Шууд Chart

Диатез гэж юу вэ

2018-11-23 11:36:51

Хөхүүл хүүхдэд хамгийн түгээмэл тохиолддог эмгэгийн нэг бол диатез юм. Энэ нь харшлын нэг хэлбэр юм. Энэ үед хүүхдийн бие хүнс тэжээлийн зүйлст хэт мэдрэмтгий болж, биеийн эсэргүүцэл нь суларч, арьс салст бүрхэвчүүд нь илүү цочрон үрэвсдэг байна.

Шалтгаан

Ээж, аавынх нь хэн нэгэн харшлын гаралтай өвчинд өртөмтгий

Ээж нь жирэмсэн үедээ хэт их хордлоготой байсан. Эсвэл ханиад их хүрч байсан. 

Ээж нь хууч архаг өвчтэй. 

Ээж нь жирэмсэн байхдаа хэт чихэрлэг зүйлс, газтай ундаа, жүүс, амтлагч, халуун ногоо хэрэглэсэн

Ээж нь жирэмсэн байхдаа хүнд хортой нөхцөлд ажилласан

Ээж нь жирэмсэн байхдаа хэт их антибиотик эм тариа, архи, тамхи хэрэглэсэн

Шинж тэмдгүүд

  • Арьсны нугалаасууд, чихний ар, хүзүү, тахимаар амархан нурж улайдаг
  • Хөмсөг орчмын арьс хогжруутаж, хуурайших
  • Хүүхдийн зулай хагтах, хаг их хэмжээгээр овоорох
  • Халууцахад хацар орчмын арьс улайж, загатнах, хэсэгчилсэн тууралт гарах
  • Хүүхэд тайван бус, уйламтгай болох. Биеийн эсэргүүцэл суларснаас ханиад, суулгалт өвчнөөр амархан өвдөх

Анхаарах зүйлс

Хөхөөр хооллодог бол ээж нь хоолны дэглэм баримталж, чихэр, шоколад, кофе, халуун ногоо, амтлагч болон харшил үүсгэгч зүйлсийг хэрэглэхээс зайлсхийх.

Зулайн хагийг вазелин, эсвэл зориулалтын тос түрхэж зөөлрүүлэн, савантай усаар угааж байнга цэвэрлэж байх

Хүүхдийг өдөр бүр усанд оруулж, арьсны нугалаастай хэсгийг хуурай байлгах

Хүүхдэд загатнасан газраа маажихаас сэргийлэн гарт нь бээлий өмсүүлэх

Туурсан хэсгүүд дээр эмчийн заавраар зориулалтын тосыг нимгэн түрхэж, эмийг нь цагаар уулгах

Хүүхдийг бор хоолонд арай хожуу оруулах

Хэт бэгнэхгүй, сэрүүн байлгаж, цэвэр агаарт тогтмол гаргах хэрэгтэй. 

Диатез нь хүүхэд төрснөөс хойш 1-3 сартай байхад илэрдэг. Хүүхдийн нүүр, бие дээгүүр жижиг цэврүү туурдаг. Тэгэхээр харшлын өвчний хамгийн анхны илрэл нь төрсний дараа хүүхдэд илрэх диатез байдаг. Ийм өвчтэй хүүхэд 1-3 нас хүрээд диатез нь арилдаг.  

Эмчилгээ

• Ээж хөхүүл бол цочроогчтой хоол хэрэглэхгүй байх. Үүнд: Сүү, өндөг, цитрусын төрлийн лимон, жүрж зэрэг болон эдгээрийг орсон бүтээгдэхүүн, архи тамхи, халуун хурц ногоо, кофе, чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй. 

• Ээж өөртөө хэт хурц үнэртэй биеийн тос болон сүрчиг түрхэхгүй байх.

• Хүүхдийн саван шампунь нь хурц үнэртэй цочроогчгүй байхыг анхаарах хэрэгтэй.

• Тууралтад дур мэдэн, дам сураг сонсон ямар нэгэн эм, түрхлэг хэзээ ч бүү түрх. Хүүхдийн арьс маш эмзэг, нимгэн. Таны түрхсэн эм маш түргэн арьсаар нэвчин үйлчилгээгээ үзүүлнэ. Энэ нь арьсыг илүү гэмтээх аюултай тул ийм үйлдэл бүү хийгээрэй. Учир нь тос, эм бүр хүүхдийн биеийн онцлогоос хамаарч өөр байдаг. 

• Эмчид үзүүлж заасан эмийг зааврын дагуу өгч, сувилгаа асаргааг явуулна.

 


Диатез гэж юу вэ  
Үзсэн: 254 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй