Шууд Chart

Нярайн асаргаа

2018-09-06 15:11:46

Энэ зөвлөгөөг гэр бүлдээ шинэхэн гишүүнээ өлгийдөн аваад буй эцэг эх, эмээ өвөө нарт зориулж байна. Танай гэрт мэндэлсэн шинэхэн гишүүн та бүгдийн хайр энэрэлээр өлгийдүүлэн, гэрэл гэгээгээ цацруулан буй биз ээ.

Шинээр ээж аав болж байгаа залуучууд, тэр байтугай хоёр, гуравдах хүүхдээ хүлээн авч байгаа эцэг эхчүүд хүртэл дөнгөж төрсөн хүүхдэд юу хэрэгтэй байдаг өдөр тутам ямар асаргаа сувилгаа шаардлагатай байдгыг тэр болгон мэддэггүйгээс багахан сандралыг өөрсөддөө буй болгодог. Тэгвэл энэхүү бяцхан зөвлөгөө нь та бүгдэд өчүүхэн ч болтугай тус нэмэр болно гэдэгт итгэж байна.

Нярай хүүхэд гэдэгт төрсний дараах 28 хоногтой хүүхдүүд хамаарна. Энэ хугацаанд хүүхдийн бие махбодид гадаад орчинд дасан зохицохтой холбоотой хэд хэдэн хариу урвалууд илрэн гардаг. Жишээлбэл: нярайн шарлалт, гэдэсний хямрал, биеийн жин болон дулаан бууралт, дааврын өөрчлөлтүүд болох хөхний булчирхай томрох, цагаан батга зэргийг нэрлэж болно. Эдгээр нь хэдийгээр бүхий л нярайд илэрдэг хэвийн өөрчлөлтүүд боловч хүүхдийн онцлог, жирэмслэлт, төрөлтийн явц зэрэг олон шалтгааны улмаас харилцан адилгүй байдаг. Энэ бүгдийг харъяа өрхийн эмч, сувилагчтайгаа зөвлөн илүү дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэлүүдийг авах зайлшгүй шаардлагатай.

Нярай хүүхдийн өрөө, гэр орны нөхцөл нь нярайн онцлогт тохирсон чийглэгтэй, дулаахан, гэрэлтүүлэг сайтай буюу наран талдаа цонхтой, агаар оруулах боломжтой, тавилга цөөтэй саруулхан байх хэрэгтэй. Өрөөний хэм 22-24 байх нь тохиромжтой. Хүүхдийн байрлах өрөөг тогтмол агааржуулж, өдөр бүр тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх ба хүүхдийн өрөөнд тамхи татах, химийн бодистой угаалга хийх, угаасан юм хатаах, хуурай цэвэрлэгээ хийж тоос шороо бужигнуулах нь таны бяцхан үр ямар нэгэн харшлын өвчтэй болох үндэс суурийг тавьж өгдөг. Цонхонд аль болох зузаан хөшиг зүүлгүй нарны гэрлийг шууд тусгаж байх, хуурайшилтаас сэргийлэн зориулалтын чийгшүүлэгч тавих аль эсвэл устай сав тавьж ууршуулж болно. Өрөө нь хэт халуун бүгчим буюу хүйтэн байснаас хүүхдийн хамар битүүрч хөлрөн тайван унтаж чадахгүй таагүй байдлууд үүсдэг. Хүүхдийг хэт бигнэн хаалга цонхыг битүүлэх нь гадны нөлөөлөлд өртөмхий өвчлөмтгий болгодог. Өрөөний салхивчийг зуны улиралд өдрийн турш онгорхой байлгаж өвлийн улиралд хоногт 3-4 удаа цэвэр агаар оруулах хэрэгтэй. Нярайг салхинд гаргах нь чийрэгжүүлэлтийн хамгийн сайн аргуудын нэг юм. Зуны улиралд төрсөн хүүхдийг төрөхөөс гармагц салхинд гаргаж болох бөгөөд эхлэн гаргах хугацаа нь 10-15 минут байна. Аажмаар хугацааг уртасган 2-3 цаг агаарт байлгана.

Хөхүүлэх

Эхийн сүү ангир уураг нь хүүхдэд эхний зургаан сарын турш шаардагдах бүхий л шимт бодисыг хамгийн зохистой харьцаагаар агуулсан шилдэг хоол юм. Хүүхдийг хүссэн үед нь аль болох олон удаа өдөр шөнөгүй хөхүүлэх ба хүүхэд цадаж хөхөхөө больтол нь хөхүүлэх хэрэгтэй. Хүүхдээ хөхүүлэхдээ зөв байрлалыг сонгох ба хөхөө зөв амлуулах нь чухал байдаг. Суугаагаар хүүхдээ хөхүүлж байгаа бол хүүхдээ энгэртээ тэврэхдээ дэр хэрэглэснээр гар чилэхээс хамгаална. Хөхөөр хооллолтын эхний өдрүүдэд хөхний товч хэт мэдрэг, хатуурч хөндүүрлэх бөгөөд энэ мэдрэмж буурахад тодорхой хугацаа шаарддаг. Хүүхдэд ангир уургийг хангалттай хэмжээгээр хөхүүлэхийн тулд 2,2 минутаар хоёр хөхөндөө ээлжлэн бариж хөхүүлэх хэрэгтэй. Хөхүүл эхэд маш их анхаарал халамж шаардлагатай байдаг. Та хүүхдээ болон өөрийгөө асрахаас өөр зүйл хийх ёсгүй. Үнэндээ хөхөөр хооллоно гэдэг нь маш хүнд ажил. Үүнийг ар гэрийнхэн нь сайн ойлгож дэмжин хөхүүл эхийг сайтар амраан асрах нь хөхний сүүний гарцад чухал нөлөөтэй байдаг.

Хүй арчлах

Хүүхдийн хүйг хуурай цэвэр байлгах хэрэгтэй ба эмчийн зааваргүйгээр ямар нэгэн эмийн бодис хэрэглэхийг хориглодог. Хүйн эргэн тойрон улайх, хүйн шархнаас үнэртэй шингэн гарах тохиолдолд эмчид хандах шаардлагатай.

Хүүхдийн нүд, чих, хамар, ам цэвэрлэх

Хүүхдийн нүдийг өдөр бүр буцалсан усанд норгосон цэвэр хөвөнгөөр нүдний гадна булангаас дотор буланруу чиглүүлж нүдийг тойруулан зөөлөн арчиж цэвэрлэнэ. Нүднээс нуух гарах, нүдний салст улайсан тохиолдолд эмчид хандах шаардлагатай.

Хүүхдийг усанд оруулсний дараа чихний гадна дэлбээ, чихний ар хэсгийг буцалсан усаар норгосон хөвөнгөөр зөөлөн арчиж цэвэрлэнэ. Хэрвээ хүүхдийн чихнээс хуурай нойтон хулхи гарах тохиолдолд мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.

Хүүхдийн хамар битүүрснээс хөхөө хөхөж чадахгүй тайван бус унтаж чаддаггүй. Хамрыг цэвэрлэхдээ хамарт ус дусаах, гаднаас тос түрхэж зөөллөсний дараа доош харуулан хэсэг хэвтүүлэхэд нус зөөлөрч аяндаа урсан гарах буюу наашилдаг. Энэ үед зөөлөн эрчилсэн хөвөнгөөр имэрч авна. Хүүхдийн хамрыг ойр ойрхон ухаж цэвэрлэх, хатуу зүйлээр ухах, хамарт хүйтэн ус дусаах зэрэг нь хамрын салстыг гэмтээж хамар битүүрэх шалтгаан болдгийг мартаж болохгүй.

Нярай хүүхдийн амны салст амархан гэмтдэг учираас өдөр тутам цэвэрлэх шаардлагагүй. Амны салст, тагнай завьжаар зузаан цайвар шаргал өнгөр тогтсон бол хуруунд ариун бинт ороох эсвэл зориулалтын хуруувч углан цэвэрлэнэ.

Усанд оруулах

Усанд оруулах нь нярай хүүхдэд өдөр тутам зайлшгүй хэрэгтэй зүйлийн нэг юм. Хүүхдийг төрснөөс хойш 2-6 цагийн дараа усанд оруулж болно. Хүүхдийг өдрийн аль ч цагт усанд оруулж болох ч унтахаас өмнө усанд оруулах нь илүү зохимжтой. Өдөр бүр тогтмол усанд ордог хүүхэд тайван, уснаас айдаггүй, нуралтгүй байна. Нярай хүүхдийг усанд оруулахдаа дараах зүйлийг анхаарна. Үүнд:

Хүүхдийн биеийн халуун хэвийн байх ёстой.
Өрөө дулаан байх \22-25 хэм\.
Усны дулааныг тохойгоо дүрж эсвэл зориулалтын хэмжигчээр хэмжинэ \37 хэм\.
Хүүхдийг хооллосноос хойш 30 минутын дараа усанд оруулна.
Хүүхдээ нүцгэлэхийн өмнө салхивчаа хааж уснаас гараад өлгийдөх, хувцаслах, тослох зүйлсийг бэлтгэж тавина.
Усанд оруулах онгоцны ёроолд гулгахаас сэргийлж цэвэр алчуур дэвсэнэ.
Хүй нь цөглөөгүй нярай хүүхдийг маш цэвэрхэн усанд оруулах шаардлагатай учир усаа урьдчилан буцалгах нь зүйтэй.
Хүүхдийг тайван бус уйлж байх үед нь усанд оруулах хэрэггүй.
Хүүхдийн онгоцон дахь усны гүнийг 10-15 см-ээс хэтрүүлж болохгүй.

Эх сурвалж: Нийслэлийн Өргөө Амаржих Газар


Нярайн асаргаа   
Үзсэн: 1007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй