Шууд Chart

Дорнын эдийн засгийн чуулган ОХУ-ын Владивосток хотноо өнөөдөр эхэлж байна

2018-09-11 13:13:40

Өнөөдөр манай хойд хөршийн Владивосток хотноо Дорнын Эдийн засгийн чуулган ажлаа эхэлж байна. Сүүлийн 4 жилийн хугацаанд жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа олон улсын чуулган өнөөдөр албан ёсоор эхэлж, 11-13-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Энэ удаагийн Дорнын эдийн засгийн чуулганд дэлхийн 60 гаруй улс орноос 6 мянга гаруй төлөөлөгч оролцож байна. Тэр дундаа МУ-ын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд 2 дахь удаагаа улсаа төлөөлөн оролцож байна. Владивосток хотноо өнөөдөр ажлаа эхэлж байгаа Дорнын эдийн засгийн чуулган энэ жил “Алс Дорнод: Боломжийн хязгаарыг өргөтгөх нь” гэсэн үндсэн сэдэв дор болж байгаа юм.

Дорнын эдийн засгийн чуулганыг анх 2015 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины санаачлага, тушаалаар зохион явуулахаар тогтож, улмаар энэхүү чуулганыг жил бүр Оросын Алс Дорнодын бүс нутаг дахь Владивосток хотноо явуулж байхаар тогтжээ. Энэ цагаас хойш жил бүр уламжлал болон зохиогдож байгаа Дорнын эдийн засгийн чуулган энэ онд 4 дэх удаагаа болж, жилээс жилд хүрээгээ тэлсээр өнөөдөр бүс нутгийн төдийгүй олон улсын хэмжээнд томоохонд тооцогдох эдийн засгийн яриа хэлэлцээрийн гол талбар, гол платформ болон өргөжин тэлээд байна.
Энэ жилийн Дорнын чуулганд танд дээр хэлсэнчлэн дэлхийн 60 гаруй улс орны төлөөлөл оролцож байна. Тэдний дотор БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Японы улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын ерөнхий сайд Ли Наг Ён гэхчлэн өндөр дээд албаны төлөөлөгчид чуулганд оролцохоор хүрэлцэн ирээд байна.

Дорнын эдийн засгийн чуулганаар улс орнууд дэлхийн эдийн засгийн үндсэн асуудлууд, бүс нутгийн интеграцчлал, аж үйлдвэрлэлийн болоод технологийн салбарын шинэ ололт амжилт, шинэ салбарыг хөгжүүлэх, зөвхөн ОХУ төдийгүй дэлхийн бусад улс орны өмнө тулгамдаад байгаа даяаршлын асуудлуудыг хөндөн хэлэлцэх болсон юм.

Чуулганы үйл ажиллагаа нь оролцож байгаа улс орнуудын хэмжээнд маш өргөн хүрээний цогц арга хэмжээ болон уулзалт хэлэлцээрүүд, дугуй ширээний ярилцлага, телевизийн халз мэтгэлцээн, ажил хэрэгч өглөөний цай, үдийн зоог, бизнес-уулзалт зэрэг оролцогч талуудыг чуулган үргэлжлэх хугацаанд бүх талаар өөр хоорондоо нээлттэй ярилцах хэлэлцэх боломж нөхцлийг бүрдүүлэх хэлбэрээр болдог уламжлал хэдийнэ тогтжээ. Мөн жил бүрийн Дорнын эдийн засгийн чуулганыг зохион байгуулахад Оросын нэр хүнд бүхий байгууллагууд, төрийн өмчит компаниуд ивээн тэтгэгчээр оролцдог байна. Энэ жилийн Дорнын Эдийн засгийн чуулганыг Газпром, Рус-гидро, Роснефть, Оросын экспортын төв гэхчлэн нэр хүнд бүхий компаниуд ивээн тэтгэж байна.

Түүнчлэн Дорнын Эдийн засгийн чуулганы хүрээнд зөвхөн бүс нутгийн улс орнууд төдийгүй мөн Ази-Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны байгууллага, Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага гэхчлэн бүс нутгийн томоохон олон улсын байгууллагуудын хүрээнд уулзалт хэлэлцээрүүд, хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүд хийгддэгээрээ мөн онцлог байдаг.

Энэ жилийн Дорнын эдийн засгийн чуулганы үндсэн хөтөлбөрт хэд хэдэн чухал сэдвийг хөндөн хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Эдгээрийн дотор бүс нутгийн улс орнуудын бизнесийн хамтын ажиллагааг тэлэх, Оросын Алс Дорнодын бүсийн эдийн засгийн потенциал-чадавхид бүх талын шинжээчдийн зүгээс үнэлэлт дүгнэлт гаргаж, цаашдын хамтын ажиллагаа, эдийн засгийн болоод санхүүгийн өрсөлдөх чадавхи, бүс нутгийн хүрээнд шинээр хөрөнгө оруулалт татах боломж нөхцлийг танилцуулах, мөн төрийн болоод орон нутгийн засаг захиргааны хүрээнд гадны бизнесийг татах чиглэлд хийгдэж байгаа ажлууд, цаашдын зорилт зэргийг чуулганы үндсэн сэдвийн хүрээнд хөндөн хэлэлцэхээр тусгаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дорнын эдийн засгийн чуулган ОХУ-ын Владивосток хотноо өнөөдөр эхэлж байна  
Үзсэн: 399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй