Шууд Chart

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2018-10-12 09:50:40

УИХ-ын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 11-ний үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.

Нийт 8 бүлэг бүхий хуулийн төслийн зорилго нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим,үндсэн чиглэл, зохион байгуулалт, уул ажил дахь төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог тодорхойлох замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох гэдгийг тэрбээр танилцуулгадаа дурдав. Төсөлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хамрах хүрээ болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг улсын болон тодорхой засаг захиргааны нэгжийн хэмжээнд уялдуулан зохицуулах талаархи зохицуулалтыг төсөд тусгасан байна.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаархи Засгийн газар, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нутгийн захиргааны байгууллагууд болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээд, хэвлэл, мэдээллийн оролцооны талаарх зохицуулалтыг тусгажээ. Уг үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, ял эдэлсэн этгээдийг хянах асуудлыг, энэ төрлийн үйл ажиллагааны санхүүжилтийн талаар болон хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар төсөлд тусгасан болох С.Бямбацогт гишүүн танилцууллаа. Төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. Хэлэлцүүлэгт оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва, Д.Лүндээжанцан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт тайлбар авлаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол зөвхөн цагдаа, хууль хүчний байгууллагын ажил биш гэдгийг хэлж байв. Асуудлыг бүхэлд нь харж, суурь шалтгааныг нь шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай гэдэг саналыг хэлж байв. Нийгмийн харилцаа нь бүх салбарын уялдаа, харилцан хамаарал дээр тогтдог учир нэн тэргүүн гэр бүлийн орчинд, хувь хүний хүмүүжил төлөвшилд анхаарах нь чухал.

Ажил эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг гарц мөн. Үүний зэрэгцээ боловсролын байгууллагууд энэ ажилд ихээхэн үүрэгтэйгээр манлайлан оролцох, цаашлаад бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх замаар гэмт хэргийн гаралтыг бууруулж байсан гадны улсуудын туршлагыг анхаарч үзэх нь зүйтэй гэдгийг хэлж байв. Д.Лүндээжанцан гишүүний хувьд төслийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ тун нухацтай судалж, зарим зүйл заалттай холбоотой саналуудаа ажлын хэсэгт бичгээр хүргүүлэх саналтай байгаа гэлээ. 

Ийнхүү төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.7 хувь нь дэмжив. Иймд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн байна.


Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв  
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй