Шууд Chart

Архуст сумын “Нарст” бөхийн дэвжээ өндөр үүдээ нээлээ

2019-03-18 16:22:52

Төв аймгийн Архуст сумын “Нарст” бөхийн дэвжээний нээлт өнгөрсөн бямба гарагт буюу хаврын дунд сарын шинийн 5-ны билэгт сайн өдөр тус сумын төвд боллоо.

Холбооны удирдлагууд зөвшилцөхдөө энэхүү дэвжээгээ сумынхаа хойморт оршин байдаг хайрханаар овоглон сүсэглэж, ижил нэр хайрлажээ.     

Нээлтийн арга хэмжээнд Архуст сумын Засаг даргын орлогч Э.Энхтөмөр, цэргийн арслан С.Жадамба, “Нарст” бөхийн дэвжээний тэргүүн Б.Отгонбаатар, дэд тэргүүн Ч.Нэргүй, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Номин нарын зэрэг хүндтэй эрхмүүд болон нутгийн иргэд, бөхчүүд оролцов.

Энэхүү дэвжээг байгуулах санааг өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд сумын бөхийн комиссын хамтарсан хуралдаанаар баталжээ.

Нээлтийн арга хэмжээнд зориулж, сумын заан Ж.Норовренчингийн нэрэмжит сумын цолтой болон залуу 16 бөхийн барилдааныг тойргийн журмаар зохион байгуулахад сумын заан Н.Мөнхдөл түрүүлж, Б.Батцэнгэл үзүүрлэв. Харин их шөвөгт Ц.Гантулга, Б.Аюуш нар шалгарч, тус холбооны удирдлагуудаас алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал гардсан юм.

Тэр үеэр сумын заан Ж.Норовренчингийн үр хүүхдүүд аавынхаа нэрэмжит шагнал болох мөнгөн шагналаар урамшуулж байлаа.

Дашрамд, Архуст сумаас төрөн гарсан хүчит бөхчүүдийг уншигч танаа танилцуулья.

Даншгийн аварга Ц.Буянтогтох хэдийгээр Сүхбаатар Мөнххаан суманд төрсөн боловч Архуст суманд ажиллаж, амьдарч байгаад ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Аваргыг нутаглуулсан хонхорт нь уугуул нутгийнх нь бөхчүүд, үр хүүхдүүд, орон нутгийнхан нь хамтран гэрэлт хөшөө босгожээ. Мөн “Хөл”  хэмээн алдаршсан улсын начин Б.Пүрэвдорж тус суманд ажиллаж, амьдарж байжээ.

Тэднээс гадна аймгийн арслан С.Дамдинсүрэн, Д.Шархүү, Ё.Ганхүү, Цагаан, Ё.Бямбасүрэн, аймгийн заан Содвоо, Довдон, цэргийн арслан С.Жадамба, аймгийн начин Э.Баасанхүү, цэргийн начин Ванчинхорлоо, сумын заан Ж.Жанчивдорж, Н.Мөнхдөл, Т.Ерөнбаатар, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Номиын нарын зэрэг хүчтэнийг нэрлэж болно.

Нээлтийн арга хэмжээний үеэр дараах эрхмүүдийн сэтгэгдлийг сонссон юм.

Э.Энхтөмөр: Цаашдаа сумандаа нээлттэй барилдааныг улирал болгон зохион байгуулна

Архуст сумын засаг даргын орлогч Э.Энхтөмөр.

Бид өнгөрсөн хоёрдугаар сард хуралдаж “Нарст” бөхийн дэвжээгээ байгуулахаар болсон. Ингэж ажиллахын гол зорилго нь сумынхаа залуучуудын барилдааны чанар чансааг дээшлүүлэх, залуучуудаа үндэсний спортод улам ойр байлгахад оршиж байна. Цаашлаад манай дэвжээ албан ёсны цоллооч, засуултай байх ёстой юм байна гэж харж сууна. Мөн албан ёсны хувцас хэрэглэлээр хангах шаардлагатай юм байна. Өнөөдөр нээлтийн барилдаанаар эхэлж байгаа ч цаашдаа улирал болгон нээлттэйгээр зохион байгуулна.  Ингэхээр манай сумын бөхчүүдийн барилдааны ур чадвар улам дээшлэх болов уу. Архуст сумын харьяат ид барилдаж буй бөх гэвэл сумын заан цолтой найм, сумын начин цолтой дөрвөн бөх бий. Дэвжээний ахлах зөвлөхөөр цэргийн арслан С.Жадамба ажиллана.

П.Отгонбаатар: Сумынхаа түүхт ойг угтаж, “Нарст” бөхийн холбоогоо байгуулалцлаа

“Нарст” бөхийн холбооны тэргүүн.

Энэ жил манай сумын түүхт 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Нарст” бөхийн холбоогоо байгуулалцлаа. Ингэснээр сум, аймгийн төдийгүй улсын цолтой бөхөө бэлтгэх эхлэл тавигдаж байна. Энэ удаагийн барилдаанаас өмнө бид сумынхаа 60 жилийн ойн баяр наадмыг угтаж, тэр ойдоо сумын цолтой бөх барилдуулах зорилгоор залуу бөхчүүдийнхээ дунд сумын цол олгох барилдаан зохион байгуулсан. Ийнхүү сумын заан, начин цолтон тус бүр гурав төрсөн.

Б.Номин: Сумынхаа тамирчдыг дэлхийн дэвжээнд өрсөлдөх хэмжээний болно гэдэгт итгэлтэй байна

Монгол Улсын гавьяат тамирчин, “Нарст” бөхийн холбооны дэд тэргүүн Б.Номин.

Манай нутгийн бөхчүүд хамтран “Нарст” бөхийн холбоог байгуулж буйд баяртай байна. Гэхдээ зөвхөн үндэсний бөх гэлтгүй бусад спортын төрөлд илүү нээлттэй оролцуулах, өрсөлдүүлэх, залуучуудынхаа спортын ур чадварыг улам нэмэгдүүлэх зорилгоор ажиллана. Манай сумын залуучуудаас хүндийн өргөлт, шатрын спортоор хичээллэж, аймаг, улсын хэмжээнд дээгүүр байр эзэлдэг тамирчин олон. Тиймээс тамирчны амьдралыг бие сэтгэлээрээ мэдэрдэг миний хувьд ийм сайхан үйл хэрэг түүх нэмэхээр анхны шангаа татаж байгаад сэтгэл хангалуун байна.

Энэ дашрамд, намайг улс, Ази, дэлхийн дэвжээнд барилдхад Архуст сумын маань удирдлагууд санхүүгээс эхлээд олон асуудлыг шийдэж өгдөгт талархлаа илэрхийлье. Сумынхаа тамирчдыг дэлхийн дэвжээнд өрсөлдөх хэмжээний болно гэдэгт ч итгэлтэй байна.   















































Нийтэлсэн: У.Баярсайхан

Архуст сумын “Нарст” бөхийн дэвжээ өндөр үүдээ нээлээ  
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй