Шууд Chart

А.Очирболд, Ц.Ган-Эрдэнэ нар НҮБ-ын төв байранд үзэсгэлэнгээ гаргажээ

2018-09-05 09:08:08

МУЭ-ийн шагналт, уран барималч А.Очирболд, ХБНГУ-д уран бүтээлээ амжилттай туурвиж буй зураач Ц.Ган-Эрдэнэ нарын хамтарсан үзэсгэлэнгийн нээлт АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд өчигдөр болжээ. 

Амьдралын нэгээхэн хормыг киноны нэг кадр мэт яг л тэр мөчид нь зогсоож үзүүлэхийг зорьсон “Энэ мөчид” нэртэй үзэсгэлэнгийн үзүүлбэрүүдийг уламжлал ёсоор ханан дээрээс үзэх биш, харин танхимд уран зураг, уран баримлыг хослуулан обьект хэлбэрээр байрлуулснаар нэг бүтээл тусдаа биш, ойр орчмын бүтээлүүдтэйгээ хамт нэг орон зайд харагдаж байгаа нь тухайн орон зай, цаг хугацааг мэдэрч үзэх боломжтой. 

Уран барималч А.Очирболдын “Ухамсар” нэртэй хөшөө НҮБ-ын төв байрны талбайд сүндэрлэж буй.  Уг бүтээлийн санаа “Энэ мөчид” үзэсгэлэнд тусгагдаж, хүний оюун санаа ба нийгмийн харьцааг харуулсан нэгэн цогц концепц болж байгаагаараа онцлогтой. “Хүн болгон адилхан төрөх боловч тухайн нийгэм, улс төр, байгалийн, тэр дундаа нийгмийн хөгжлийг дагасан материаллаг хүчин зүйлсийн нөлөөгөөр үргэлж өөрчлөгдөж байдаг. Бидний амьдрал тоосонцор мэт боловч ухамсар тасралтгүй үргэлжлэх болно. Хүйсийн ялгаанаас үл хамааран хүн гэдэг амьтны оюун санаа болон нийгмийн хамаарлыг харуулсан сонирхолтой үзэсгэлэн байх болно” гэж уран бүтээлчид нь онцоллоо.

 

Уран барималч А.Очирболд олон улсын тавцанд амжилттай ажиллаж байгаа манай цөөн уран бүтээлчдийн нэг билээ. Түүний урласан монгол морьдын хөшөө эх орны дайны ялалтын бэлгэ тэмдэг болж Москва хотноо  заларсан бол “Ухамсар” бүтээл нь НҮБ-ын төв байрны талбайд сүндэрлэж байна.

ХБНГУ-ын Мюнстер хотын Соёлын академид суралцаж төгссөн зураач Ц.Ган-Эрдэнэ нь зэрэгцээ ертөнцөд оршиж байгаа хүмүүсийг усны тусгалаар дамжуулж үзүүлэх өөрийн гэсэн арга барилаараа баруунд танигджээ.

Өнгөрсөн хугацаанд тэрбээр тус улсад зохион байгуулагдсан олон үзэсгэлэнд оролцож, 10 гаруй бие даасан үзэсгэлэнгээ дэлгэсэн. Дөрвөн галерейтэй тогтмол хамтран ажилладаг тэрбээр “Монголыг мэдэхгүй хүмүүст би эх орныхоо тухай их тайлбарладаг. Олон монгол хүн дэлхийд нэрээ гаргаасай гэж хүсдэг. Дэлхий дээр олон хүн Монголыг мэдэх тусам бидэнд хэрэгтэй. Монголчууд маань хамтран ажиллаж байж л амжилтанд хүрнэ. Тийм цаг удахгүй ирэх байх аа” хэмээн түүнтэй ярилцахад оцлон дурдаж байсан. 

Хоёр уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн Монголчууд хамтран ажиллавал илүү амжилтад хүрэхийн үлгэр дуурайл болж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Очирболд, Ц.Ган-Эрдэнэ нар НҮБ-ын төв байранд үзэсгэлэнгээ гаргажээ   
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй