Шууд Chart

Ц.Гантулга: Шүдээрээ вагон чирэх төлөвлөгөө бий

2018-12-28 10:59:38

Орчин цагийн Гарьд магнай хэмээн нэрлэж болох Ц.Гантулгатай ярилцлаа. Тэрбээр өмнө нь 15 тн жинтэй автобус шүдээрээ чирж байсан бол саяхан тус бүр нь 3.3 тн жинтэй гурван жийп автомашин шүдээрээ чирсэн бичлэг нь цахим орчинд тарсан юм.

-Сайн байна уу. Та манай сайтын уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?

-Баярлалаа. Намайг Цогнэмэхийн Гантулга гэдэг. Баянхонгор аймгийн Өлзийт суманд 1992 онд төрсөн. Айлын том хүүхэд, найман дүүтэй. Аймгийнхаа Политехник коллежийг авто засварчин мэргэжлээр төгссөн. Дараа нь Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуульд урилгаар суралцаж байсан ч зүүн хөл бэртэж, сургуулиасаа гарсан. Одоо хөл минь эдгэсэн.

-Та хэзээнээс хүчний бичлэг хийж эхэлсэн бэ. Кино, клипэнд тоглож байв уу?

-Анх жил гаруйн өмнө Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат аймгийн арслан С.Баярт-Од 40 литрийн бидонтой ус зууж, Монгол гэр тойрч буй бичлэг цахим ертөнцөд таарсан. Тэр бичлэгийг үзсэн манай найз намайг туршиж үзээч гэсэн. Өнгөрсөн жилийн наймдугаар сард боломж гараад дүүгээрээ бичлэг хийлгэж, 40 литрийн бидонтой ус амаараа зууж, хоорондоо зайтай зогссон том оврын хоёр автобусыг хоёр удаа тойрсон. Тэр бичлэгийн дараа “Лорд” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Б.Заяабаатар ах “Аавдаа” дууныхаа клипэнд тоглуулах санал тавьж, би тоглосон. Түүний дараа 15 тн автобус амаараа чирж байгаа хүчний бичлэг хийсэн. Энэ сард “Таван богд” компани дээр очиж тус бүр нь 3.3 тн жинтэй хоёр жийп автомашин чирсэн. Дараа нь нийт 10 тн жинтэй гурван жийп шүдээрээ чирсэн.

-Энэ төрлийн хүчний үзүүлбэр үзүүлэхэд ямар техник, арга барил хэрэгтэй вэ. Тогтмол бэлтгэл хийдэг үү?

-Чирж буй зүйлийнхээ бэхэлгээний оосроос маш сайн зуух хэрэгтэй. Тэгээгүй тохиолдолд шүд ялангуяа үүдэн шүд оосорт татагдан шууд мултрах, гэмтэх аюултай. Мөн хүзүү, сээрэнд маш их ачаалал ирдэг. Хэр хол зайд чирэхээс хамаарч тархинд ачаалал ирдэг. Амаараа зууж, хүнд зүйл чирж байгаа тохиолдолд хүний биеийн хамаг цус тархинд хурдаг. Арга барилын хувьд одоо л дадаж байна.

Бэлтгэл гэхээсээ илүү чирэхийнхээ өмнө сайн амрах хэрэгтэй байдаг. Гол нь сэтгэл санаа маш тайван байх хэрэгтэй.

-Зуухгүйгээр гараараа чирж чадах уу?

-Гараараа бол хангалттай чирнэ.

-Та бөхийн удамтай юу?

-Манай аав сумын заан С.Цогнэмэх гэж хүн бий. Манай өвөө Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Уртын Самдан гэж хүн байсан. Өвөө маань цэрэгт байхдаа “Зил-130” машины хажуу талаараа унасан чиргүүлийг захирагч, салааны дарга нартайгаа бооцоо тавиад  ганцаараа үүрч босгож байсан гэдэг.

-Спортоор хичээллэж байсан уу. Үндэсний бөхөд сонирхолтой юу?

-Спортоос хол хөндий. 13 настайгаасаа хичээлийнхээ хажуугаар Баянхонгор аймгийн зах дээр гурил, будаа үүрдэг байсан. 10 орчим жил ийм ажил хийсэн. Тэр үед хэчнээн үндэсний бөхөд сонирхолтой байсан ч амьдралын боломж тааруу, нийгэм эдийн засаг хэцүү байсан. Мөн дүү нараа дутагдах юмгүйгээр хичээл номоо сайн сураг гэж бодсон. Ийм л шалтаг шалтгаанаар элдэв спортын дугуйлан секцэд хамрагдаж чадаагүй.

Одоо бол дүү нар эхнээсээ сургууль соёлоо төгссөн, бага нь оюутан болсон.

-Одоо үндэсний бөх эсвэл хүндийн өргөлтийн спортоор хичээллэх сонирхол бий юу. Өөрийн чинь насан дээр энэ спортоор хичээллэж эхлэвэл амжилт гаргах боломж хэр байдаг бол?

-Миний хувьд пауэрлифтингийн спортоор хичээллэвэл амжилтанд хүрч магадгүй гэж боддог. Гэхдээ өмнө авсан хөлийн бэртэл, мөн багаасаа ачаа зөөж байгаад нуруугаа гэмтээсэн болохоор халгадаг гэх үү дээ. Сайн багштай бол үндэсний бөхөөр сумын цолонд хүрэх боломж байж магадгүй. Гэхдээ нас оройтсон болохоор их бэлтгэл орох байх гэж боддог. Өөрийгөө тэр их бэлтгэлийн ачаалал дааж чадах үгүйд итгэл муутай байдаг.

Өмнө нь баг, сумынхаа үндэсний бөхийн барилдаанд аавынхаа зодог, шуудгийг өмсөөд салхи оруулах маягаар хэд хэдэн удаа зодоглосон. Хүүхэд байхдаа сумын наадамд зодоглоод том бөхийн аманд гараад л уначихсан. Багаасаа хар ажил хийсэн болохоор насандаа таарсан дажгүй бяртай ч дан ганц бяраар бөх хүнийг өвдөг шороодуулна гэдэг боломжгүй. Бяр, ухаан олон зүйл хосолж байж бөх болно. Зөвхөн бяраар хэд ч барилдаад мэхэнд нь л яваад өгнө шүү дээ. Намайг бярдах нэг оролдлого хийж байхад өрсөлдөгч бөх над дээр хоёр мэх хийнэ. Нэгэнд нь тэслээ гэхэд нөгөө мэхэнд нь унах нь тодорхой.

-Үндэсний бөхийн сайн багш өөрийг тань шавиа болгох эсвэл Биеийн тамирын сургуулиас элсүүлэх санал ирвэл зөвшөөрөх үү?

-Яг одоо шууд 100 хувь зөвшөөрнө гэж хэлж чадахгүй нь ээ. Хэрвээ тийм санал ирвэл маш сайн, няхуур бодож үзнэ.

-Зах дээр ажилладаг байхдаа тогтмол хэдэн хил ачаа зөөдөг байв?

-Ихэнхдээ 50 кг-н шуудайтай гурил гурвыг үүрдэг байсан. Мөн тус бүр нь 40 кг зургаан шуудай гурил нийт 280 кг-г үүрч байгаа зураг бий.

Би цээжин хэсэгтээ бяртай. 80-100 кг-г газраас цээжнээс дээш хэсэг рүү хангалттай өргөдөг. Жилийн өмнө мөн нэг чулуу өргөсөн. Тухайн үед жинг нь хэмжих хэрэгсэл байгаагүй. Ойролцоогоор 200 гаруй кг жинтэй байсан байх.

-БНХАУ-д ажиллаж байсан юм билээ. Тэнд хүчний ажил хийдэг байв уу?

-Хятадад хоёр жил ажилласан. Ноолуур самнах үйлдвэрт улирлын шинжтэй ажил хийдэг. Тэнд мөн л хүчний ажил хийдэг байсан. Тэр үйлдвэрт монголчууд цөөхөн, хятадуудтай ажиллана. Хятадад байхдаа микроавтобус шүдээрээ чирсэн. Хятадууд харчихаад хоорондоо “Монгол, монгол, монгол”  гээд л яриад байдаг. Ер нь цуг ажилладаг хятадууд өргөж даахгүй, дийлэхгүй юм гарахаар л намайг дууддаг. Бас чам шиг чадалтай монгол ахиад хэрэгтэй байна. Дагуулаад ирээрэй. Цалин харамлахгүй гэдэг.

Тэнд ажиллаж байхдаа сонирхлоороо 181.9 кг жинтэй цементэн чулуу өргөж үзсэн.

-Танай дүү Ц.Ганхуяг спортоор хичээллэдэг үү. Өөр шиг чинь унаган бяртай гэж санагдсан. Мөн хүчний үзүүлбэр хийх сонирхолтой юм билээ?

-Миний доор нэг охин дүү бий. Тэрний ард Ц.Ганхуяг гарсан. Одоо 24 настай нэлээн бяртай нөхөр бий шүү. Одоохондоо спортоор хичээллэдэггүй. Өвөрхангай-Улаанбаатар чиглэлд том оврын автобусны ээлжийн жолооч хийдэг. Над шиг хүчний үзүүлбэр хийх сонирхолтой байх. Ямар сайндаа надтай хамт байхаараа “Ахаа би 40-ийн бидонтой ус зууя, автобус амаараа чирье” гэдэг. Би өөдөөс нь тэр чинь санасан болгон зуугаад байдаггүй юм. Хамаг шүднээсээ салчихав гэдэг.

-Европын телевизийн шоунд гадаадад амьдарч буй монгол эрчүүд хүч тамирын үзүүлбэр үзүүлж, үзэгчдийг гайхшруулсан. Өөрийн тань хувьд тийм шоунд оролцох хүсэл бий юу?

-Эхний ээлжинд Монголынхоо телевизийн шоу нэвтрүүлэгт хүч тамирын үзүүлбэрээр орох санаа бий. Өмнө нь “Монгол хүчтэн” нэртэй тэмцээн зохион байгуулагддаг бөхчүүд ордог байсан юм билээ. Одоо зохион байгуулагдахгүй байгаа. Хэрвээ болвол орж, хүч тамираа үзнэ.

-Хөл, нуруундаа гэмтэлтэй хэрнээ хүнд техниз чирж бичлэг хийхээр эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй юу?

-Гэрийнхэн минь ингэж байгаад бэртэл чинь сэдэрчихвэл яах юм гэж санаа зовдог. Гэхдээ ингэж юм чирэх нь миний хобби болсон гэхэд болно. Хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөл, гаргүй байсан ч тэмцэх ёстой. Миний хувьд эрүүл мэндээ золиосолсон ч хамаагүй зорилгодоо хүрнэ гэж боддог.

-Зорилгоо хэрхэн төлөвлөсөн бэ?

-Би дэлхийн дээд амжилтыг эвдэж, Гиннесийн номонд бичигдэхийг хүсдэг. Гадаадын хүчтэнүүдийн автобус, хүнд даацын машин чирж, Гиннесийн номонд бичигдсэн рекордыг эвдэх зорилго өөртөө тавьсан. Би зарим амжилтыг нь судалж үзсэн. Хүчний үзүүлбэр үзүүлдэг Америк залуу дүүрэн зорчигчтой жижиг оврын автобус шүдээрээ 7-8 метр газар чирж, энэ амжилтаа Гиннесийн номонд бүртгүүлсэн. Дэлхийд шүдээрээ хүнд техник чирдэг олон хүн байдаг юм билээ. Бүр 300 тн жинтэй вагон шүдээрээ чирсэн хүн байдаг.

Миний хувьд ойрын хугацаанд Улаанбаатар төмөр замын Удирдах газарт очиж уулзаж, вагон чирэх төлөвлөгөө бий. Галт тэрэгний толгой хамгийн бага жинтэй нь 80 тн, чиргүүл нь ачаагүй үедээ 24 тн. Би эхлээд вагоны чиргүүл, дараа нь өөрийгөө сайн бэлдээд галт тэрэгний толгой чирэх зорилго тавьсан.

-Өөрийн чинь бичлэгийг үзээд даган дуурайж, шүдээрээ хүнд техник чирсэн хүн бий юу?

-Өнгөрсөн сард намайг автобус чирсний дараа Баян-Өлгий аймагт ажилладаг нэг залуу 10 тн жинтэй ачааны тэрэг чирсэн бичлэг байсан. Намайг жийп чирэхэд нэг хүн дуурайж байгаад шүдээ гэмтээсэн. Ер нь энэ төрлийн үзүүлбэр хийхэд зориулалтын шүдний хамгаалалт, багаж хэрэгсэлтэй байх хэрэгтэй. Монголд тийм хэрэгсэл байхгүй юм шиг байлээ. Тиймээс элгэн алчуур хэрэглэж байгаа.

-Өөрийн тань шүд бусад хүнийхээс илүү бат бөх байх?

-Миний бага нас хөдөө өнгөрсөн. Ааруул, цагаа идээ байнга хэрэглэдэг байсан болохоор кальци сайтай байх. Намайг аймгийн төвд дунд сургуульд сурдаг байхад аав, ээж хөдөөнөөс байнга 50 кг-н шуудайтай ааруул явуулдаг байсан. Би дэвтээгээд л идчихнэ. Өвлийн гурван сард 50 кг-н шуудай дүүрэн ааруул ганцаараа идчихдэг байсан.

-Хүнд зүйл чирэхэд бяр, техник хэдэн хувь шаарддаг вэ?

-Бяр 70 хувь гэхэд 30 хувийн техник ур дүй хэрэгтэй. Хэдий хүмүүс эв гэж ярьдаг ч техник сайтай байлаа гээд бяргүй бол хүнд жинтэй зүйлийг хөдөлгөхгүй. Сая гурван автомашин нэгэн зэрэг чирэхэд өмнөх том оврын автобуснаас жин нь хөнгөн ч, илүү хүндрэлтэй байсан. Учир нь хэдий хүнд ч нэг бүхэл зүйлийг чирэхэд амар. Харин  гурван салангид, цуваа машин чирэхэд автобус чирснээс илүү техник, эв дүй орсон.











Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ц.Гантулга: Шүдээрээ вагон чирэх төлөвлөгөө бий  
Үзсэн: 2382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-01 19:30
Saihan mongol er
Зочин [127.0.0.xxx] 2018-12-29 15:47
UGSRAA VAGON CHIR
Зочин [127.0.0.xxx] 2018-12-29 03:56
mundag erch hvchtei xanidaa bayr xvrgie
Зочин [127.0.0.xxx] 2018-12-29 01:33
Mundag nzda amjilt hvsie
Зочин [127.0.0.xxx] 2018-12-29 01:15
VAGONII ZUTGUUR CHIR
эрийн хийморь [127.0.0.xxx] 2018-12-28 21:51
мундаг залуудаа сайхан үзүүлбэр үзүүлж монголчуудаа баярлуулаарай гэж хүсье.эрүүл мэнд бэлтгэл сургуулалт сайн хийгээрэй гэж зөвлөе. амжилт
эрийн хийморь [127.0.0.xxx] 2018-12-28 21:50
мундаг залуудаа сайхан үзүүлбэр үзүүлж монголчуудаа баярлуулаарай гэж хүсье.эрүүл мэнд бэлтгэл сургуулалт сайн хийгээрэй гэж зөвлөе. амжилт
Зочин [127.0.0.xxx] 2018-12-28 19:48
Ёоо ямар тэнэг юм бэ?
gfggd [127.0.0.xxx] 2018-12-28 15:35
аАмжилт гаргахад хоол хүнс агаар, дээр нь мэдээж өөрийгөө бэртлээс сайн хамгаалах. амжилт
Зочин [127.0.0.xxx] 2018-12-28 14:04
Za duu mini nuruu, uvdugnii zoriulaltiin hamgaalalt sain hiihgui bolohgui shuu.
hjj [127.0.0.xxx] 2018-12-28 12:45
ТӨР ЗАСАГ ИЙМ САЙХАН МОНГОЛ ХҮНИЙ ГЕНИЙГ ХАМГААЛАХ ЁСТОЙ. ЧИНГИС ХААН ДАЙСНАА ӨӨРИЙХӨӨ БААТАР БОЛГОДОГ БАЙСАН. ГЕНИЙГ НЬ АШИГЛАЖ БГАА ХЭРЭГ. АМЖИЛТ ХҮСЬЕ. МОНГОЛ САЙН ЧНАРЫН ХООЛОО ИДЭЖ БАЙЖ АМЖИЛТ ГАРГАН ШҮҮ ДҮҮ. АМЖИЛТ
!1! [127.0.0.xxx] 2018-12-28 11:36
Za bolio zaluu mini shudgui chawganz bono boli !
Зочин [127.0.0.xxx] 2018-12-28 11:18
Urij yriltslaga awsan ta bvxend bayrlalaa xicheenee

Бидэнтэй нэгдээрэй