Шууд Chart

Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт 50 сая төгрөг зарцуулна

2019-03-14 13:08:35

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут Дэлхийн зөн олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Филип Ийвэртыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Орхон аймаг тус байгууллагын “Хүүхэд ивээн тэтгэх” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд төсвөөс 50 сая төгрөг зарцуулахаар болсныг олон нийтэд мэдээлсэн юм.

Учир нь урьд жилүүдэд уг хөтөлбөр нь гадаадын иргэдийн сайн санааны хандиваар санхүүждэг байсан бол одооноос Монголын хандивлагч иргэдийн хөрөнгөөр хэрэгжихээр болсон байна. Монголчууд Монголчууддаа санаачилгын хүрээнд хэрэгжиж буй уг хөтөлбөрт одоогоор Орхон аймгийн 270 хүүхдийг хамруулсан байна. Энэ онд дээрх тоог 2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Мөн уулзалтын үеэр Орхон аймаг тус байгууллагатай “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг төсөл нь ДЗОУБ болон USAID байгууллагын 380 мянга гаруй америк долларын санхүүжилттэй. Нийслэлийн 9 дүүрэг, 9 хороо, Орхон аймгийн 4 байгууллага, 6 багт хэрэгжинэ. Төсөл 2020 оны 9-р сар хүртэл үргэлжилнэ гэж тус байгууллагын ажилтан М.Аззаяа ярилаа.

Төсөл хэрэгжснээр суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн түвшний гамшгийн менежментийг сайжруулах цаашлаад “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахад түлхэц болно гэж үзэж байгаа аж.

ДЗОУБ нь Орхон аймагт 2001 оноос өнөөг хүртэл “Эрдэнэт” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд манай аймгийн 20 мянга гаруй хүүхэд, 35 мянга гаруй насанд хүрэгчдэд шууд болон шууд бусаар хүрч ажилласан гэж тус байгууллагын тайланд дурдсан байна гэж Орхон аймгаас мэдээллээ.


Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт 50 сая төгрөг зарцуулна  
Үзсэн: 91 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй