Шууд Chart

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ

2019-03-15 16:24:48

Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, сонсогч нартаа, даян дэлхийд энхийг сахиулж яваа цэнхэр дуулгатнууддаа, дайнд оролцож, дарийн утаа үнэртсэн хүндэт буурлууд, ахмад дайчдадаа болон Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн Та бүхэнд "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өнгөрсөн зууны эхэнд буюу 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах анхны түүхэн ялалтыг тунхагласан түүхтэй. Энэхүү өдрийг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1946 оноос эхлэн Монголын Ардын Армийн ойн баяр болгон албан ёсоор тэмдэглэж ирсэн юм.

Энэ өдөр нь эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай, ариун журамт үүргийг биелүүлж яваа цэргийн алба хаагчдын баяр төдийгүй монгол түмний бахархалт өдөр бөгөөд улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, хүүхэд залууст цэрэг, эх оронч хүмүүжлийг олгоход дэмжлэг үзүүлэх онцгой ач холбогдолтой.

Монгол улсын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн хэлхээст түүх нь монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой. Эртний Хүннү улс болоод Эзэн Чингисийн эрэлхэг баатрууд, Манжийн дарлалыг эсэргүүцсэн ард түмний тэмцэл, хөдөлгөөн, тусгаар тогтнолоо дэлхий дахинаа тунхаглан зарласан Ардын хувьсгал, газар нутгийнхаа халдашгүй дархан байдлыг хамгаалан дайтсан Халхын голын болон Чөлөөлөх дайны түүхэн ялалт, эх орныхоо энх цагийн бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлст оруулж байгаа хувь нэмэр нь Монгол улсын цэрэг, армийн түүхийн нэгээхэн хэсэг билээ.

Монгол улсын Зэвсэгт хүчин, цэрэг эрс маань өнгөрсөн зуунаас эдүгээг түүчээлэн улс орноо батлан хамгаалах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэж, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцнаа дуурсган эх дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох үйлсэд эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвараа гайхуулан байгаа бахархам гавьяа, бахдам амжилтыг баярын энэ өдөр тэмдэглэхэд нэн таатай байна.

Монгол Улсын Их хурлаас 2015 онд баталсан "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичигт "Монгол Улс мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлнэ" гэсэн бодлогыг тодорхойлсон нь Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх төрийн шинэ бодлого, түүнийг шинэчлэн бэхжүүлэх эдүгээ цагийн дунд хугацааны стратегийн зорилт болж байгаа юм.

Цаашид ч эрх зүйн шинэ орчны хүрээнд, тавигдаж буй шаардлагад нийцүүлэн улс орны батлан хамгаалах чадавх, аюулгүй байдлын баталгааг нэмэгдүүлэх, төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг боловсронгуй болгох, албан хаагчдынхаа албаны өсөлт, дэвшилт, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр олон ажлуудыг хийж гүйцэтгэх болно. 

Олон зууны баялаг түүх, орчин үеийн шинэ шинэ ололт амжилтаар түүхийн хуудсаа зузаатган, хөгжин бэхжиж байгаа Монгол улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний яруу алдар өнө мөнхөд мандан бадрах болтугай!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД

 


Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ  
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй