Шууд Chart

Ашигт малтмалын тухай хуульд нэмэл, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2018-12-06 15:38:54

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслүүдийг Засгийн газар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм.

Төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар танилцуулав. 

Монгол Улсын Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банканд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалтын хэрэгжих хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байгааг дахин таван жилээр сунгах болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хамрах хүрээг өргөтгөх чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслүүдийг боловсруулжээ.

Хуулийн төслүүдийг баталснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт хамруулах, Монголбанканд тушааж байгаа алтны хэмжээг бууруулахгүй байх, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт бүрэн төвлөрүүлэх, татварын суурийг өргөжүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва 2.5 хувийг 5 хувь болгоход татвараа авч чадахгүй болчихно гэсэн баталгаа байгаа эсэхийг тодорхой болгох, хуулийн төслийн 47 дугаар зүйлтэй холбогдсон өөрчлөлтүүдийг сайтар нягтлах, түүнчлэн гарал үүслийн сертификат болон Оюу толгойтой холбоотой асуудал, металлын баяжмалаар гарч байгаа алтны тоо хэмжээг тооцсон хуулийн төслийг Засгийн газар оруулж ирэх, ажлын хэсэг байгуулж сайтар ярилцах, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун алтныхны лобби төрд байгааг анхаарах, алтны тушаалт нэмэгдэж байгаа нь зөвхөн татвартай холбоотой биш, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт нөлөөлсөн, манайх дэлхийд битгий хэл хөрш орнуудтайгаа харьцуулахад татвар багатайд тооцогддог, ийм учраас татварыг 2.5 хувь биш 5 хувь болгох, мөн алтны асуудал дээр гадаадын хөрөнгө оруулагч нарыг биш үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжих, хугацааг 5 жилээр сунгахыг дэмжих боломжгүй гэсэн саналуудыг хэлжээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч эхэлсэн бөгөөд хэлэлцүүлэг үдээс хойших хуралдаанаар үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


Ашигт малтмалын тухай хуульд нэмэл, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ  
Үзсэн: 45 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй