Шууд Chart

Монголын шигшээ багийнхныг шагнаж урамшууллаа

2018-10-12 10:20:46

“Дэлхийн аваргын алтан цом булаалдах” үсчин, гоо засалчдын тэмцээн 2018 оны есдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо болсон.

Уг тэмцээнд Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны гишүүн 14 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, гоо сайхан, хуримын хоёр ажилбартай төрөлд багаараа мөнгөн медаль, эмэгтэй урт үсний хоёр ажилбартай төрөлд хүрэл медаль, Дэлхийн үсчин, гоо сайхны холбооны хүндэт медаль, гоо сайхны төрлийн дасгалжуулагчийн мөнгөн медаль, Зүүн бүсийн Европ тивийн аваргын алтан цомыг тус тус хүртэж, өндөр амжилт үзүүлсэн юм.

Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоо нь 2006 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн үсчин, гоо сайхны холбоо (Organisiation Mondiale Coiffure)-ны гишүүн бөгөөд тус холбооноос зохион байгуулдаг тив, дэлхийн тэмцээнд 12 жил тасралтгүй Монголын шигшээ багийг бэлтгэн, оролцуулж ирсэн. Энэ хугацаанд дэлхийн аварга үсчнээр нэг удаа шалгарч, багаараа хүрэл медаль, Ази, Европ тивийн зургаан удаагийн аваргын алт, мөнгөн медаль хүртэж байсан бол 2018 онд алтан цомыг эх орондоо анх удаа авчирч байгаа нь энэ.

Дэлхийн 45 орны 1500 гаруй үсчин, гоо засалчид оролцсон тэмцээнд өндөр амжилт үзүүлж, Монголын үсчин, гоо сайхны үйлчилгээ дэлхийн жишигт хүрсэн гэдгийг нотлон харуулсныг үнэлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-117 дугаар тушаалаар Х.Болорцэцэг, А.Хулан нарыг “Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан” тэмдэг, Ч.Ануцэнд, Б.Баянжаргал, Ч.Алтанцэцэг нарыг “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнахаар шийдвэрлэсэн. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-155 дугаар тушаал, Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны есдүгээр сарын 21-ний өдрийн А-401 дүгээр тушаалын дагуу мөнгөн шагналаар урамшуулахаар болсон юм.

Өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Дэлхийн аваргын алтан цом булаалдах” үсчин, гоо засалчдын тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийнхныг хүлээн авч уулзан, шагналыг гардууллаа. Шагнал гардуулах ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат тэргүүтэй газар, хэлтсийн дарга нар байлцаж, шагнал авсан багийнханд баяр хүргэж, амжилт хүссэн юм. Энэ үеэр Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн, багийн ахлагч Ж.Довчинсүрэн, дасгалжуулагч О.Оюундарь тэргүүтэй хамт олон гаргасан амжилтыг нь өндрөөр үнэлсэнд талархал илэрхийлээд, цаашид хийж бүтээх их урам зориг өглөө гэдгийг хэлж байлаа.

“Дэлхийн аваргын алтан цом булаалдах” үсчин, гоо засалчдын тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын мастер үсчид, олон жилийн туршлагатай гоо сайханчид, дэлхийн шүүгчид оролцсоноос гадна шинэ үеийн залуу, чадварлаг залуус багтсан гэдгийг онцлох нь зүйтэй гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв. 


Монголын шигшээ багийнхныг шагнаж урамшууллаа  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй