Шууд Chart

Ким Жон Ун, АНУ-ын ерөнхийлөгчтэй биечлэн уулзах хүсэлтээ илэрхийлжээ

2018-09-11 13:23:06

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад хандан захидал илгээсэн байна. Энэ амралтын өдрүүдэд БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэсэн Умардын тэргүүн улс орноо цаашид төвхнүүлэх ажилдаа ханцуй шамлан орж, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад хандан Цагаан ордны тэргүүнтэй биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн захидал илгээсэн байна.

Умард Солонгосын удирдагч АНУ-ын тэргүүнд хандан захидал илгээсэн талаар Цагаан ордноос мэдээлжээ. Цагаан ордны албаны төлөөлөгч Сара Сандерс энэ талаар сэтгүүлчдэд мэдэгдэж, Умард Солонгосын тэргүүнээс ирүүлсэн захидал нь ихэд найрсаг уур амьсгалтай байсныг дурьдан, ноён Ким Жон Ун АНУ-ын тэргүүнтэй дахин нүүр тулан уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэжээ. Сара Сандерс энэ талаар мэдэгдэн, Вашингтоны тал Пхеньянаас ирүүлсэн энэхүү хүсэлтийг тааламжтай байдлаар хүлээн авч байгаагаа илэрхийлэн, хоёр улсын албаны хүмүүс ойрын хугацаанд багтаан хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах ажлын талаар хэлэлцэн тохиролцож, үйл явцыг эхлүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгийг мэдэгдсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар өнгөрсөн 6-р сард Сингапурт анх удаа нүүр тулан уулзаж, хоёр улсын тэргүүн нарын дээд уулзалт амжилттай зохион байгуулагдсан юм. Сингапурын дээд уулзалтын хүрээнд талууд хоёр улсын харилцаа холбоог сайжруулах үндсийг тавьж, Солонгосын хойгийн бүс нутгийн цөмийн зэвсгээс ангижруулах гэсэн гол асуудлуудаар санал нэгдэж чадсан юм. Тухайн үед Ким Жон Ун Сингапурын дээд уулзалтын үр дүнд ихэд сэтгэл хангалуун үлдэж, энэ бол хоёр улсын харилцааны “цоо шинэ эрин үе”-ийн эхлэл гэдгийг тэмдэглэж, ирээдүйд АНУ болон Умард Солонгос гэсэн хоёр улсын харилцааг ихээхэн эргэлт, өөрчлөлт шинэчлэл хүлээж байгааг онцолж байсан юм.

Магадгүй энэ үгэндээ хүрэхийн тулд Умардын удирдагч Цагаан ордны тэргүүнтэй ойрын хугацаанд дахин нүүр тулсан уулзалт хийж, өнгөрсөн 6-р сарын дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн амжилтаа бататгахыг зорьж байгаа бололтой гэж олон улсын шинжээч ажиглагчид Умард Солонгосын тэргүүний захидлын утга агуулгыг тайлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ким Жон Ун, АНУ-ын ерөнхийлөгчтэй биечлэн уулзах хүсэлтээ илэрхийлжээ  
Үзсэн: 186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй