Шууд Chart

Шинжлэх ухаан ба зөөлөн хүчний бодлого

2018-12-06 10:20:50

Шинжлэх ухааны салбарын гадаад харилцаа нь дэлхийн улс орнуудын зөөлөн хүчний бодлогын гол хэлбэр юм. 2018 онд зөөлөн хүчний бодлогоор тэргүүлэгч 5 орон болох Англи, Франц, Герман, АНУ, Япон улс нь соёлоос гадна шинжлэх ухаан, технологи, инновацийн зөөлөн хүчийг ашиглаж байгааг судалгааны тайланд тэмдэглэжээ. Улс орны гадаад харилцааны бодлогод шинжлэх ухааны гадаад хамтын ажиллагааны хэлбэр, чиглэлийг орхигдуулах аргагүй юм.

Шинжлэх ухааны гадаад харилцаа нь эрдэмтэн солилцоо, олон улсын хурал, семинар зохион байгуулах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний байгууллага байгуулах, нэр хүндтэй эрдэмтэнд цол олгох, олон улсын сэтгүүлд хяналт хийх, гадаадын болон олон улсын шинжлэх ухааны нийгэмлэг, холбоо, сүлжээнд гишүүнээр элсэх зэрэг хэлбэрээр олон талт хэрэгждэг бөгөөд үндэсний шинжлэх ухаан, соёл, боловсролын салбарыг сурталчлан таниулах үр нөлөөтэй арга зам юм. Манай улсад 1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдаад Зөвлөлт Орос улстай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч, Оросын эрдэмтдээс судалгааны арга зүйд суралцах, залуу эрдэмтдийг дагалдуулан сургаж заавар зөвлөгөө сонсох, хамтарсан судалгаа хийх зэрэг арга хэмжээ авч байжээ. Энэ үеэс хойш төр засаг гадаад сурталчилгааг сайжруулахын тулд эрдэмтэдтэй хамтран ажиллах арга хэлбэрийг ашиглаж ирсэн. Тухайлбал, 1944 онд АНУ-ын дэд ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд ирсэн Оуэн Латтимор хожим нэрт монголч эрдэмтэн болсон, 1959 онд манай эрдэмтдийн санаачилгаар Улаанбаатарт Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн бага хурал зохион байгуулсан зэрэг олон чухал үйл явдлыг дурдаж болно.

Өнөөдөр эрдэмтэд интернэтээс мэргэжил нэгт нөхдийнхөө товч танилцуулга, бүтээлийн жагсаалт, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл авч, хэрхэн хамтран ажиллах боломжоо тодорхойлоход нээлттэй болсон. Урьд өмнө нүүр тулан учирч байгаагүй эрдэмтэд цахимаар мэдлэг, мэдээллээ солилцож холбогдох хууль, дүрмийн дагуу хамтран ажиллах боломжтой.

Зүүн өмнөд Азийн орнуудаас БНХАУ, Япон, Солонгос шинжлэх ухаанаар дамжуулж зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх талаар ахицтай байна гэж үздэг. Эдгээр орнууд судалгааны тэргүүлэх чиглэлийн хамтын ажиллагааг санхүүжүүлэхэд илүү анхаарч байна. Цаашид улс орнууд гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэмтэн солилцооны хэлбэрийг өргөжүүлэх хандлагатай. Урд хөршийн Шинжлэх ухааны академи нь жилд гадаадын 200 эрдэмтнийг 1-12 сарын хугацаатай хамтарсан судалгаа хийхийг дэмжиж санхүүжүүлдэг байна. Ийм үйл ажиллагаа нь шинжлэх ухаан, боловсролын, соёлын, олон улсын харилцааны олон талын ач холбогдолтой.

Манай улсын “Шинжлэх ухаан, технологийн тухай хууль”-д гадаад улс, олон улсын байгууллагаас Монгол улсад олгосон зээл, тусламжийн 1-ээс доошгүй хувийг эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, эрдэм шинжилгээний ажлын сорилт, туршилтын баазыг бэхжүүлэхэд зарцуулна гэж заасан ч хэрэгждэггүй. Шинжлэх ухааны салбарын нийт төсөв энэ жилийн байдлаар 34 тэрбум, үүнээс эрдэм шинжилгээний зардалд 12,6 тэрбумыг зарцуулж байгаа боловч үүнээс гадаад хамтын ажиллагааны төсөв маш хангалтгүй. Бид бусад орны шинжлэх ухааны гадаад харилцааны бодлогод гарч буй өөрчлөлтийг ажиглаж, туршлага судалж дүрэм, журамдаа өөрчлөлт оруулах шаардлага бий. Ингэхдээ “Үндэсний аюулгүй байдлын тухай” хуулийн 3.4.5-д аюулгүй байдлын бүрэлдэхүүнд шинжлэх ухаан, технологийг оруулсныг ч анхаарах хэрэгтэй. Жил гаруйн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр “АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны мэдээлж байгаагаар тус улсад үйлдвэрлэлийн тагнуулын ажиллагаа жил бүр 15 хувь нэмэгдэх болжээ. Тиймээс эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууддаа хяналтаа чангатгахыг анхааруулсан” хэмээн мэдээлж байснаас үзэхэд шинжлэх ухааны гадаад хамтын ажиллагааны хүрээнд үүсэх сөрөг үзэгдлээс сэргийлсэн ёс зүйн хэм хэмжээг хууль, дүрэмдээ суулгах шаардлагатайг харуулж байна.

Эрдэмтний зэрэг дэвийг тогтоох, шагналд нэр дэвшүүлэх, цол хэргэм олгох, шинжлэх ухааны байгууллагын үнэлэмжид олон улсын хамтын ажиллагаагаар нөхцөлдсөн үзүүлэлтүүд чухал байдаг. Шинжлэх ухааны түүхэнд онцлох нэгэн зүйл бол 1665 онд олон улсын хянан магадлагаатай сэтгүүл гарсан. Өнөөдөр “Скопус”, “Томсон ройтерс”, “Google судлаач” зэрэг олон улсын бүртгэлийн сангаас судлаачийн өгүүллийн ишлэлийн тоо, h-индекс, өгүүллээ хэвлүүлсэн сэтгүүлийн чанарыг мэдэх бололцоог олгож байгаа нь олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.

Шинжлэх ухааны гадаад бодлогын хүрээнд шинжлэх ухааны гадаад харилцаа, гадаад бодлого дахь шинжлэх ухаан гэсэн ухагдахуунууд ялгаатай. Энэ нь хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулах, хамтарсан судалгааны төв байгуулах (цөмийн судалгааны CERN), судалгааны тэтгэлэгүүд олгох, шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн гаргах зэрэг янз бүрийн хэлбэртэй байж болно. Иймд шинжлэх ухааны гадаад харилцааг хөгжүүлэхэд төр засгийн дэмжлэг чухал байдаг.

Дэлхийн хүн амын шилжилт хөдөлгөөн шинжлэх ухааны салбарт ямар өөрчлөлт авчирч байна вэ?, дүрвэгчдийн дунд буй олон мянган судлаач, эрдэмтдийн хувь заяа, тэдний шилжилт хөдөлгөөний шалтгаан, үр дагаврын асуудал нь аль хэдийн нийгэм судлаачдын анхаарлын төвд оржээ. Шинжлэх ухааны байгууллагууд дүрвэлт, шилжилт хөдөлгөөнд өртөж буй эрдэмтдийн нөөцийг хэрхэн ашиглах талаар хүмүүнлэг санаачилга гаргах хэрэгтэй гэж шинжээчид зөвлөж байна. Энэчлэн эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг юм.

 

Нийтэлсэн: М.Золзаяа

Шинжлэх ухаан ба зөөлөн хүчний бодлого   
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй