Шууд Chart

БНХАУ болон АНУ худалдааны хэлэлцээг шинэ шатанд гаргахаар тохиролцлоо

2018-09-14 13:38:37

БНХАУ болон АНУ-ын сангийн яам 2 улсын хооронд үүсээд байгаа худалдааны маргааныг шийдвэрлэх тухай хэлэлцээг шинэ шатанд гаргахаар тохиролцлоо гэж Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Хятад улс Америкийн талаас тавьсан худалдааны маргааныг зогсоох тухай шинэ хэлэлцээ хийх саналыг хүлээн авсан байна.

Хятадын худалдааны яамны мэдээлснээр худалдааны дэд сайд Ван Шоувен АНУ-ын сангийн дэд сайд Дэвид Мэльпасстай яриа хэлэлцээ хийхээр энэ сарын сүүлээр АНУ-д айлчлах юм байна. Үүнээс өмнө хамгийн сүүлд өнгөрсөн 8-р сард Хятад Америкийн худалдааны төлөөлөгчид Вашингтонд уулзсан боловч хэлэлцээ дорвитой үр дүн хүрээгүй өндөрлөсөн гэхдээ талууд цаашид хэлэлцээг үргэлжлүүлэхээр талууд тохиролцсон юм. Бээжин Вашингтон хоёр аль аль талдаа 34тэрбум америк долларын дүнтэй бараанд 25 хувийн импортын татвар тогтоосноор худалдааны дайн эхэлж өнгөрсөн 6-р сард Бээжинд хийсэн хоёр талт хэлэлцээ мухардмал байдалд орсон.

Талууд худалдааны асуудалд дорвитой шийдэлд хүрч чадалгүй Өнгөрсөн 8-р сарын 23-нд, АНУ, Хятадын эсрэг 2 дахь шатны арга хэмжээ авч 16 тэрбум америк долларын дүнтэй бараанд тогтоосон 25хувийн импортын татвар хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Вашингтоны хоёрдахь шатны импортын татварын хариуд Хятадын тал мөн Америкийн 16 тэрбумын дүнтэй бараанд импортын татвар тогтоосноор одоогийн байдлаар, хоёр тал харилцан 50 тэрбум долларын дүнтэй бараа бүтээгдэхүүнд 25 хүртлэх хувийн импортын татвар тогтоогоод байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн 8-р сард АНУ-ын засаг захиргаа, Хятадын эсрэг 3 дахь шатны арга хэмжээ авч, Хятадын   200  тэрбум  ам.долларын   нийт өртөг бүхий  бараа  бүтээгдэхүүний импортын  татварыг нэмэхээр  төлөвлөж  байгаагаа зарласан юм.

Энэ шийдвэрийн эсрэг Хятадын талаас хариу мэдэгдэл гаргаагүй байгаа ч Америк  Хятадын  төлөөлөгчид   худалдааны  дайн  эрс  хурцдахаас  сэргийлж хэлэлцээгээ  сэргээхийг  чармайж  байна гэж ажиглагчид харж байна. Одоо болох хоёр талт хэлэлцээ дэлхийн номер нэг хоёр эдийн засаг худалдааны маргаанаа зогсоох тохиролцоонд хүрэхэд тус дөхөм болох эсэх дээр ажиглагчид гол анхаарлаа төвлөрүүлж байна. Энэ сарын сүүлээр Америкд болох хоёр талын уулзалт үндсэндээ цаашид худалдааны дайныг зогсоох чиглэлд аль аль тал нь хэр их хүчин чармайлт гаргах нь вэ хэлэлцээг урагшлуулах сонирхол хэр байна вэ гэдгийг сорих сорилт болно гэж ажиглагч харж байна. Дэлхийд тэргүүлэгч хоёр том эдийн засгийн хооронд өрнөж байгаа худалдааны дайн Трампын засаг захиргаанаас зарласан худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах бодлогоос улбаатай. Вашингтон Хятадтай хийж байгаа худалдаа шудрага бус байна, Америк хэтэрхий их алдагдалтай худалдаа хийж байна гэж үзээд тэнцвэргүй байдлыг арилгахын тулд татварын арга дотоод зах зээлээ хамгаалах бодлого хэрэгжүүлж байна.

Улмаар Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар тогтоож, Хятадыг оюуны өмчийн болон технологийн санаа хулгайлахаа зогсоо гэсэн шаардлага тавьж байгаа юм. Харин Хятад улсын хувьд ямар ч улс оронтой олон улсын хууль дүрмийн хүрээнд худалдаа эрхэлж байгаагаас биш шудрага бус худалдаа хийгээгүй мөн ямар ч орны оюуны өмчийг зөрчөөгүй гэдэг байр суурьтай байж Вашингтоны худалдааны бодлогын хариуд яг адил зарчимаар ажиллахаа илэрхийлээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ болон АНУ худалдааны хэлэлцээг шинэ шатанд гаргахаар тохиролцлоо   
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй