Шууд Chart

Босоо төрсөн Элбэг хээр

2019-01-29 10:12:35

Нэрт уяач, их шинжээч, өвгөн ноён Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын цуут хурдан хүлгүүдийн нэг нь этгээд хэлбэр хийцтэй Элбэг хээр азарга юм. Зуун дамнан дуурсагдсан энэхүү хурдан хүлгийн талаар Галшарчууд хэрхэн хуучилж ирсэнийг уншигч танаа дуулгая. 
Цаг хугацааны хувьд авч үзвэл 1890-ээд оны үед хэмээн барагцаалдаг. Хавар оройхон буюу ногоо цагаа ид жигдрэх үед Галшар нутгийн малчин Түмэндэмбэрэлийн сайн ус хавиар нэг саарал шүдлэн үзэгдэх болжээ. Гэрийн эзэн “хаанахын хэний адуу” болохыг сэм тандан сурагласан ч эзнийг нь олж чадсангүй. Харин лавшруулан сурагласаар гурван жилийн өмнө Баянмөнх уулын хошуу буюу Гадин засгийнхан /одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум/ Галшар уулын хошуунаас 30 гүү худалдаж авсны нэгийнх нь гэдсэнд очсон унага болохыг мэджээ. Өвгөн ноён энэ тухай олж дуулаад нутгаа тэмцэн ирсэн унаган хүлгээ хайрлан оронд нь нас гүйцсэн морь өгч явуулжээ. Ийнхүү эхийнхээ хээлэнд зарагдсан унасан эх нутгаа тэмцэн ирж, хожмоо Хоовон саарал хэмээх алдарт хурдан азарга болсон түүхтэй. Хоовон саарлын үр алдарт Номин цэнхэр, Номин цэнхэрийн үр нь энд өгүүлэх эрэмгий хурдан Элбэг хээр азарга юм.

Элбэг хээр бол 1899 оны шарагчин гахай жилийн хавар эхээсээ тэнцсэн унага. Тэгэхдээ бусад унаганаас этгээд буюу босоо тэнцэн хожмын цуут хүлэг болохоо илтгэсэн гэдэг. Элбэг хээрийг дааганд нь сургахаар мордоход бөхөжсөн сайн сурыг тас үсэртэл булгиж эмээлийн хэрэгслээ тарааж байсан гэдэг.Үүнийг нь дуулаад өвгөн ноён шинэ аргамжаар сурлаж дахин мордуулахад эмээлийн сур ч тэсч унасан хүү ч тогтон омголон үрээ ч зүгширчээ. 

Элбэг хээр хачин хэлбэр галбиртай адуу байсан гэдэг. Суга цавины нь арьс нь тэрлэгэн дээл хөөргөж бүсэлсэн юм шиг сул харвигнан унждаг. Чих нь дэлдэн, дух магнайгаараа хотгор, уруул ам нь унжсан ер нь л тун хачин этгээд адуу байж. Гэсэн ч хурдан хурцаараа гайхагдсан буянт хүлэг байсан юм.

1925 онд Галшар нутгийн гарамгай уяач, нэрт хүлэгч “идэмхий” /Өвгөн ноён ихэд шооч нэгэн байсан бөгөөд байнга цулбуураа хэмлэж явдаг Жунайг ийнхүү хочлох болжээ/ хэмээх Жунай Ардын хувьсгалын дөрвөн жилийн ойн их баяр наадамд Элбэг хээртэй иржээ. Тэгтэл зэргэлдээ сумын уяач Гүр уяан дээр нь ирж хээр азаргыг нь харчихаад “Элбэг хээр энэ жил эцэнхий байна. Настай ч боллоо, уралдаж барах уу даа” хэмээн голонгуй өгүүлж. Жунай хариуд нь “барна аа” гээд өөр юм дуугарсангүй.

Мөнөөх Гүр наадам маргааш эхэлнэ гэж байхад дахин ирж, “Энэ азарга айрагдаж давахгүй юм биш үү” гэсэнд Жунай, “давна аа. Нэг байтугай хоёр уралдсан ч давна” гэж. Ийнхүү зүтгэх Жунайд Гүр дахин юу ч хэлсэнгүй. Харин дотроо “Хачин л юм” хэмээн бодоод өнгөрч. 
Удалгүй Жунай нутгаас хамт гарсан Раашийн Лувсанцэндээс моринд арай томдсон 12 настай Ж.Ёндон хүүг гуйж аваад Элбэг хээрийгээ унуулжээ. Гэтэл томдсон хүүхдээр унуулсан эцэнхий хээр азарга тэр наадамд тасархай хол түрүүлж, уяхан нэгний самсааг шархируулсан байна.

Дашрамд сонирхуулахад Жунай уяач тэр жил улсын наадамд таван хүлэг айрагдуулсан байдаг бөгөөд Элбэг хээр азарга нь түрүүлж, зээрд морь аман хүзүүдэн, хээр соёолон дөрвөлж, буурал хязаалан, халиун шүдлэн тус тус айргийн гурваар давхижээ. Мөн тэр жилийн баяр наадмын зургаан насны морьдын 30 айраг, түрүүний 18-ийг нь Хан Хэнтий уулын аймгийн уяачид дангаараа хүртэн Галшарын адууны гайхамшгийг мэдрүүлснийг баяр наадмын цуваанаас бэлхнээ харж болно. 

Тэр намар Элбэг хээрийг буцаж ирэхэд нь нутаг хошуу нь наадмаа хийхээр зэхэж байв. Өвгөн ноён Пүрэвжав ч Дашбалбар уулын хошуунаас авчирсан хонгор зээрд азаргаа хошуу наадамдаа түрүүлгэчих санаатай бэлтгэл базааж байж. Өвгөн ноён хэдий өөрийн унаган хүлэг нь ч өөрөө гардаж уяагүй бол уяачийнхаа нэр дээр цоллуулж алдаршуулдаг зантай хүн.

Тэр ч утгаараа Жунайн уясан Элбэг хээр хошуу наадамд уралдвал хонгор зээрдийг нь дийлж Өвгөн ноён түрүүгээ алдах тул улсын наадамд яваад ирсэн уяач Жунайг бараалхахад өвгөн ноён, “За морь хурдан, сайн явж ирэв үү. Чи ч хээр азаргаа улсад эцэнхий уралдуулсан даг. Хошуу наадамд уралдуулахгүй юм байгаа биз дээ” гэсэнд Жунай, “Эцэнхий нь ч эцэнхий уралдсан даа. Больдог ч юм уу, яалтай юм бэ дээ” гэхэрхүү юм хэлчихээд гарчээ. Өвгөн ноён төд удалгүй дэргэдэх бараа бологчдоосоо нэгийг нь дуудаж “Элбэгийгээ уяж уу, үгүй юу үзээд ир” хэмээн явуулж гэнэ.

Үүнийг нь гадарласан Жунай Элбэг хээрийгээ өөр айлын тэргэнд аваачиж уячихаад байсанд ноёны хиа буцаж ирээд, “Хээр азарга уяандаа алгаа” хэмээн айлджээ. Тэгсээр байтал наадам ч тулж, Жунай Элбэг хээрийгээ наадмын довноос төдий л холгүй орхиод бусад уяа морьдоо хөтөлсөөр талбайн ойролцоо уяагаа босгожээ. Жунайн уяаг хамгийн түрүүнд харуулдан дурандсан өвгөн ноён “Элбэгийг уяагүй нь үнэн бололтой. Тийм бол ч азарганы түрүү минийх дээ. Шинэ азаргаа л нэг түрүүлгэчихье” хэмээн баярлаж санаа амран тайвширчээ. Харин Жунай уяач үдэш Элбэг хээрийгээ шинжиж идшийг нь тааруулж, бага сага засал хийн амраагаад өглөө нь авчирч уяаныхаа эхэнд уяжээ. Өглөө гадаалангаа үүнийг нь харсан өвгөн ноён өөрийн эрхгүй давхийж, “Харав уу тэр. Та нар Элбэгийг уяагүй л гээд байсан. Тэр сэгнийгээд зогсож байна шүү дээ. Идэмхий юу! Сайн уяач мөртлөө санаа муутай хүн юм даа. Намайг л Зоригтынхноос /Дашбалбар уулын хошуу/ авчирсан шинэ азаргаа түрүүлгэх нь гэж цанхаалж байгаа нь тэр” хэмээн үглэж суусан гэдэг. 

Тэгсгээд азарга ч мордож. Ноён бариа руу дөхөж, азарганы түрүүч ч гараад ирж. Өвгөн ноёны дуранд Элбэг хээр, хонгор зээрд хоёр өнгөлчихсөн ана мана хурдалж яваа харагдсанд мордон Элбэг хээрийг тасарч гарах газарт амдан очжээ.

Элбэг хээр ч цойлон гарч, хонгор зээрд харайхаараа харайвч үнэнхүү эн дутаж байгаа үзэгдсэний дээр магнай тэнийн баяссан Жунай уяач Элбэг хээрээсээ зайдуухан давхиж яваа харагдсанд ноёнтон “Идэмхийн налимгар хээрийг дийлэхгүй дээ, дийлэхгүй...” гэж амандаа үглэж байсан гэдэг.

Тэр жил Элбэг хээр 26 насандаа алсын уяагаар улсын наадамд түрүүлээд, давхар уяагаар хошуу наадамдаа дахин түрүүлсэн нь энэ билээ. Ийнхүү улсын наадмын довон дээр эзнийхээ “Нэг байтугай хоёр давна аа” гэсэн итгэлийг хөсөрдүүлээгүй Элбэг хээр аймаг, олон хошуу нийлсэн томхон наадамд 17 удаа түрүүлсэн алдар цолоо дуудуулсан аргагүй хурдан “Түмний эх” байжээ.

Тухайн цаг үед даншигт түрүүлсэн морийг эзнийх нь хүслийг үл харгалзан Богд хаанд мандал өргөн сүрэгт нийлүүлдэг байсан тул хэд хэдэн удаа амыг нь татан аман хүзүүдүүлж байсан гэдэг. Ийнхүү эхээс босоогоор тэнцэж 26 нас хүртлээ уралдан, эрэмгий хурднаараа гайхагдсан Элбэг хээр давхар уяагаар хошуу наадамдаа түрүүлэн алтан жолоогоо өргүүлсэн нь сүүлийн уралдаан нь байсан гэдэг. 

Тэмээний адил унжсан уруултай, их элбэг сул арьстай, урт том биетэй этгээд сонин хийцтэй Элбэг хээрийг өвгөн ноён дүрслэн зурсан байдаг бөгөөд тусгай том хазаар, эмээл хэрэглэдэг байжээ. Түүнчлэн морин эрдэнийн сударт дурьдсан “...хойноос үзвэл хоёр хүн барилдсан мэт, урдаас үзвэл таварсан тэмээ мэт, үзэхэд муухай, магнай хавтгай, хацар хавдсан мэт, гэдэс хавирга урт, хүзүү урт, нарийн хоолой агуу, дөрвөн хөл бүдүүн...” зэрэг шинжүүдийг агуулсан Элбэг хээрийг тэмээн тэлмэн шинжит хүлэг байсан хэмээдэг билээ.
Цуут хүлгийн тухай тэмдэглэлээ Галшар сумын харьяат, аймгийн алдарт уяач Наваандаржаагийн Ухна гуайд хадгалагдсан үлдсэн сийлбэрийн зураг хүргэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Босоо төрсөн Элбэг хээр  
Үзсэн: 3692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-30 11:59
bllaa sailhan ba6
Зочин [127.0.0.xxx] 2019-01-30 09:28
өөрийгээ эхлээд тань ээбээ
Зочин [127.0.0.xxx] 2019-01-30 09:25
бахарам хүлэг сайн хүлгийн хойч үед дурсагдахаар үлдээсэн хүнд баярлаад барамгүй. үеийн үед дурсагдаж яваг.Бахархаж байна.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-29 22:45
хошгорч төрсөн ээбээ гэж
Зочин [127.0.0.xxx] 2019-01-29 20:04
mongol aduu gej.....

Бидэнтэй нэгдээрэй