Шууд Chart

Г.Хонгорзул: Урлагийнхаа хувцасыг хормогчоор сольж, цайны газар аяга угаадаг байлаа

2018-09-03 09:17:42

Нийслэлийн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ганбаатарын Хонгорзултай ярилцлаа.

-Таны нэрийг аав ээж тань их учиртай өгсөн гэдэг байх аа...

-Дээхний хүмүүс хэвлийд олдсон хүүхдийнхээ хүйсийг мэдэх боломжгүй байлаа шүү дээ. Тийм үед аав ээж маань хүүтэй болвол тийм нэр өгнө гэж ярьж байсныг нь би мэдэхгүй. Ямар ч байсан охин төрвөл Хонгорзул гэдэг нэр хайрлана гэдэг байсан юм билээ. Гэхдээ өөр хүнд энэ талаар хэлж байгаагүй гэсэн. Хоорондоо л ингэж ярьдаг байсан гэсэн.

-Яагаад заавал ийм нэр сонгосон юм бол?

-Ээж маань бурхан болохынхоо өмнөхөн надад хэлсэн л дээ. Хонгорзул гэдэг цэцэг урт настай гэнэ. Мөн өндөр иштэй, сайхан ягаан өнгөтэй, өргөстэй тэнгэр рүү цойлж ургасан байдаг аж. Өргөстэй болохоор нь гадны зүйлс бараг халдаж чаддаггүй гэсэн. Тиймээс бурхад маань охиндоо юм юм л бодож энэ нэрийг хайрласан бололтой юм билээ. Гэхдээ нэг сонин ч гэх юм уу зүйл тохиолдсон гэсэн шүү.

-Ямар?

-Эх барьсан ээж маань аав ээжийн санааг мэдээгүй хэрнээ намайг дөнгөж эхийн хэвлийгээс төрөхөд Хонгорзул гэдэг нэр өгөөрэй гэж хэлсэн аж. Гэхдээ төрөхдөө намайг хүн гэж хэлэхэд хэцүү бөөрөнхий юм гарсан гэдэг. Тэр нь битүү төрөлт гэдэг нь байж.

-Битүү төрөлт гэдэг чухам...?

-Хүүхэд төрөхдөө ус нь хагарч гарч ирдэг шүү дээ. Харин би гаднах нимгэн хальстайгаа гарч ирсэн гэсэн. Ээжийн маань анхны төрөлт болоод тэр намайг хараад “Наадах чинь хүн биш байна шүү дээ” гээд бараг өшиглөх шахсан гэсэн. Гэтэл эх барьсан ээж маань “Бараг насаараа л эх барьлаа. Битүү төрөлттэй хүүхэд анх удаа эх барьж байна. Энэ хальсыг төмрөөр биш эрдэнэсээр хагалдаг юм” гээд алтан ээмгээ сугалж үзүүрээр нь сэтэлж хагалсан гэсэн. Тэгснийхээ дараа “Миний охиныг хайрлаж яваарай. Ховорхон заяасан хүн шүү. Би битүү хальстай хүүхэд эх барих юмсан гэж мөрөөддөг байсан. Миний мөрөөдлийг танай охин биелүүллээ” гэж хэлсэн гэсэн. Тэр хальсыг тэгээд эх баригч зад татхад нь би эмнэлэгийн байшингийн хананд ан цав гартал нь шахуу уйлсан гэсэн. Тэр хальснаас намайг гарахад ээжид хамгийн түрүүнд нүд маань өртсөн гэж нэлээн том болсны дараа хэлж байсан.        

-Та малчны хүүхэд үү?

-Тийм. Багаасаа л хөдөөгөө мэднэ. Нэгээс зургадугаар анги хүртлээ Цэнд-Аюуш гэдэг багшийн ангид Баянхутаг сумын сургуульд хичээллэсэн. Аавын маань ганц өргөмөл дүү Г.Мөнгөнцэцэг бид хоёр нэг гэрт өссөн. Тухайн үед хүмүүст нутаг их заадаг байлаа. Г.Мөнгөнцэцэг эгчийг өвөө, эмээтэй Өндөрхаан хотруу явуулсан юм. Тэгэхэд нь би тэд нараасаа салахгүй гээд дагаад явсан. Тэнд Нямшүхэр багшийн ангид хоёр жил сурсан. Тэгж байтал эгчийг маань дахиад Баянхутаг руу татахад би бас л явсан. Тэгж тэгж аймгийн төвд дунд сургуулиа төгссөн.

-Өөрөө дунд сургуулиа төгсөхдөө сэтгүүлч болно гэж мөрөөддөг байсан гэл үү?

-Тийм. Гэтэл манай сургуульд тэр мэргэжлийн хуваарь ирээгүй. Тэгэхээр нь өвөө, эмээгээ дагаж малын зах бараадсан. Гэхдээ хөдөө нэг их удаагүй байхдаа эгчийгээ дагаж тариаланд (үтрэмд) ажиллаж үзсэн. Бүр эрхлэгчээр нь шүү. Хааяа банзар гитар балбана. Сарын эцэст цалин авна. Гэхдээ мөнгөөрөө ширхэг ч чихэр авч үзээгүй. Аав, ээж рүүгээ л явуулдаг байсан. Намайг тэнд ажиллаж байхад өвөө, эмээ нэг өдөр надад хэлэлгүй ирчихсэн “Өвөө, эмээ нь охиныгоо санаад байна. Авч явна” гээд дагуулаад явж байлаа. Ингээд дахиад өвөөгийндөө очсон. Тэр үед надад дандаа мал дагаад явах хэцүү санагдсан. Хориод настай байсан болоод ч тэр үү юм юм л сонирхоно. Уйдна гэж жигтэйхэн. Ганц хийдэг зүйл нь хонины бэлчээрт дуулах.

-Дуугаа яаж сурдаг байсан юм бэ?

-Тэр үед хөдөөний айлд телевиз байдаггүй байсан. Радиогоос л бүх мэдээллээ авна. Малаа хариулж орой гэртээ ирчихээд радио сонсоно. Тухайн үед сайхан ч нэвтрүүлэг, дуу, үлгэр явдаг байлаа. Би дууг нэг сонсоод л сурчихдаг байсан. Гэхдээ сургуульд байхдаа дуулах гэдэг зүйлээс хол байсан шүү дээ.

-Яагаад?

-Өөрийгөө солгой хоолойтой гэж боддог байсан болохоор тэр. Бага ангид байхдаа нэлээн эршүүд охин байсан. Хөвгүүдтэй нийлж зодоон хийх, биеийн тамирын заалны матрас урах ажил их. Байнга л багш нарын хурлаар орно. Харин Алтанзул гэж миний дараагийн дүү сурлага сайтай, нийгмийн идэвхи ихтэй хүүхэд байсан. Одоо нутагтаа амьдарч байгаа. Дуулна, бүжиглэнэ, хөгжимдөнө. Орсон болгондоо аварга болдог байсан.   

-Энд нэг юм тодруулъя. Танд эмзэг ч байж магад. Та ааваараа овоглодоггүй байх аа?

-Тийм. Галсанцэрэн өвөөгөөрөө овоглодог. Аавыг маань Ганбаатар гэдэг байсан. Өвөө маань Халхын голын дайнд байлдаж явсан хүн бий. Бид өвөөгийндөө байнга очдог. Сайхан урт насалж байгаа буянтай хүн.

-Та Хан Хэнтий чуулгад яаж яваад орсон юм бэ?

-Худалч хүнд чихдүүүлж очсон гэж хэлж болно. Намайг дуучин болоход аймгийн чуулгын дарга Авирмэд гэдэг багш нөлөөлсөн. Чуулгад ороод дуулахад Авирмэд багш намайг “Уртын дуучин болох хүн байна” гээд гавьяат жүжигчин Нансалмаа багшид шавь оруулсан. Тухайн үед би уртын дуу гэж юу байдгыг ч мэддэггүй байлаа. Тэр ч бүү хэл багш маань шавь бэлтгэж үзээгүй хүн байв. Одоо би Нансалмаа багшаараа “Та намайг туршилтын туулай болгосон” гэж тоглодог.

-Авирмэд багш тань таныг дуулуулсныхаа дараа “Материал сайтай юм” гэхэд нь та хормойгоо харж байсан гэдэг бил үү?

-(инээв). Тухайн үед урлагийн ойлголт гэж юу ч байхгүй байсан юм чинь. 1995 оны зургадугаар сарын 25-ны өдөр тэгж шалгуулж байлаа. Үүнийг би маш сайн сандаг юм. Тэр үед Батсайхан гэж сайхан дуулдаг хамаатан ахтайгаа Авирмэд багшид шалгуулахаар чуулга руу явсан. Ах маань одоо бурхан болсон л доо. Түүнийг нутгийнхан маань “Зөөлөн Баагий” гэдэг байсан. Ах маань морио хөтөлчихсөн. Би ахаас хөтөлсөн дүр одоо ч нүдэнд харагдаж байна. Ах маань намайг өмнө нь дуулахыг сонсч байгаагүй болохоор захиралын өрөөнд дөнгөж оруулчихаад ичээд алга болсон. Гэтэл “Гэнт цангинсан хоолой хадахаар нь чамайг байгаа гэж би бодоогүй шүү” гэж ах буцаж явж байхдаа хэлж байсан. Багш намайг хэсэг дуулуулж байснаа голоор яваад алх гэв. Өмнө нь тэгж шалгуулж байгаагүй болохоор их л хэцүү байсан. Би багаасаа мариатай байсан юм. Намайг хэсэг алхуулж байснаа “За болно. Одоо сууж бай” гэснээ хоорондоо “Гайгүй материалтай юм” гэхийг нь сонсоод хувцасыг маань харж дээ гэж бодож байлаа. Дараа нь надаас багш “Чи дуучин болох дуртай юу” гэхээр нь хэлгүй юм шиг толгой дохьсон. Уг нь нэг их дуртай байгаагүй л дээ. Дараа нь “Уртын дуучин болох сонирхол байна уу” гэхээр нь бас л толгой дохилоо. Дотроо бол хачин их сонирхолгүй байгаа шүү дээ. Тэгээд л намайг Нансалмаа багш хажуу өрөө рүү дагуулж ороод уртын дуу зааж эхэлсэн.

-Тухайн үед танай чуулга шинэ ажилтнаа гурван сар дагалдан хийлгэж байж авдаг байсан гэсэн. Гэтэл таныг тэр өдрөөс нь эхлүүлсэн гэдэг байх аа?

-Тийм. Бараг л анх очсон өдрөөс эхэлж цалин бодсон юм шиг байна билээ. Тэнд орсноос хойш гурван сарын дараа Буриад руу тоглолтоор явахад намайг авч явсан. Тэгэхэд захирал надад баахан мөнгө өгсөн. Би гайхаад асуутал “Чиний цалин энэ” гэсэн. Ийш тийш тоглолтоор явахад мөнгө их хэрэг болдог болохоор захирал надад өмнө нь өгөхгүй байж байгаад хэрэгтэй үед маань өгөх гэж л дээ.  

-Хэдэн төгрөг байсан бэ?

-Жар орчим мянга байсан байх аа. Би тоог нь сайн санахгүй байна. Тухайн үед надад их л мөнгө санагдсан. Намайг тэр цалинг авч байхад гурван сар ажиллаж байна, ганц ч удаа цалин авч үзсэнгүй гэсэн хүн олон байсан. Тэр тоглолтын үеэр бусад уран бүтээлч мөнгө багатай явж байхад би өөрийгөө хангалттай болгочих хөрөнгөтэй байлаа. Тоглолтоос ирэхдээ би гэрийнхэндээ бүгдэд нь бэлэгтэй ирсэн.

-Түрүүнд сэтгүүлч болох сонирхолтой байсан гэж хэлсэн. Яагаад тийм их татагдах болсон юм бэ?

-Манай ангийн багш Банзрагч гэж хүн байх. Одоо ч аймагтаа ажиллаж байгаа байх. Тухайн үед би уран зохиолын хичээлдээ илүү сонирхолтой байлаа. Багш шигээ шүлэг, өгүүллэг  сайхан уншдаг хүн болох юмсан гэж мөрөөднө. Шүлэг уншихад нь би өөрийн эрхгүй уйлдаг байсан. Б.Ичинхорлоо 1990 онд анх удаа “Болор цом” наадамд түрүүлж байхад нь яруу найраг гэдэг ямар тансаг юм бэ гэдгийг улам их мэдэрсэн. Мөн хүссэн хүнтэйгээ уулзаж гоё асуулт тавьдаг болох юмсан гэж мөрөөддөг боллоо. Энэ л надад сэтгүүлч гэдэг хүндтэй мэргэжлээр ажиллах юмсан гэсэн мөрөөдөлд хөвүүлсэн дээ. Яагаад ч юм одоо ч гэлээ би сэтгүүлч, яруу найрагчидтай уулзахад дотно юм шиг санадаг. Өмнө нь уулзаж байсан ч юм шиг. Тэгэхээр намайг энэ мэргэжлийг сонгох хүслийг төрүүлсэн хүн нь Банзрагч багшийгаа гэж боддог.

-Та СУИС-д 1998 онд орсон гэдэг байх аа?

-Тийм. Гэхдээ тэр үе одоо бодоход хөгжилтэй ч гэмээр санагддаг. Аав ээж маань намайг “Миний охин эхлээд аравдугаар ангиа онц дүнтэй төгсчих. Тэгвэл хот үзүүлнэ шүү” гэдэг байлаа. Ингээд ямар ч байсан 1992 онд сургуулиа төгсч хот гэдэг газрыг үзсэн. Гэхдээ нэг их танилцаж чадаагүй ээ.

-Яагаад?

-Бид ирээд долоо хоноход би халуурсаар байгаад буцсан. Агаар, ус нь таараагүй юм уу бүү мэд. Аав ээж хотод нэг ирснийх ажилаа амжуулчихаад явъя гээд намайг халуунтай байсан ч долоо хоног хотоор гүйж байгаад буцацгааж билээ. Харин 1995 онд “Хан Хэнтий” чуулгад орохдоо ажилаар ганц хоёр удаа ирсэн. Гэхдээ бас л сайн танилцаж амжилгүй буцаж байсан. Тэгээд 1998 онд СУИС-д шалгалт өгөх гээд ганцаараа ирсэн.

-Танайх тэгэхэд хөдөө байсан уу?

-Тийм. Сумын төвөөс 40-өөд км зайтай. Би замын унаанд дайгдаж хотод ирсэн. Тэгж орж ирэхэд бас л их ядарсан шүү. Намайг явах өдөр унаа олдоогүй юм. Мориор аймгийн төвд ирэх гэхээр морийг минь хэн авч явж гэрт хүргэх билээ. Аавын бие тэр үед нэлээн ядруухан байсан болохоор ааваар аймгийн төв хүргүүлэлтэй биш. Аав ч намайг хүргэж өгнө гэхээр нь би болиулсан. Тэгээд замын унаанд сууна гээд нар мандаагүй байхад ганцаараа алхчихсан. Манай тэр хавьд чоно ихтэй. Тиймээс аав, ээж өврөөр дүүрэн шүдэнз хийгээд явуулсан. Хэрэв амьтан таарвал зурж биеэ хамгаал гэж байгаа нь л тэр шүү дээ. Одоо бодоход мөн ч их зоригтой байж дээ. Манайх нэг их боломжтой айл байгаагүй. Би айлын том. Би л хөлөө зөв олбол дүү нар маань сайхан амьдарна гэсэн бодол намайг эзэмддэг байсан. Тэр бодол маань намайг өнөөдрийн зэрэгт хүргэсэн байх. Намайг тэгж алхаж байхад чононы улиа сонсогдож л байсан. Тэгэхээр биений шар үс яах арга үгүй босдог юм билээ. Тэгж тэгж аймгийн төв рүү бараг орох үед жоншний ч билүү дээ ачааны машин таарч суусан.

-Гэр эхээс хэдүүлээ вэ?

-Тавуулаа байсан. Бага дүү маань саяхан бурхан болсон.

-Хотод ирэхэд тань хэн тоссон бэ?

-Өмнө нь би аав ээжтэй хотод ирсэн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхэд бид үйлдвэр камбинатад байдаг аавын талын хамаатныд очсон юм. Би ч дахиад тэднийд очсон. Хотод таних айл тэр л юм чинь. Маргааш нь СУИС-д очиход хүүхдүүд аав, ээжтэйгээ ирчихсэн байсан. Гэтэл би ганцаараа.

-Сургуулиа олох гэж бас бөөн юм болсон уу?

-Очсон айлынхаа ахаар заалгаад явсан. Тэгээд ч өмнө нь аймагт байхдаа Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа гуайн нэрэмжит богино дууны уралдаанд оролцох гэж би хотод ирж байсан. Тэгэхэдээ СУИС-ийг хаана байдгийг мэдэж авсан байсан л даа. 

-Анх хэн багшид нь шалгуулж байв?

-Гавьяат жүжигчин Ц.Дэлгэр багшид. Багш намайг дуулуулж үзээгүй хэрнээ “Хэдэн настай вэ” гэнэ. Би 25-тай л гэлээ. Тэгсэн “Өдий насалсан хүнийг авахгүй ээ. Жаахан юм сургаж байтал нөхөр хүүхэдтэй болчихдог юм” гээд хүлээж авдаггүй. Тэгэхээр нь Д.Дашиймаа багшид очоод “Дэлгэр багш намайг авахгүй гэнэ. Та миний багш болооч” гэлээ. Тэгсэн багш “Чи ямар дуу дуулдаг юм” гэхээр нь уртын дуу гэв. Тэгсэн жаахан гайхсанаа “За яахав нэг дуулаад аль” гэхээр нь “Алсын газрын зэрэглээ” дууг авч өглөө. Тэгсэн чинь Д.Дашиймаа багш “Ийм хүүхдийг Ц.Дэлгэр яагаад авдаггүй юм. Алив цуг очъё” гээд хөтлөөд явлаа.

-Тэгсэн Дэлгэр багш тань юу гэсэн бэ?

-“Өмнө нь ажиллаж байсан юм гэнэ. Тэгээд ч 25 хүрч. Ийм хүн авахад хэцүү” гэлээ. Тэгж тэгж Д.Дашиймаа багш нэг юм зөвшөөрүүлж Ц.Дэлгэр багш надад дуулж шалгуулах боломж олголоо. Ангид олон хүүхэд байв. Гэхдээ Ц.Дэлгэр багш намайг зүгээр ч дуул гэж хэлээгүй. Тэр хүүхдүүдэд “За та нар Хэнтийн гавьяатыг сонс” гэж хэлээд дуулуулсан.

-Танд юу гэж бодогдов?

-Ямар сонин яриатай багш вэ л гэж бодогдсон. Дараа нь доримжлоод эсвэл шоглоод байгаа юм болов уу гэж бодохоос шар гозойгоод явчихсан. Хожим ойлгоход “Ажиллаж байгаад ирсэн хүн биеэ тоогоод өөрийгөө бараг гавьяат жүжигчин шиг болдог” гэдгийг багш хэлсэн юм билээ л дээ.

-Та тэр ангийнхандаа ямар дуу дуулж өгсөн бэ?

-Эхлээд “Хэрлэнгийн баръяа”. Дараа нь “Жаахан шарга”-ыг дуулсан. Гэтэл багш “Та нар энэ их нутгархуу хүнийг харж байна уу. Дандаа зүүн зүгийн дуу дуулж байна шүү” гэнэ. Цаагуураа намайг ёгөөдөөд л байгаа байхгүй юу. Тэр хоёрыг дуулахад багш дахиад дуу байна уу гэхээр нь “Цэцэн хааны хүлэг”-ийг дуулсан. Тэгэхэд багш арай зөөлөрч “Чи энэ сургуулийн оюутан болох гэж байгаа юм бол надтай нэг зүйл тохир” гэв. Би “Миний чадах зүйл юм болов уу” гэхэд “Чи таван жил сурна. Шууд хэлэхэд 30 нас хүртлээ. Тэр болтол хүүхэд гаргахгүй, миний удирдлага дор сурч чадах уу” гэхээр нь “Чадна” л гэлээ. Тэгээд л намайг шавиа болгосон. Тэгж тэгж нэг юм сургуультай болоход надад нэг том асуудал гарсан.

-Тэр нь юу вэ?

-Сургалтын төлбөр. Тухайн үед 350 орчим л байсан байх. Тэгсэн ч надад тэнгэрийн тоо юм шиг санагдсан. Надад хэн ч төлж өгөх билээ гэж бодохоос гадна хотын амьдрал нэг их таалагдаагүй. Нэг л их яарч тэвдсэн улс. Тэгэхээр нь аймгийнхаа чуулгад ажиллаж байвал дээр юм байна гэж бодоод багшдаа хэлэлгүй буцчихсан. Нэг өдөр ажилаа хийгээд сууж байтал даргын өрөөний утас дугарч “Хотоос ярьж байна. Чамтай яръя гэнэ” гээд дарга дуудууллаа. Би хэн байдаг билээ гэж бодоод автал Ц.Дэлгэр багш байдаг байгаа. “Чи яав. Яагаад алга болчихов” гэхээр нь би “Би наад суруульд чинь орохгүй. Төлбөр нь ч өндөр юм байна лээ” гээд хэлчихэв. Тэгсэн багш “Миний хүү ямар ч байсан хүрээд ир. Төлбөрийн асуудлыг төрийн сангаар шийдвэрлүүлж болдог юм. Багш нь заагаад өгье” гэнэ. Тэгээд буцаж очсон.

-Ирэхэд тань Ц.Дэлгэр багш зэмэлсэн үү?

-Үгүй. Улсын шалгалтад ороход ямар ч байсан нэг шанз тоглох хэрэгтэй байлаа. Багш намайг хөгжим тоглодог уу гэхээр нь сандарсандаа “Шанз” гэчихэв. Өмнө нь барьж үзээгүй хэрнээ шүү дээ. Гэтэл багш дуучин Э.Оюумаагийн шанзыг авч ирүүлж байсан. Хүний төлөө гэсэн тийм л хүн шүү дээ багш минь. Ингээд ардын хөгжмийн ангийн хүүхдээр хоёр өдөр нөгөө шанзаараа “Цэнхэрлэн харагдах” дууны аяыг заалгаж сурсан. Шалгалтад Хөдөлмөрийн баатар Г.Хайдав багш сууж байсан юм. Г.Хайдав багш надад нэг үгээрээ их урам өгсөн.

-Юу гэж?

-Намайг шанзаараа тоглож дууссаны дараа “Ц.Дэлгэр багш аа танд баяр хүргье. Хоёулаа сайхан концейртмейстертэй болох шиг байна” гэсэн. Би концейртмейстер гэдэг нь юу гэсэн үг байдгийг мэдэхгүй хэрнээ “Намайг ингээд энэ сургуульд орох эрх өгчихөж байгаа юм байх даа” гэж бодсон.

-Хэдэн хүүхэд шалгалт өгсөн юм бэ?

-Зуу гаруй. Дүн гараад нэрс жагсаахад минийх эхний тавд байсан.

-Сургалтынхаа төлбөрийг яаж зохицуулав?

-Есдүгээр сарын нэгэж болж хүүхдүүдийг хичээлдээ суухаас өмнө төлбөрөө төл гэсэн юм. Би төрийн сангийн зээл хөөцөлдсөн ч бүтдэггүй. Тэгэхээр нь Ц.Дэлгэр багшдаа дахиад л “Би нутаг буцлаа. Нөгөө төрийн сангийн зээл чинь бүтэх ч үгүй юм байна” гээд өөрийнхөө төлөө явж байж багшийн өмнөөс гүйсэн юм шиг ярив. Гэтэл багш “Би чамд хэд хоногийн чөлөө өгье. Чи энэ зарчимаар хөөцөлд” гээд бүх гарцыг нь гаргасан бичиж хийж өгсөн. Гэхдээ “Босго төлбөр тушаадаг юм. Ядахдаа 100 мянган төгрөг ол” гэсэн. Түүнийгээ аав ээждээ хэлж хүнээс зээлүүлж авхуулсан. Аав ээж маань бие муутай байсан болохоор би гэрээсээ мөнгө нэхэхээс санаа зовдог байсан. Гэхдээ аавыгаа 57, ээжийгээ 52 настайд нь алдсан ч олон жил хамт байсан гэж боддог шүү.

-Төрийн сангийн зээл тэгээд бүтсэн үү?

-Бүтсэн.

-Сургуульд ороод нэг их удаагүй байхдаа та Ардын жүжигчин Л.Шархүүгийн нэрэмжит уралдаанд түрүүлсэн билүү?

-Тэр үеэс би хүмүүст танил болсон. Янз бүрийн тоглолтод ч оролцдог боллоо.

-1999 онд болсон тэр уралдаанд та түрүүлж шагналд нь гайгүй мөнгө авсан гэдэг байх аа?

-Тийм. Түүгээрээ л гэрийнхнийгээ хөдөөнөөс авч ирсэн. Хөхөө өвлийн хүйтэнд ядруухан биетэй аав минь ачаан дээрээ сууж, ээж дүү нартай кабинд нь чигчилдэн байж хотын айл болцгоосон. Би шагналынхаа мөнгөний үлдсэнээр нь Хайлаастад хашаа авсан юм. Цасаар хаяагаа манаж, нүүрс түлэхдээ түлнэ. Байхгүй бол картонон цаас. Тэгж л амьдрал эхэлж байлаа.

-Оюутан байхдаа та бааранд дуулдаг байсан юм билээ, тийм ээ?

-Тийм шүү. “Чаплин” гэдэг бааранд дуулдаг байсан. Гадаадын хүмүүс олон орж гардаг байсан болохоор эзэн нь ардын урлагийн номероор зочиддоо билэг барих гэж намайг дуулуулдаг байсан юм. Тэнд хүндэтгэлийн тоглолт ч болно. Дуулсныхаа дараа урлагийнхаа хувцасыг хормогчоор сольж цайны газар ч аяга угаадаг байлаа. Тэгсний хүчинд гэрийнхнийгээ хоёр идүүлэхгүй ч хоосон хонуулдаггүй байсан. Ер нь амьдралын төлөө тэмцсэн нь ондог юм байна.

-Тэр үед нэлээд ядардаг байсан байх даа?

-Ганцхан би биш дээ. Ялангуяа хөдөөнөөс ирсэн оюутнууд. Хөлийнхөө улыг цэврүүттэл алхдаг байлаа. Өөрт тохиолдож байгаа зүйл хүнийх биш болохоор давах л ёсой байхгүй юу. Хэн нэгэнд зовлон тохиолдож байвал “Үүнээс их аз жаргал цаана нь байгаа болоод бурхан надаас шалгалт авч байгаа юм байна” гэж бодох хэрэгтэй. Цай хоолгүй олон цагаар явахаар заримдаа толгой эргээд унах шахдаг байсан.

-Гэхдээ та тэгж их зүдэрсэн ч богино хугацаанд олонд танигдсан. Тийм үү?

-СУИС-д орсноос хойш хурдацтай хөдөлмөрлөсөн. Уртын дууг олон ч хүн сонсдог болсон. Тэгэхээр хүмүүс намайг таны хэлж байгаа шиг ойлгодог. Гэхдээ тэр богино хугацаанд өнгөрүүлсэн мөчөө эргээд санахаар жаргаснаасаа зовсон нь их байдаг. Тэглээ гээд би шантраагүй. Тууштай явсандаа өнөөдрийн өндөрлөгт хүрсэн.

-Та тэгж зүдэрч явахдаа дотроо юуг гол зарчимаа болгож сэргэж цовоождог байсан бэ?

-Нэг инээдтэй зүйл боддог байсан. Зарим нь энэ ярилцлагыг уншаад шизотой юм байна гэж бодох байх л даа. Би айлын ууган охин гэж дээр хэлсэн шүү дээ. Тиймээс би ямар нэгэн зүйлд шанрах дээрээ тулахаараа “Үүнийг би хийж чадах ёстой. Яагаад гэвэл би ууган охин нь юм чинь” гэж боддог байсан. Мөн “Бид мартахгүй” кины Аюушийн дүрийг дандаа боддог байсан. Тэр дүрд Аюуш туйлдаж тамиргүй болсон хэрнээ хөмхийгөө зууж бууныхаа бөгсийг тулж босдог доо. Би ямар нэгэн хүнд зүйл өргөх гэж байхдаа “Тэр кинонд Аюуш гэдэг түүхэн хүн бидний төлөө цусаа урсгаж амиа зольж байхад би амьдралынхаа төлөө зүтгэхгүй гээд яах юм” гэж өөрийгөө зоригжуулдаг байсан. Тэр дүр л миний сэтгэлийн тэнхээг сэлбэсэн.

-Та тэр киног хэдэн удаа үзсэн бэ?

-Олон, олон. Намайг бага байхад манайх анх удаа телевиз авчихаад би аав ээжтэйгээ үзэж байлаа. Аав ээж маань надад “Энэ хүн бидний төлөө ингэж зүтгэж байсан байна шүү дээ. Тэгэхээр миний охин ууган нь юм чинь олон бэрхшээлтэй тулгарна. Тэсч л давна шүү” гэж хэлдэг байсан. Намайг жаахан байхад шүү. Тэглээ ч би их л гүнзгий ухаж ойлгосон юм даа.

-Таныг гавьяат жүжигчин болоход зарим хүн их залуудаа авлаа гэж хэлж байсан. Тэр үед урам хугарсан уу?

-Үгүй. Тийм яриа гарч л байсан. Яг үнэндээ би нэг их залуудаа аваагүй шүү дээ. 35 насандаа авсан. Багш нар маань 32 настайдаа авч байсан юм билээ. Би хэдхэн дуу дуулаад аваагүй. Тэр тусмаа олонхийн хийдэг зүйлийг дуурайгаагүй. Мөн хэн нэгний урд, хойно гарч байж хүртээгүй. Ямар ч байсан би хөдөлмөрлөсөн. Одоо ч хөдөлмөрлөж байна. Энэ хугацаанд би хүний амьдралд тохиолдох жаргал, зовлонг амссан. Зарим үед нь зовлон амсах болоогүй насандаа ч амссан. Гэхдээ бурхан хэн нэгэнд зовлонг үүрүүлэхийн хэрээр жаргалыг хэд дахин илүү хайрладаг байх гэж ойлгодог. Тиймээс би одоо бодохдоо бурханы надад бэлдсэн зовлонг зөв замаар чадамгай биелүүлж чадаж дээ гэж боддог. Дууны урлагаас надтай хамт энэ цолтыг С.Жавхлан, Ч.Бат-Эрдэнэ, Т.Баясгалан нар хүртсэн. Тэднийг хүмүүс муугаар их ярьдаг байсан. Одоо ч хааяа ярих нь сонсогддог. Харин би өрөвддөг, өмөөрдөг. Тэдний дуугаар нэг хэсэг хүмүүс амьсгалж байсан шүү дээ. Тийм цагт өгөх ёстой зүйлийг нь өгөх л хэрэгтэй.

-Та гавьяатын тэмдгээр энгэрээ гоёчихоод зурагтаар гарахдаа нэг л гунигтай харагдсан. Юу бодож байсан юм бэ?

-Хүн гэдэг амьтан их давардаг юм билээ. Аав ээж маань намайг оюутан байхад “Охиныгоо соёлын тэргүүний ажилтан цол авахыг хараад нүд аних юмсан” гэж ярьдаг байсан. Гэтэл ээж маань хараагүй. Харин аав маань харсан. Тэгэхэд аав минь “Аав нь хүүгээ гавьяат жүжигчин болохыг л хармаар байна” гэж хэлж байсан. Гэвч бас л чадаагүй. Гэхдээ аав ээжийнхээ ерөөлийн үгээр тэд цолуудыг ээлжилж авсан. Гэхдээ би аав ээжийгээ намайг гавьяат болохыг харсангүйдээ гэж боддоггүй. Харах ёстой газраасаа л харсан байх. Тэрийг бодож би уйлсан. Одоо надад Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг одон зүүж өгч байгаа үеийн зураг байдаг. Хар торгон дээлтэй. Тэр зурганд би “Тэмдэгээ зүүгээд гарахад миний аав ээж намайг угтсан бол ямар сайхан бэ” гэж бодож жаахан гуниглаж байтал зурагчин зураг авсан байна лээ. Хүн болгон баяртай байхад би л ганцаараа гунигтай харцтай байсан. Тэгэхээр таны хэлж байгаа тань баярын харц биш гунигтайдуу байсан нь үнэн.

-Таныг төрийн ордоноос гарахад хэн хэн угтсан бэ?

-Би уйлахгүй дээ л гэж бодож байсан. Тэгээд гараад ирэхэд өвөө, хадам аав ээж, гэр бүлийн маань хүн, ажлын газрынхан угтсан. Тэгэхэд би юу бодож байсан юм бол. Ийм сайхан хүмүүс намайг хүлээгээд зогсч байхад гэж бодсон чинь өөрийн эрхгүй уйлсан (уйлав). Тэр үед би аав ээждээ дотроо “Охин чинь гавьяат болчихлоо шүү дээ” гэж шивнэсэн. Тэд маань сонссон байх аа.

-Таныг гэр бүлийнхээ хүнтэй адилхан гэж хүмүүс ярьдаг юм билээ?

-Зарим нь тэгдэг юм (хамт татуулсан зургаа үзүүлэв). Хүний хань гэдэг сайхан. Миний хань надад тохиолсон жаргал зовлонтой үед хамт байдаг. Ханьтайгаа учирсанаасаа хойш аавыг орлох аав ээжийгээ орлуулах ээжтэй болсон гэж боддог. Хоёр буурлаасаа хойш би ханийгаа шүтдэг болсон. Ойр ойрхон хагацал үзэхээр хэчнээн мэрийсэн ч даамааргүй үе тохиолддог. Урсвал урсахаар л байсан. Элгэнд ойрхон бүхэн минь явчихаар арга үгүй байх л даа. Тэр үед хань минь надтай учирч дэм болсон.

-Гэхдээ та нэлээн хатуужилтай байх аа?

-Хатуужилтай. Урлагийн хүнийг гаднаас нь харахад уяхан юм шиг хэрнээ хатуужилтай байхаас арга үгүй ертөнц.   

-Та Хан Хэнтий чуулгад ажилладаг байхдаа гэр бүлийнхээ хүнтэй хамт ажилдаг байсан юм билээ?

-Тийм. Бүжиглэдэг байсан. А.Батмөнх гэдэг. Намайг орохоос жил гаруйн өмнө ороод байсан юм билээ. Тэнд ажиллаж байгаад ШУТИС-д сантехникийн инженерийн мэргэжилээр төгссөн.

-Гэр бүлийн хүн тань сургуульд байхдаа “Нутгаа санаад байна. Нутгийнхаа хүнтэй сайхан ярилцмаар байна” гээд танай ангийн үүдэнд их ирдэг байсан гэсэн байх аа?

-Заяаны хань зам дээр гэдэг шиг учирсан хоёр л доо.

-Танд гэр бүл болох хүсэлтээ хэрхэн хэлсэн бэ?

-Их хөгжилтэй. Бид хоёр нутгаас гараад жил гаруй хэртэй уулзалдаагүй байж байгаад “Хүнсний-4”-ийн үүдэнд таарч байсан. Тэр үед манай ангийнхан миний төрсөн өдрийг тэмдэглэнэ гээд баахан хүнсний юм аваад гарч байтал мань нөхөр автобусны буудал дээр зогсч байсан. Түүнээс хойш бид хоёр их уулзалддаг болсон. Тэр манай ангийн үүдэнд “Нутгаа санаад байна. Сайхан ярьж сууя” гэдэг нь миний сэтгэлийг жаахан ч гэсэн өөртөө татах гэсэн анхны оролдлого байсан байх гэж боддог. Ойр ойрхон уулзалдахаар надад мэдэхгүй газрын бурханаас мэддэг газрын чөтгөр дээр гэдэг үг ч санаанд орж байв. Манай хүн айлын ганц хүү ч гэлээ их зөөлөн. Хэн нэгнийг зөв талаас нь байнга хардаг. Аав ээж нь тийм хүн л дээ.

-Хүүгээ нутгийнхаа айлын охиныг аваад ирэхэд аав ээж нь их гайхсан байлгүй?

-2001 оны өвөл анх удаа би хадамындаа очсон юм. Тэгэхэд нэг инээдтэй зүйл болсон. Ер нь халх ёсонд бэр болох хүнээ цагаан эсгий дээгүүр алхуулж гэртээ оруулдаг юм билээ. Тэр ёсоороо намайг очиход хадам ээж эсгий бэлдээд сууж байж. Тэднийх аймгийн төвд гэр хороололд. Хашааных нь хаалга хойшоо хардаг. Хадам ээж биднийг урд хаалгаар орж ирэх байх гэж бодоод эсгийгээ урд хаалганыхаа өмнө дэвсээд зогсч байтал бид арын хаалгаар нь орсон. Тэгсэн чинь хадам ээж цасан дээр халтирч унах шахаад өнөө эсгийгээ чирээд ирж байсан үе санаанд орж байна. Хадам аав хааяа халамцахаараа намайг “Миний муу арын хаалганы бэр” гэдэг (инээв).

-Таныг гэр бүлийнхээ хүнтэй адилхан гэдэг юм билээ?

-Мэдэхгүй. Хүмүүс тэгдэг юм. Уг нь хоёр өөр орчинд өссөн юмдаг.

-Та хүү охинтой байх аа?

-Бидний үр харамсалтай нь бүтээгүй. Дараа нь хүүтэй болсон. Хүүгээ төрүүлээд удаагүй байхдаа гавьяат жүжигчин гэдэг цол хүртсэн. Бид хүүгээ ээждээ шагнал авч ирлээ гэж боддог.  

-Таны аав ээж хоёрын аль нь тань шиг том нүдтэй байсан юм бэ?

-Аль нь нэг их том нүдтэй байгаагүй.

-Таныг Норовбанзад агсантай зүйрлэмээр дуучин залгалаа гэж хүмүүс ярьдаг. Өөрөө энэ үгийг сонсоод ямар бодолтой байдаг вэ?

-Түмэн олны үнэлгээнд баярлаж байна. Гэхдээ би тэгж боддоггүй. Харин хойчийг нь залгаж гарч байна гэвэл болно. Тийм том хүнтэй өөрийгөө зүйрлэнэ гэдэг санаанд багтамгүй хэрэг. Би доллар биш. Хүн бүхэнд таалагдах албагүй ч хийх ёстой зүйлээ хийгээд л явж байна.

-Уртын дуу дуулахын хамгийн сайхан нь юу вэ?

-Дуу нь тэр чигээрээ түүх, ухаарал, хүмүүжил, хүн чанар агуулсан байдаг. Би энэ цагт хамгийн ихээр ховордож байгаа дээрх зүйлийг дуунаас олж авдаг. Тиймээс уртын дуу дуулах нь хүн болсны гавьяагаа улам их мэдэрдэг.

-Уртын дууг сонсохоор нэг л тайван байдлыг мэдэрдэг. Харин дуучин нь ямар мэдрэмж авдаг бол?

-Дуулж байгаа хүнээс сонсогч нь юу мэдэрч байна, түүнийг л олж авдаг. Сэтгэлээс сэтгэлд хүрч байгаа зүйл шүү дээ. Зарим хүн баян айлын нохой болж төрчихгүйдээ гэж ярьж байгааг сонссон. Энэ дэндүү харамсмаар байгаа биз дээ.

-Та Нобелийн шагнал гардуулах ёслол болон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд дуулсан. Энэ их ховор тохиолыг яаж олов?

-Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав гуай олон сайхан хөгжим зохиосон. Тэр бүтээлд нь “Хэрлэнгийн баръяа” дуу орсон. Тэрхүү дуу нь дэлхийн хэмжээнд тоглогдож би дуулсан юм. Харин хөлбөмбөгийн ДАШТ-ний хувьд 2001 онд New York-ийн Гарниго театрын тайзан дээр тэр дуугаа хөгжимгүйгээр дуулахад хөлбөмбөгийн ДАШТ-ний зохион байгуулагчид үзэгчдийн дунд сууж байсан юм билээ. Тоглолтын дараа надтай уулзаж намайг тэмцээнийхээ нээлтэд дуулахыг хүссэн. Тэр жилийн хөлбөмбөгийн ДАШТ Азид болсон шүү дээ. Тиймээс Монгол дуучинаар эхлүүлэх нь зүйтэй юм гэж дүгнэсэн байж л дээ.

-Гэрээний хувьд ямар үнээр тохиролцсон бэ?

-Намайг гадагшаа их явдаг болохоор хүмүүс доллар ярьдаг. Тэр нээлтийн хувьд л гэхэд манай улс шиг эдийн засгаар дорой орныг дэлхий даяар таниулах зүйл нь урлаг. Тиймээс тэр бүтээлийг дэлхийн хэмжээнд тоглуулна гэдэг асар их боломж юм. Иймд бид мөнгө харах биш боломжийг л алдахгүй байх нь чухал. Яг үнэндээ цаанаас нь надаас шаардагдах бүх зардалыг гаргасан. Цалин энэ тэр гэж нэг зүйл оногддоггүй. Эх орон мандтугай гээд явж байгаа хүн шүү дээ.

-Таныг Өвөр Монгол Буриадаас “Манай улсад удаан хугацаагаар ирж ажилаач” гэсэн санал ирсэн юм билээ. Амьдралаа бодсон ч хэдэн төгрөг нь хэрэгтэй юм. Та яагаад зөвшөөрөөгүй юм бэ?

-Тийм юм байсан. Ид хийх насандаа аль нэг газар очиж хүлэгдэхийг хүсээгүй юм. Уртын дууг хаана сурах, дуулах ёстой вэ гэвэл Монголд. Тиймээс орчинд нь улам сайн сурахыг хичээж байна. Жишээ нь Хятадад очиход хэн надад дуу заах юм. Би хөгжихгүй шүү дээ.                       

-Та хэдэн оноос гадаад явж эхэлсэн бэ?

-2000 оноос. Урлагийн буянаар олон орноор явсан.

-Таны хувьд уртын дуунаас дуулахад хэцүү ямар бүтээл байдаг вэ?

-Айзам аялгуут том дуунууд байдаг. Их чардайлгана шүү. Ер нь уртын дуучдад. Дотроо эрэгтэй, эмэгтэй хүн дуулахад тохирсон байдаг. Миний хувьд жижиг жижиг нугалаатай чимхлүүр дуу хэцүү. Ялангуяа баруун аймгийн дуу. Би тал нутагт төрсөн болохоор налайж дуулахаар дууг дуулах дуртай.

-Та уран сандаа хэчнээн дуутай вэ?

-Өөрийн болгосон нь гэвэл 20 орчим. Мэддэг дуу гэвэл 100 орчим.

-Ярилцсанд баярлалаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Хонгорзул: Урлагийнхаа хувцасыг хормогчоор сольж, цайны газар аяга угаадаг байлаа  
Үзсэн: 2171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.26.xxx] 2018-09-06 14:05
Гомо Мөнхөө ахад өөрөөс нь дүү залуусаас хандаж хэлэх нь:Хүний бэлгийн чиг баримжаа ямарч байж болно. энэ бодл ардчилсан нийгэмд хүний эрхийн асуудал Гэхдээ энэнээсээ болж бага насний эрэгтэй хүүхэд татаж чангаагаад тэрэндээ бантаж тэнэгтэх нь мунхаг, балмад, ямар ч хар ухаангүй ер нь бол онцгой маанаг хүний л үйлдэл шүү
Зочин [202.179.25.xxx] 2018-09-03 14:48
гайхамшигтай дуучин бүсгүйдээ улам их амжилт хүсье. гэр бүлд нь аз жаргал хүсч өнөр өтгөн сайхан амьдрал ерөөе
MGL [103.9.90.xxx] 2018-09-03 14:39
Сайхан дуучид төрж өв уламжлалаа сэргээж Монголоо сурталчилж байгаад баяртай байна Мундаг шүү
Зочин [64.119.26.xxx] 2018-09-03 14:03
Ээ бурхан минээ амьд бурхан юм байна ш дээ энэ эгч чинь. Уул нь битүү төрнө гэдэг чинь байдаг л асуудал ш дээ. Худлаа сүржигнэсэн нөхөр байна. Харин дуулдаг муулдаг юу юм гэхээс ха ха. Хөдөөний хүн жинхэнэ монгол юм бол тэр көдөөдөө көөсөн мантуу царайлаад дуулаад тааваараа байхгүй дээ. Одоо хүүхдүүд нь котод өсөөд жинхэнэ монгол хүн болж чадахгүй нь байна шд.
Мөнхжаргал [95.211.211.xxx] 2018-09-03 13:35
дүү болон бэртэй маань найзууд, ээжийг минь амьд байхад гэрт нь дуулж өгдөг байсан сайхан эмэгтэй шүү
Мөнхжаргал [95.211.211.xxx] 2018-09-03 13:34
эгчийн маань охин америк залуутай гэр бүл болоход хурим нь дээр нь дуулж байсан. америкууд гайхаад л байсан. тэр үед дуулсан "хүний газар хэцүү шүү хүндлэн хайрлаж яваарай" гэдэг дуу нь маш их таалагдсан даа.
зочин [45.117.35.xxx] 2018-09-03 13:19
өөрөө бэлдсэн юм уу хайшаа юм зохиомол ярилцлага болжээ.
Зочин [66.181.191.xxx] 2018-09-03 12:43
Жаахан хэтруулэгтэй ярьдаг шуу бодож яваарай
Зочин [122.201.23.xxx] 2018-09-03 12:42
Сайхан дуучиндаа уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе
Зочин [182.160.2.xxx] 2018-09-03 12:24
yariltslaga mash ih taalagdlaa amjilt husei

Бидэнтэй нэгдээрэй