Шууд Chart

Өвөрмонголын анхны загвар өмсөгч Өлзийт-Уртнаст

2019-01-04 09:52:18

“Гоо сайхан бол бурханы бэлэг. Гэхдээ түүнд маш их анхаарал тавих хэрэгтэй. Өглөө орноосоо босоод тольдоход би жирийн л нэгэн харагддаг. Харин нүүр засалчид хийдэгээ хийсний дараа би өөрийн давтагдашгүй чанараа олж үздэг...” хэмээн дэлхийн алдартай загвар өмсөгч Синди Кроуфорд айлджээ.

Энд нэгэн загвар өмсөгчийн тухай өгүүлэх ялдамд Синди Кроуфордын хэлсэн үг санаанд буулаа. Тэр бүсгүй болбоос Өвөр Монголын анхны загвар өмсөгч Өлзийт-Уртнаст бөгөөд Монголоо, Монгол үндэстнээ гэсэн сайхан үг түүний яриа болгоноос цухалзаж байсан юм.

Анхдагч байх, агуу байх хоёрын аль нь чухал вэ? гэсэн асуулт байдаг. Тухайн хүн агуу байх нь ихэвчлэн өөрт нь хэрэг болдог. Харин аливаа зүйлийн анхдагч байна гэдэг асар их хариуцлага, нэр хүндийн барьцаа болж, “Цаашдаа би яах вэ, юу хийх вэ” гэсэн асуултуудыг өөртөө дагуулдаг. Өвөр Монголын загварын ертөнцийн анхдагч Өлзийт-Уртнаст өөртөө ийм асуулт тавьж явсаар өнөөдрийн өндөрлөгт хүрчээ. Тэрхүү өндөрлөг нь эдүгээ Өвөр Монголд шинэ тулгар хөгжиж буй хувцас загварын шоу ертөнцийн хамгийн том нь гэж хэлж болно. Гэхдээ тус оронд Хятад маягийн загварын шоу олноороо байгаа бөгөөд зарим нь бүр Өлзийт-Уртнастынхаас ч дээгүүр түвшинд байж мэднэ. Хамгийн гол нь үндэснийхээ уламжлалт хувцсыг өмсөж сурталчилдаг “Монгол үндэстний хувцас загвар” гэдгээрээ Өлзийт-Уртнастын бүтээн байгуулсан загварын ертөнц ихэд үнэ цэнтэй, цаашдаа ч нэр шигээ өлзий буянтай, урт настай байж мэдэх юм. Яагаад гэвэл түүний хувцас загварын үйл хэрэг тун дэвшилттэй яваа юм.

Тэрбээр анх 2004 онд жаахан охин байхаасаа хувцас загварын ертөнцөд хөл тавьжээ. Чингээд 2013 онд Өвөр Монголын урлагийн дээд сургуулийг хувцас загварын мэргэжлээр төгсөөд Шилийн гол нутагтаа ирж загвар өмссөн боловч өөрийгөө сорьж, шинийг хийх хүсэл эрмэлзлэл нь амраасангүй. Зүгээр л тайзан дээр сайхан хувцас өмсөөд алхаад байхыг хүссэнгүй. Тиймээс 2016 онд хувцас загварын компани байгуулж, дэргэдээ загвар өмсөгчийн анги нээжээ.

Монгол хүн л Монгол хувцсаа өмсөж, Монгол хувцсыг амилуулна. Тиймээс заавал залуучууд гэлтгүй ямар ч насны хүмүүс өөрт тохирсон Монгол хувцсаа өмсөөд загварын тайзан дээр алхаж болно. Үүнийг Өлзийт-Уртнаст олж харсан байна. Орчин үед загвар зохион бүтээгчид хүмүүсийн өдөр тутамдаа өмсөхөд дөхөм, энгийн үед ч өмсөхөд зохицолтой шинэ загваруудыг бүтээж байна. Өвөр Монгол нь дотроо 28 үндэстэнтэй, тиймээс 28 төрлийн уламжлалт хувцастай, аймаг бүр өвөл болоод зуны өнгө өнгийн дээл, дан тэрлэг, цамц гэх мэт олон төрлийн хувцасаар гангардаг. Ер нь Монгол туургатан улс орнуудаас Монгол үндэсний дээл хувцасаа хамгийн их өмсдөг нь Өвөрмонголчууд гэдэгтэй хэн ч маргахгүй.

Тэдний найр хурим хийгээд үдэшлэг наадамд өмсч очдог хамгийн дээд хувцас бол пиджак костюм биш зөвхөн Монгол дээл, Монгол цамц. Тэгэхээр ийм элбэг баян уламжлалтай хувцас гоёлыг тайзан дээр амилуулж харуулах нь хамгаас чухал. Мөн дээл хувцаснаас гадна Алшаа, Цахар, Үзэмчин, Ордос гээд өөр өөрсдийн гоёл зүүлт, толгойн засал чимэглэлтэй. Өлзийт-Уртнаст энэ бүхнийг тайзан дээр төгс сайхнаар үзүүлэхийг зорьжээ.

Өвөр Монголын жуулчлалын товчооноос жил бүр зохиогддог арван нэг дэх уралдаан Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотод болж, үүнд Монгол, Тува, Буриад, Ордос, Үзэмчин, Цахар гээд олон үндэстний хоёр мянга гаруй загвар өмсөгч оролцсоноос “Хамгийн гоё Монгол хүн”-ээр арван хүнийг шалгаруулжээ. Энэ арван хүний нэг нь Шилийн гол аймгийг төлөөлж оролцсон Өлзийт-Уртнаст байлаа. Мөн 2015 онд энэ уралдаан Шилийн хотод явагдахад Өлзийт-Уртнаст шилдэг загвар өмсөгчөөр шалгарч, үндэстэн болгоны олон зуун загвар өмсөгчдөөс хоёрдугаар байранд оржээ.

Түүнчлэн “Жуулчлалын авхай” хэмээх дэлхийн миссийн уралдаанд тэрбээр арван шилдэг загвар өмсөгчийн нэгээр шалгарч байсан нь түүний хамгийн том амжилт байлаа. Мөн Өвөр Монголын загварын уралдаанд хоёрдугаар байранд орсноор тус улсын жуулчлалын товчоотой хамтарч ажиллах гэрээ байгуулж, “Өвөр Монголоо магтан дуулъя” Олон улсын үзэсгэлэнд хувцас загварын зохион байгуулагчаар ажиллажээ.

Өөр бусад олон уралдаанд амжилттай оролцохын сацуу загварын ертөнцөд өөрийн бэлтгэсэн шавь нараа удирдан зохион байгуулж иржээ. Тэрбээр жилд нэг удаа үнэ төлбөргүй сургалт явуулдаг бөгөөд эндээс авъяаслаг охид, хөвгүүдийг сонгож авсаар эдүгээ зуу орчим шавьтай болоод байна. Загвар өмсөгчдын анхдагч гэдгээрээ ямартай ч Өлзийт-Уртнастын нэр Өвөр Монголын түүхэнд үлдэх нь гарцаагүй.

Сэтгүүлч хүний зэвсэг нь үзэг байдаг бол загвар өмсөгчийн зэвсэг нь зурсан юм шиг царай, зорсон юм шиг бие, алхах гишгэх техник, биеийн зөв харьцаа байдаг. Чухам л ийм зэвсэг бүхий загвар өмсөгчдийг төрүүлж гаргах нь Өлзийт-Уртнастын туйлын зорилго юмсанж. Шалгуур өндөртэй, шат босго ихтэй өнөө цагийн загварын ертөнцөд онцгойлон цойлж гарна гэдэг амар хэрэг биш ээ. Аливаа нэг улс орны нүүр царай болж, мөн тухайн орныхоо охид бүсгүйчүүдийн өнгө төрхийг тодорхойлдог учраас загвар өмсөгч бүсгүйчүүдэд өв тэгш бие хаатай, өөгүй сайхан царай зүстэй байх ёстой гэсэн өндөр шалгуур тавигддаг. Тэр ч байтугай Олон улсын хэмжээнд алтан дүрэм болж тогтсон биеийн харьцаа, нүүр царайны үнэлэмжүүд ч бий. Цээжний тойрог нь 90 см, бүсэлхийн тойрог 60 см, өгзөгний тойрог 90 см, энэ бүгд нийлээд 90:60:90 байх ёстой гэсэн алтан дүрмийг дэлхийн улс орнууд гоё сайхан эмэгтэйн алтан хэмжүүр болгож тогтоожээ. Харин энэ хэмжүүр монгол дээл хувцсанд тохироод байх нь юу л бол? Ерөөсөө Монголын уламжлалт хувцас хэт өндөр биш, дунд зэргийн бие хаатай, жаахан мяраалаг хацартай, нүүр дүүрэн хүнд тун гоё зохидог.

Энэ тухай Өлзийт-Уртнаст өгүүлэхдээ “Ийм элбэг дэлгэрэнгүй өөрийн гэсэн хувцас засалтай баян тансаг үндэстэн байж тэр сайхан хувцас заслыг тайзан дээр амилуулж үзүүлэхгүй бол харамсалтай юм болно. Миний гоёлын доторхи загвар өмсөгчид бол Монгол үндэстний хувцас заслыг амилуулж байдаг хүмүүс. Ерөөсөө манай уламжлалт хувцас жаахан мяраалаг юмуу, хацар нь жаахан махлаг хүнд маш сайхан зохицдог. Жишээ нь Ордос толгойн засал, Халх толгойн засал байна. Үүнийг жижигхэн толгойтой, нарийхан туранхай нүүртэй хүн өмсөхөд нүүр царай нь бараг харагдахгүй. Монгол хувцас бол өөрийн гэсэн онцлогтой. Өндөр туранхай хүмүүст Монгол дээл хувцас өмсгөөд тайзан дээр гаргахад үзэгчид “Жаахан тарган байж болохгүй юу” гэсэн асуулт тавьдаг. Ер нь өндөр бөгөөд туранхай хүн уламжлалт хувцас өмсхөд эвгүй харагддаг. Тэгээд ч манай агентлагийн загвар өмсөгчид дэлхийн тайзан дээр гарна гэж зориогүй. Бид зөвхөн Монгол үндэстнийхээ хувцас заслыг хүмүүст үзүүлж харуулж, өөрийнхөө соёлыг өргөн дэлгэр сурталчилах зорилготой. Мэргэжлийн гэдэг утгаараа манай загвар өмсөгч охид 174 см, харин залуучууд нь 185 см-ээс дээш өндөртэй, гол нь Монгол үндэстэн байх ёстой..." гэж хэлсэн.

Өргөн тэгш мөртэй, өндөр гоолиг нуруутай, үзэмчин дүр төрхтэй нэг сайхан бүсгүй бидэнтэй уулзхаар Шилийн гол аймгаас Хөх хот руу зорьж ирсэн байлаа. Тэр бол Өлзийт-Уртнастын шавь, Шилийн хотын Ариунтунгалаг бөгөөд энэ бүсгүй 2012 онд хувцас загварын ертөнцөд анх хөл тавьжээ. Чингээд маш олон амжилт гаргасан байна. Жишээ нь 2015 онд Монгол үндэстний хувцас заслын уралдаанд шилдэг загвар өмсөгчөөр шалгарчээ. 2016 онд Өвөр Монголыг төлөөлж Дундад улсын жуулчлалын арга хэмжээнд сонгогдож, улмаар Шилийн гол аймгийн шилдэг загвар өмсөгчөөр шалгарч Өвөр Монголын 70 жилийн ойд төлөөлөгчөөр оролцжээ. Төдөлгүй 2017 онд Шилийн гол аймгийн жуулчлалын Монгол хувцас заслын уралдаанд шилдэг загвар өмсөгчөөр шалгарч, 2018 онд Дундад улсын анхдагч Монгол хувцас заслын моделийн уралдаанд гуравдугаар байр эзэлж “Талын хээ” гэдэг цол хүртжээ.

Түүний тухай Өлзийт-Уртнаст өгүүлэхдээ “Монгол хувцас өмсөх загвар өмсөгчийг, нэг ёсондоо нүүр царай болоод бие хаагаараа тохирох хүнийг би олон жил хайсан. Тэгээд Ариунтунгалагийг олж авсан. Энэ бүсгүй миний хайгаад байсан хүн мөн байлаа. Манай тоглолтын хамгийн гол хүн бол Ариунтунгалаг юм шүү...” гэв. 

Үнэхээр ч энэ бүсгүйд Монгол дээл хувцас мөн ч сайхан зохисон байлаа. Дорно дахины их, бага арван ухааны сударт эмэгтэйн гоо сайхныг гол бүлэг болгож оруулсан нь хүн төрөлхтний урт удаан хугацааны ажиглалт, туршилт мөн болохыг илтгэнэ. Эрдэнэт хүний бие цогцосыг олж төрсөн үй олны дотроос гоо сайхны охь манлай болсон хэм тэгш, үлэмж үзэсгэлэн бүрдсэн бодьгалыг шинжин сонгох тэрхүү судлал нь жинхэнэ Дорно дахины шинжийг олоод зогсохгүй хүний бие эрхтний гадаад шинжээр дотоод мөн чанар, хувь заяаны зам зургийг тодорхойлох хэмжээнд хүртлээ хөгжин гүнзгийрчээ.

Өлзийт-Уртнаст болоод түүний шавь Ариунтунгалаг нар гадаад болон дотоод мөн чанараараа Монгол эмэгтэйн төгс сайхныг харуулсан, чухам л Дорно дахины гоо үзэсгэлэн мөн байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өвөрмонголын анхны загвар өмсөгч Өлзийт-Уртнаст  
Үзсэн: 3559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zaluu [127.0.0.xxx] 2019-01-07 00:21
Saihan l amitan bn
Зочин [127.0.0.xxx] 2019-01-06 11:20
Бичсэн хүн нь Б.Ойдов би байна. Та нар фейсбүүкээс зөвшөөрөлгүй тавих мөртлөө ядахнаа зохиогчийнх нь нэрийг тавихад яадаг юм бэ.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-05 15:49
САЙХАН ОХИН БАЙНА
Зочин [127.0.0.xxx] 2019-01-04 22:26
ДЭЭР ҮЕИЙН ХУЖААТАЙ ЭРЛИЙЗЖЭЭГҮЙ ХҮҮХНҮҮДИЙН ЗУРАГ ШИГ БАЙНА,МОНГОЛОО ТӨЛӨӨЛЖ ДЭЛХИЙН МИССТ ОРУУЛМААР БАЙНА, МОНГОЛД ИЙМ ХҮҮХЭН БАЙХГҮЙ БОЛЖЭЭ ТҮРҮҮЧИЙН КОМЕТИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
Зочин [127.0.0.xxx] 2019-01-04 22:19
ЖИНХЭНЭ МОНГОЛ БҮСГҮЙ БАЙНА ДАА МАНАЙ ХҮҮХНҮҮД ХУЖАА БОЛСОН БАЙНА
Зочин [127.0.0.xxx] 2019-01-04 10:40
demjie
зочин [127.0.0.xxx] 2019-01-06 06:23
саихан хүүхэн вна успехие

Бидэнтэй нэгдээрэй