Шууд Chart

Газар хөдлөлтийн улмаас 20 гаруй хүн сураггүй болжээ

2018-09-06 16:11:12

Японы Хоккайдо аралд өнгөрсөн шөнө 3 цагийн орчимд 6,7магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн улмаас томоохон газар нутгийг хамарсан газрын хөрсний гулгаа үүсэж, Хоккайдо арлын хойд бүс бүхэлдээ гэрэл цахилгаангүй болжээ. Одоогоор газар хөдлөлтийн бүсэд хүн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна, харин гэмтэж бэртсэн хүний тоо өсөж 125-д хүрч, 20 гаруй хүн сураггүй байгаа юм байна.

Газар хөдлөлтийн голомтын ойролцоох үүссэн газрын хөрсний гулгалтад Ацума хотод айлуудын байшин барилга дарагдсан байна. Тус бүсээс нисдэг тэргээр 10 хүнийг аварсан, аврагчид газрын хөрсөнд дарагдсан барилгуудад хүн үлдсэн байж магадгүйг анхааруулжээ.

Өнөөдөр өглөө Ерөнхий сайд Абэ Шинзо засгийн газраа шуурхай хуралдуулж, гамшгийн нөхцөл байдлыг хэлэлцжээ. Ингээд засгийн газар нь газар хөдлөлтийн бүсэд аврах эрэн хайх ажиллагааг бүх нөөц боломжоо дайчлан зохион байгуулах онцгой байдлын ажлын хэсэг байгуулж, мөн аврах эрэн хайх ажилд дайчлагдаж байгаа Японы өөрийгөө хамгаалах хүчний  бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Одоогоор Хоккайдод өөрийгөө хамгаалах хүчний 4000 цэрэг байгааг 25 мянга болгон нэмэгдүүлэх юм байна.

Хоккайдогийн ойролцоох хотуудад иргэдийг нүүлгэн шилжүүлэх байрууд байгуулж байгаа юм байна. Эмнэлгүүд нь нөөц эрчим хүчээ ашиглаж байна. Одоогоор Хоккайдо арлын 3 сая гаруй барилгын гэрэл цахилгааныг хэвийн горимд нь оруулахаар холбогдох газрууд нь ажиллаж байна. Тус улсын цөмийн эрчим хүчний зохицуулах газар Хоккайдо арал дахь Томари цөмийн эрчим хүчний станц онцгой байдлын горимд шилжсэн, гэхдээ станцад ямар нэгэн эвдрэл доголдол бүртгэгдээгүй гэж мэдэгджээ.

Газар хөдлөлтийн улмаас тус арлын нийтийн тээвэр мөн саатаж, Шинкансен хурдны галт тэрэгний үйлчилгээ түр саатсаны зэрэгцээ орон нутгийн галт тэрэгний үйлчилгээ, нислэгүүд түр зогсжээ. Хоккайдо арлын Нисэх онгоцны буудлын ажилтнууд нислэгийн зурвасуудыг шалгаж, аюулгүй гэсэн дүгнэлт гарвал нислэгүүдийг аль болох эрт сэргээнэ гэж мэдэгдэж байна. Хоккайдо арал нь Япон улсын хоёр дахь том арал төдийгүй хамгийн том бөгөөд хамгийн хойд замын муж, мөн 5,3сая хүн амтай юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Газар хөдлөлтийн улмаас 20 гаруй хүн сураггүй болжээ  
Үзсэн: 195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй