Шууд Chart

Саудын Араб Улс шахалт сүрдүүлгэнд бууж өгөхгүйгээ мэдэгджээ

2018-10-15 13:15:42

Саудын сэтгүүлч Жемаль Хашогги Туркийн Стамбул хотод ор сураггүй болсон хэрэг гарснаас хойш бараг 2 долоо хоног өнгөрөөд байгаа ч одоо хүртэл түүний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй хэвээр байна. Энэ хэрэгт Саудын Арабын талыг холбоотой гэж сэжиглэж байгаатай холбоотойгоор тус улсын эсрэг зарим орон хориг арга хэмжээ авах асуудлыг ч судалж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл өчигдөр Саудын Арабын өндөр албан тушаалтан тус улс улс төр, эдийн засгийн шахалт сүрдүүлгийг няцаахаа мэдэгдсэнийг төрийн мэдлийн С ПИ ЭЙ агентлаг дамжууллаа. Түүнчлэн тус улс хориг арга хэмжээнүүдэд илүү хатуу ширүүн хариу болно болно гэдгийг анхааруулсан байна. Мөн өчигдөр Их Британи Франц, Германы гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргаж Хашогги сэтгүүлч ор сураггүй болсон энэ хэрэгт холбоотой хүмүүсийг хариуцлагад татах шударга итгэл даахуйц мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг уриалсан байна.

Гэхдээ тэд Саудын Араб, Турк улсууд мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулахаар болсныг нааштайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлж Эр Риядын засгийн газраас тодорхой хариулт хүлээж байгаагаа мэдэгдсэн байна. Саудын Арабын хувьд олон улсын хүчтэй шахалтад орчихоод байгаа юм. Найм хоногийн дараа тус улсын нийслэл хотноо Фучур Инвестмент Инишитив нэртэй хөрөнгө оруулалтын томоохон чуулга уулзалт эхлэх гэж байгаа. Гэвч Саудын сэтгүүлч ор сураггүй болсонтой холбоотойгоор бизнесийн болон төрийн зарим төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн энэ арга хэмжээнд оролцохгүйгээ зарласаар байна.

Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр бол АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Их Британийн олон улсын худалдааны асуудал эрхэлсэн сайд Лиам Фокс нар ч хөрөнгө оруулалтын энэ чуулга уулзалтад оролцохгүй байж магадгүй байна. Мөн Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мухаммед Ибн Салман ч энэ арга хэмжээнд оролцохгүй болсон байна. Саудын Арабын хөрөнгийн биржийн индексүүд сэтгүүлч Хашоггитой холбоотой шуугианаас болоод уналттай гарч байгаа. Эр Риядын бирж дээр Тадавул индекс л гэхэд 7 хувиар буурчээ. Өөр нэг шинэ мэдээ нь Саудын Арабын хаан Сальман Бен Абдель Азиз Аль Сауд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьсан явдал. Энэ үеэр Саудын хаан Туркийн удирдагчид хандаж сэтгүүлч сураггүй болсон хэргийг хамтран мөрдөн шалгах групп байгуулах санаачлага гаргасныг нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Саудын Араб Улс шахалт сүрдүүлгэнд бууж өгөхгүйгээ мэдэгджээ  
Үзсэн: 1028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй