодож  байсан ажлууд тухайлбал явуудын команд штабын машинууд зэрэг ажлуудыг хийгээд явж байна. Хуучны Нийгмийг аюулаас хамгаалах яамных байгаад Цагдаагийн ерөнхий газарт шилжиж ирсэн  “Оч” зуслан үйл ажиллагаа явуулаагүй 10 гаруй жил болж байна. Цагдаагийн алба хаагчид цаг завгүй үүрэг гүйцэтгэн ард нь ар гэр хүүхдүүд нь хоцордог. Тиймээс энэ зусланг дахин байгуулах эрэл хайгуулыг хийж байгаа юм. Зуслангийн үйл ажиллагаа сэргэвэл ирээдүйн цагдаагийн алба хаагч хүүхдүүдийг бэлтгэх, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, цаг завгүй алба хаагчдын маань хүүхдүүд зундаа хямд үнээр эрүүл агаарт амрах бүрэн боломжтой юм.

Сургалтын үйл ажиллагааг нь Скаутын холбоотой хамтран зохион байгуулахаар төлөвлөж, алба хаагчдын хүүхдүүдийг амьдрах арга ухаан, монгол ёс заншилд сургах, хэрхэн хүнд нөхцөлд амь аврагдах, бусдад туслах,  аялалд хүүхдүүд өөрсдийгөө бэлтгэх гэх мэт олон сонирхолтой үйл явдлаар дүүрэн болдог. Одоо бид зургаа гаргаж, төслөө бэлэн болгоно. Төсөл бэлэн болохоор хөрөнгө мөнгө хөөцөлднө гэж бодож байгаа. Үүнийг бид хийж чадах юм бол цагдаагийн алба хаагчдын ар гэр, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд их тустай. Би аавыгаа цагдаагийн ахмад цолтой байхад нь “Оч” зусланд амарч маш их зүйл сурч байлаа. Тэндээс бидний хүүхдүүд цаашдаа  их олон зүйл сурч, амьдралд ахуйд нь  тустай зүйл бүтээнэ гэж бодож байна

Эх сурвалж: “Цагдаа” эмхтгэл 2018 он. №02 /132/


Ж.Эрдэнэболд: 2018 он цагдаагийн байгууллагын бүтээн байгуулалтын жил болж байна  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй