Шууд Chart

НҮБ Мьянмарт хоморголон устгах шинж тэмдэг илэрсэн тухай шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцэхийг уриаллаа

2018-08-30 10:49:50

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш НҮБ-ын гишүүн орнуудад хандаж: Мьянмарын арми рохинжа үндэстнүүдийн эсрэг ажиллагаа явуулахад хоморголон устгах шинж тэмдэг илэрсэн тухай олон улсын шинжээчдийн дүгнэлтийг сайтар хэлэлцэхийг уриаллаа. Тэрбээр өчигдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд үг хэлэхдээ энэ тухай мэдэгджээ.

“Олон улсын шинжээчдийн дүгнэлтэд Мьянмарын аюулаас хамгаалах хүчин рохинжа үндэстнүүдийн эсрэг ажиллагаа явуулахдаа хүний эрхийг ноцтой зөрчиж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна, иймээс шинжээчдийн тайланд дурдагдсан зүйлийг НҮБ-ын бүх байгууллага зохих ёсоор хэлэлцэх нь зүйтэй” гэж Гутерриш мэдэгдлээ. Мьянмарт хүний эрхийг зөрчсөн эсэх талаар нотлох баримт цуглуулж байгаа НҮБ-ын ажилтнууд өчигдөр тайлангаа нийтэлж, Мьянмарын цэргийн дээд түшмэлүүд Ракхайн мужид исламын шашинтай рохинжа үндэстнүүдийг хоморголон устгасан хэргээр шүүхийн өмнө хариуцлага хүлээх ёстой дүгнэлтэд хүрчээ. Энэ тайланд гэмтэй хүмүүст хариуцлага тооцохоос гадна Мьянмар улсын эсрэг хориг тавихыг, тэр дотор тус улсад зэвсэг худалдах хориг тавихыг зөвлөсөн байна. Мьянмарын Ракхайн мужид оршин сууж байсан рохинжа үндэстнүүдийг хөөж тууснаас хойш одоо нэг жил өнгөрч байна. 2017 оны 8-р сарын 25-ны өдөр “Рохинжаг аврах араканы арми” гэгч хөдөлгөөний байлдагчид Ракхайн мужид цагдаагийн 30-аад цэг рүү халдсан, Мьянмарын аюулаас хамгаалах хүчин бүс нутагт хүчний ажиллагаа эхлүүлсэн.

Албан ёсны тоо баримтаар зэвсэгт мөргөлдөөний улмаас 400-аад хүн амь үрэгдсэн гэдэг ч олон улсын “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын мөргөлдөөний эхний сард 7 мянга гаруй хүн амь үрэгдсэн гэдэг. Рохинжа үндэстнүүд хөрш зэргэлдээ орших Бангладеш улс руу дүрвэн зугтсан, одоогийн байдлаар тэнд орогнож байгаа рохинжа үндэстний тоо 700 мянга даваад байна.

Эдгээр дүрвэгчдэд хүмүүнлэгийн хямрал нүүрлэж, хоол хүнс, эм тариа дутагдаж байна. Хэдийгээр Мьянмар болон Бангладешийн эрх баригчид дүрвэгчдийг нутагт нь буцаах талаар тохиролцоонд хүрсэн ч дүрвэгчид нутагтаа буцаад очлоо гэхэд аюулгүй байдлын ямар ч баталгаа байхгүй гэдэг үүднээс буцахгүй байгаа юм. Тэгээд ч Мьянмарын эрх баригчид рохинжа үндэстнийг Бангладэшээс ирсэн хууль бус цагаач гэж үзэж, тэдэнд иргэншил олгохоос татгалздаг. Рохинжа үндэстнүүдтэй холбоотой энэ мөргөлдөөн шашны үзэлтэй холбоотой, рохинжа үндэстнүүд исламын шашин шүтдэг бол Мьянмарчууд буддын шашин шүтдэг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ Мьянмарт хоморголон устгах шинж тэмдэг илэрсэн тухай шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцэхийг уриаллаа  
Үзсэн: 225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй