Шууд Chart

С.Дамдин: Би төрсөн аавынхаа тухай асуусан боловч ээж хэлэхгүй байсаар "явчихсан"

2018-08-20 09:11:05

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Дамдинтай ярилцлаа. Тэрбээр өөрийнхөө туулсан амьдралаар уран сайхны кино хийхээр бэлтгэж байгаа аж.

-Таны бодлоор орчин үеийн залуус жинхэнэ Монгол эр хүн шиг байж чадаж байна уу?

-Үүнийг л энэхүү тоглолтоороо харуулах гээд байгаа юм. Эр хүн гэдэг бол зорьсон зорилгынхоо төлөө тууштай тэмцдэг, бие биенээ хайрладаг, нэгддэг байх хэрэгтэй. Гэтэл одоогийн залуус идэж, уухаа ихдүүлэхээрээ өмнө нь нөхөрлөж байсан найзуудаа орхиж байна. Дээхнэ үед айлууд талын нэг тарчихсан хэрнээ л хэн, хэндээ үнэнч, нэгдэх гэж зүтгэдэг байсан. Гэтэл өнөөдөр баячууд нь тарж, ядуус нь эвлэлдэхээр зүтгэж байна. Энэ байдал тун удахгүй эхлэх кинонд ч шингэнэ.

-Тэгвэл эр хүн ямар байх ёстой вэ?

-Хүн хүнийхээ төлөө үхэх гэж эхээс төрдөг байх. Хэн хэнийгээ хайрладаг, зорилгодоо, ажилдаа, бодолдоо үнэнч, нэг л зангаараа байдаг хүнийг эр хүн гэнэ. Намайг бага байхад нутгийн минь ах нар баяжих гэж биш ар гэрээ, төрөө авч явах гэж зүтгэдэг байсан. Тэднээс хөрөнгөтэй хүн тодроогүй. Олон эрүү шүүлт давсан нь ч бий. Анхны Ерөнхий сайд А.Амар, Чин ван Ханддорж нар манай нутгаас төрсөн. Өвөө маань Ханддоржийн цэрэг явсан гэдэг. Би тийм л эрчүүдийн дунд өссөн болохоор одоо ч тэднийгээ жинхэнэ эр хүмүүс байж дээ гэж үнэлдэг юм.

-Залуусыг их шүүмжилж байна. Та залуудаа жинхэнэ эр хүн шиг явж чадсан уу?

-Бүтээсэн дүрүүд минь л намайг эр хүн шиг явуулсан. Түүнээс биш би амьдрал дээрээ эр хүн шиг явсан гэж хэлж чадахгүй. Би ээжтэйгээ хоёулахнаа өссөн. Ядруухан амьдралтай байсан ч ээж минь намайг хайраар дутаалгүй өсгөсөн. Бид хэн хэнийхээ төлөө явсаар байгаад хагацсан.

-Тун удахгүй эхлэх киноныхоо талаар яриач. Таныг ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж кино бүтээлгэх гэж буй талаар дуулсан?

-“Уулын хөх чоно” нэртэй кино хийнэ. Талын хөх чоно гэж байдаг ч ээж, бид хоёр ууланд өссөн болохоор би ингэж нэрлэх гэж байгаа юм. Гэхдээ энэ кинонд зөвхөн ээжийн минь тухай биш, миний ч туулсан амьдрал гарна. Эхээс төрснөөс эхлээд одоо үе хүртэл харуулна гэж найруулагч хэлсэн. Ээж минь амьдралдаа аравхан жил хүнтэй ханилсан. Гэхдээ их сайхан сэтгэлтэй хүнтэй таарсан. Энэ киноны найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Б.Баатар ажиллана.

-Дүрүүдийг сонгосон уу?

-Найруулагч маань намайг мэндэлж буйгаас эхлээд харуулна гэсэн болохоор бага болон идэр насыг минь гэрэлтүүлэхээр хоёр хөөрхөн хүү сонгогдох нь тодорхой. Одоогоор хэн гэдэг хүү тоглуулахаа төлөвлөөгүй байна. Ээжийнхээ дүрд би жүжигчин О.Энхтуулыг тоглуулахаар саналаа өгсөн боловч Германд амьдарч байгаа тул боломжгүй гэсэн хариу өгсөн. Ээж минь өндөр биетэй, эршүүд яг л О.Энхтуул шиг хүн байсан болохоор түүнийг хамгийн түрүүнд бодсон хэрэг л дээ. Харин эгчийнх нь дүрд Б.Эрдэнэцэцэгийг тоглуулахаар төлөвлөж байсан. Харин одоо ээжийнхээ дүрд жүжигчин Б.Эрдэнэцэцэгийг сонгоод байгаа. Тэр надад дуртайяа зөвшөөрсөн. Тиймээс ээжийнхээ эгчийн дүрд тоглуулах өөр нэг бүсгүй бодож сууна.

-Ээжтэй тань 10 жил хамт амьдарсан хүн байсан тухай та хэллээ. Кинонд тэр хүний тухай өгүүлэх үү?

-Өгүүлнэ. Түүнийг н.Доржсүрэн гэдэг байлаа. Тэр хүний дүрд Ц.Цэрэнболдыг тоглуулна. Нутгийн нэлээн харамч өвгөнөөр Монгол Улсын ардын жүжигчин Г.Мягмарнаранг сонгоод байгаа. Би багадаа тэр харамч айлд ороод хатавчных нь өмнө сөхрөөд суухаар тарваганы толгой эсвэл хэнхдэгийг нь шидэж өгдөг байсан юм. Цаана нь цар дүүрэн мах байхад тэгж их харамладаг байсан шүү дээ. Түүний дүрийг манай Мийгаа сайн гаргаж чадна аа.

-Зураг авалт хэзээ, хаана үргэлжлэх вэ?

-Цас гүйцэд хайлаагүй үе буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын эхээр хотын ойролцоох газар авсан. Харин цас тарлантаад ирсэн үе буюу хавар, зун, намрын зураг авалтаа нутагтаа хийсэн. Би чинь Булган аймгийн Бугат суманд төрсөн. Гэхдээ манай сум сүүлд Буянт сумтай нийлсэн болохоор Буянтаар овоглодог. Миний өссөн газарт Өрмийн цагаан нуур, Галуутайн шовгор хайрхан гэж бий. Тэнд зураг авалтаа хийж, жилийн дараа гэхэд үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. Гагцхүү хөрөнгө мөнгө хэрхэн шийдэгдэх бол доо...

-Та төрсөн аавынхаа талаар хэр сайн мэдэх вэ?

-Огт мэдэхгүй. Ээжээсээ хичнээн ч удаа асуугаад “Тэрүүгээр яах гээд байгаа юм” гээд хэлээгүй. Ээж минь сэтгэлийн хаттай, зоригтой байсан болоод тэр үү өчүүхэн ч дурсаагүй. Бурхан болохынх нь өмнөхөн хүртэл асуухад “Хэлэхгүй” гэсээр байгаад "явчихсан".

-Тэгвэл ээжийнхээ талаар дурсаач?

-Ээжийг маань С.Баасанжав гэдэг, их эршүүд хүн байсан. Ганцаарахнаа намайг өсгөсөн. Манайх баян чинээлэг айл байгаагүй. Нэг морь, нохой, 30 орчим бог малтай байлаа. Тийм амьдралыг ээж минь надтай хамт үүрч явсаныг бодохоор муухан эр хүнээс дээр байж гэж бахарахдаг бас өрөвддөг. Дээрх киногоо “Уулын хөх чоно” гэж нэрлэсэн нь ч бас учиртай. Гичий чоно бэлтрэгнийхээ төлөө амиа ч өгөхөөс буцдаггүй. Бэлтрэгийг нь суйлах гэсэн хүнийг танивал тэр зүгээ буруулаад бэлтрэгээ хад асганы завсар нуудаг. Хонины гүзээнд хүртэл хийж зуугаад зугтдаг үе бий. Ер нь хүний санаанаас гарамгүй арга ухаантай амьтан. Бэлтрэгээ найдвартай газар нуусан гэж үзвэл шаардлагатай үед өөрийгөө буудуулж үхэж чадах зоригтой. Талын чоно зээр, гөрөөсөөр хооллож, энэ мэтийн сүүхээ гаргаж чаддаггүй бол уулын чоно дээрх арга ухаанаараа онцлогтой. Тэр чанар нь ээж шиг минь миний төлөө амь, биеэ үл хайрлаж, зүтгэсэнтэй нь төстэй санагддаг.

-Ээжтэйгээ өнгөрүүлсэн, сэтгэлд тань хамгийн тод үлдсэн дурсамжаасаа уншигчидтай маань хуваалцаач?

Тэр үед манайд тэрэгний үхэр байдаггүй байлаа. Уулнаас мод буулгахад ээж миний хоёр мөрнөөс тус бүр таван мод бэхэлж зүүгээд явуулна. Харин өөрөө арав арваар нь чирээд буулгадаг байсан. Том ч биетэй, бяртай хүн байлаа. Тэр л миний санаанаас гардаггүй юм.  

-Бөхийн удам байсан болов уу?

-Аав нь шонхор цолтой Совд гэдэг хүн байсан гэдэг. Даншгийн наадамд барилддаг байсан шиг байгаа юм. Би өвөөгөө харж байгаагүй ч ээж маань намайг ааваараа овоглосон.

-Та оюутан болоод явахдаа ээжийгээ нутагтаа үлдээсэн гэдэг байх аа?

-Тийм. Тэгээд ч Доржсүрэн гэдэг сайн хүнтэй суусан болохоор миний сэтгэл арай жаахан амарсан л даа. Харамсалтай нь намайг театрт ажилд ороод удаагүй байхад тэр хүн хүнд өвчин тусч аймаг орж эмчлүүлэхээр явсан гэдэг. Гэвч харьж ирж чадалгүй бурхан болсон юм билээ. Миний хойд аав болсон хүн их сайхан сэтгэлтэй. Намайг хүн болгох гэж бурханаас тусдаа залагдаж ирсэн байх. Ёстой л аавын оронд аав болж явсан. Хонь яаж төхөөрөх, тарваганы арьсыг хэрхэн өвчих, тэргийг ямар модоор яаж хийх, ер нь юмханаар юм хийхэд сургасан.

-Таныг оюутан байхад ээж тань эргэж ирээд онгоцоор буцахдаа нэг хөгжилтэй зүйл тохиолдсон гэдэг?

-Онгоц яг хөөрөх гэж байхад нь бид хоёр арай гэж амжиж очсон юм. Узелиэр “Булган аймаг руу явах Баасанжав гуай онгоцондоо сууна уу” гээд зарлаж байсан нь одоо ч чихэнд сонсогдох шиг. Тэр үед би “Ээж минь та хоцрох нь түргэхэн яваад онгоцондоо суу” гээд дах, дэгтийг нь бугуйн дээр нь тохоод цааш явуулсан. Гэтэл онгоцныхоо наахан очоод дахаа өмсөөд, дэгтийгээ өмсөх гээд суучихдаг юм байна. Тэр үед онгоцны үйлчлэгч бүсгүй цонхоороо дуудаад ч нэмэргүй. Арга ядахдаа бууж ирээд сугадаад онгоц руу орж байгаа харагдсан. Тэрийг нь сүүлд асуухад өөдөөс “Хэн мэдэх вэ золиг гэж. Тэр мөлгөр цагаан онгоцны дээр яаж гардаг юм билээ. Ямартай ч дээр нь сууж явах байх гэж бодоод дах, дэгтийгээ өмсөхөөр суусан юм. Гэтэл нэг охин гарч ирээд хөтлөөд оруулчихсан. Тэгсэн тэнд хүн байж суухын аргагүй халуун байсан шүү” гэдэг байгаа. Ээж минь хөдөө л амьдардаг байсан болохоор сумынхаа төв рүү ховорхон орсон. Тэгсэн хэрнээ Улаанбаатарт надтай уулзах гээд ганцаараа ороод ирсэн байгаа юм шүү дээ. Тийм их зоригтой.

-Тэгээд таныг яаж олсон юм бол?

-Нутгаас замын унаанд дайгдаж, тээврийн товчоон дээр буух үед нь морин тэрэгтэй нэг өвгөн таарсан гэсэн. Түүнд “Улсын багшийн дээд сургууль орж хүүтэйгээ уулзах гэсэн юм. Та тэр сургуулийг олоод өг” гээд таван төгрөгөөр хөлсөлж манай сургуулийн өмнө хоёр шуудай мах сугавчилчихсан буусан байгаа юм. Сургууль руу орж, хичээлийн хуваарь харж байгаад “Кино драмын анги” гэснийг хүнээр олуулаад хоёрдугаар давхарт байх манай ангийн өмнө хүрээд ирсэн байсан. Намайг хичээлээ завсарлаад гараад ирэхэд нэг их танил дээл, лоовуузан малгайтай хүн ханын зураг үзээд буруу хараад зогсож байв. Би ч ээжийгээ маш их санаж байсныг хэлэх үү гүйж очоод тэврээд уйлсан. Гэтэл ээж огт тоосон шинжгүй “Миний хүү чинь ямар сайхан гэрт амьдардаг юм бэ. Олон ч найзтай болж” гээд тэс өөр юм ярьсан. Сэтгэлийн их тэнхээтэй хүний л зан тэр байх. Би дараагийн хичээл орох багшид учраа хэлж, чөлөө авч оюутны байр руугаа явахаар автобусанд суусан чинь ээж шалан дээр нь хөлөө жийгээд суучихсан. Кондуктор нь “Та энд сууж болохгүй. Сандал байна шүү дээ” гэхэд “Эгчид нь энд суухад амар байна аа” гээд хөдөлдөггүй. Тэгэхээр нь би тэр кондукторын хамт “Хүмүүс орж, гарахад хэцүү байна шүү дээ” гэж байж босгосон. Тэр үед ээж маань автобус, машин, байшин, гэрэл энэ тэрийг их гайхаж байсан.

-Та өөрөө кинондоо тоглоно биз дээ?

-Найруулагч Б.Сүмхүү гуай надад нэг удаа “Би чамайг Хөх чонын дүрд тоглуулахаа аль хэдийнэ шийдсэн байсан. Чи л энэ дүрийг гаргаж чадна. Үүнд тоглож чадах жүжигчин чамаас өөр байхгүй” гэж хэлж билээ. Би ч чадах чинээгээрээ тоглосон. Харин энэ кинондоо би эхлэл хэсэгт нь л цухасхан гарна. За хоёулаа яриагаа энэ хүргээд өндөрлөе. Үлдсэнийг нь үзэгчид киноноос үзэг.

-Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд улам их амжилт хүсье.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Дамдин: Би төрсөн аавынхаа тухай асуусан боловч ээж хэлэхгүй байсаар "явчихсан"  
Үзсэн: 4016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [64.119.23.xxx] 2018-09-01 14:27
Булган аймагт Буянт гэж сум байхгүй,Бугат гэж сум Эрдэнэттэй хил залгаа оршдог,Дамдингийн хувьд зөвшөөрөлгүй буга алсан нь буруу,тэр талаар өмгөөлөх юм алга,сайхан дүр бүтээсэнд нь харин би бид баярлаж явдаг,ам нээвэл уушиг нээ гэж үг байдаг,монголын баялаг тэр дундаа бугыг согооны сүүлээр,тарвагыг мөндөлийн арьсаар,баавгайг сарвуу доньт нэрээр бодлогоор хятадуудын гар хөл болж устгасан этгээдүүдийн талаар Дамдинтай барьцаад байгаа их мэдэгчид ил тод гаргаж тавиач,хэрэг хуучирдгүйг мэдэж л байгаа биздээ,Дамдин танд эрүүл энх сайн сайханыг хүсэн ерөөе,нутгын чинь анд-ичнээ танил ТАХАЛ өвгөн байнаа.
Зочин [103.29.144.xxx] 2018-08-21 12:20
баригдсан нь мань хүн болохоос тэр үед бүгд л шахуу хядаа биз дээ. Тэгээд ч шийтгэлээ хүлээгээд төлбөрөө төлсөн хүн шүү.Булган аймагт Буянт гэж ямар сум байдаг билээ. Заавал хүний алдааг олж дөрөөлж байх новшнууд сөнөтүгэй
Зочин [203.169.49.xxx] 2018-08-20 13:31
baahan buga sogoo alsanaa oruulaarai...
ЗОЧИН [64.119.18.xxx] 2018-08-20 13:02
БУГА ХЯДСАНАА ЯРИХГҮЙ ЮМ УУ. ХЭДЭН ҮЕЭРЭЭ ХАРААЛ ИДЭЭСЭЙ.
Зочин [103.9.90.xxx] 2018-08-21 12:41
ийм хараалтай амьтан бугыг өрөвдсөн нь юу л бол
Зочин [174.211.4.xxx] 2018-08-20 10:37
Tsereg ah geed bidnii ueiinhen ih hundeldeg baij bilee.Harin suuld BATKHAAN uuliin buga,sogoo geltgui hyadaj sav,shiviig suga tataj moholiin irmegt hurgesen hairlan enereh setgelgui nugelt har aluurchin baisan bn lee.Kino ene ter geed yahav,ternii orond buga urjuulj byan hii.
Зочин [202.179.27.xxx] 2018-08-20 10:34
Сайхан дурсамжуудыг сайн найруулагч л хүнд хүргэнэ дээ. Дэндүү хөдөөний гайхсан байдлаар ээжийг нь битгий гаргаасай. Ээж талаас нь түлхүү гаргаж тэр үеийн соёлын бишрэм бдал зэргээр гаргаасай.Үнэхээр Энхтуул л тогловол зүрхнээсээ мундаг болох бхаа.Дамдин гуай мэдэрсэнээр дүрээ сонгоосой.
Зочин [202.9.42.xxx] 2018-08-20 10:22
Saihan buural eruul enh sain saihaniig husii!! Hezeenii yariltslaga be? Kino hezee garah boloo?
Зочин [103.212.116.xxx] 2018-08-20 09:39
Нутгийн анддаа ажлын амжилт эрүүл энхийг хүсье,тээр жилийн намар цаг,намайг аймгийн төлөөлөгчөөр Ингэтийн САА-д ажиллахаар очиход та ээж эмнэлэгт хэвтсэн гээд эмнэлгийн шатан дээр сууж байсан,та бид хоёр их хуучилаж билээ,тэр цагаа нэхэн боддоо,хэн байх нь вэ?

Бидэнтэй нэгдээрэй