Шууд Chart

Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас нь түдгэлзүүллээ

2018-11-22 19:55:33

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших (2018.11.22) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд танилцуулга хийв. Тэрбээр “Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнаж байдаг Монгол Улсын Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар холбогдсон. Энэ талаар би  2018 оны 11 дүгээр сарын 14-нд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатартай уулзаж, төрийн өндөр албан тушаал хаших ёс зүйн эрхгүй талаар өөрт нь хэлж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг тавьсан. Ерөнхий аудитор Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь заасны дагуу 11 дүгээр сарын 19-ний өдөр үүрэгт ажлаасаа түдгэлзүүлэх хүсэлтийг ирүүлсэн. Энэ талаар холбогдох хууль хяналтын байгууллагаас холбогдох мэдээллийг авсан. Ингээд Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Монгол Улсын Ерөнхий аудитор гэмт хэрэгт сэжиглэгдсэн болон шүүхийн шийдвэр гарах хүртэл Улсын Их Хурал албан тушаалаас нь түдгэлзүүлэх ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол албан тушаалаас нь огцруулна” гэж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасныг дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас  түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д тавьсан” гэж байлаа. Уг асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцэн санал, дүгнэлтээ гаргасан бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас түдгэлзүүлэхийг дэмжсэн болохыг Н.Тогтохсүрэн гишүүн танилцуулав.

УИХ-ын даргын танилцуулга болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Мөнхбат, Д.Лүндээжанцан, М.Билэгт, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын даргын захирамжаар энэ оны гуравдугаар сарын 23-нд байгуулагдсан “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгааг Д.Тэрбишдагва гишүүн хэлж байлаа. Тэрбээр ажлын хэсэг ойрын хугацаанд УИХ-д санал, дүгнэлтээ танилцуулахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ хүрээнд Үндэсний аудитын газраас холбогдох баримт бичгүүдийг яаралтай ирүүлэх талаар сануулсан юм.

Үргэлжлүүлэн санал хураалт явуулав. Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас түдгэлзүүлэхийг дэмжсэн Төсвийн байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.1 хувь нь дэмжлээ. Иймд “Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас түдгэлзүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 89.5 хувь нь дэмжснээр дээрх УИХ-ын тогтоол батлагдлаа.

Ийнхүү Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн бөгөөд төгсгөлд нь УИХ-ын дарга М.Энхболд “Өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанд ирцийн асуудлаар маргаан үүссэн. Надад УИХ-ын 32 гишүүний гарын үсэг бүхий бичиг ирсэн. Тэр бичигт “УИХ-ын дарга Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан учраас ашиг сонирхолын зөрчил үүсч байна. Тиймээс энэ асуудлыг шийдтэл нэр бүхий 32 гишүүн нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдаанд оролцохгүй” гэжээ. УИХ-ын дарга ч гэлээ УИХ-ын гишүүний бүрэн эрх хэвээр бий. Тиймээс хууль болон тогтоолын төсөл санаачлах эрх надад бий. Маргаашаас чуулганы нэгдсэн хуралдаан хэвийн журмаар үргэлжилнэ. Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр бол санаачилсан учраас ашиг сонирхлын зөрчил байна гэж үзвэл УИХ-ын дэд дарга нарын нэг хуралдааныг удирдаад үргэлжлүүлж болно. Чуулганы нэгдсэн хуралдаан маргаашаас хэвийн журмаар үргэлжилнэ гэдгийг албан ёсоор нийт гишүүдэд дуулгая” хэмээлээ


Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас нь түдгэлзүүллээ  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй