Шууд Chart

Монголчууд хөгжлийн цоо шинэ түүхийг бүтээж чадна

2019-04-02 12:53:54

Улс төржиж  бухимдсан, цаг үеийн  аар саархан бэрхшээлээс  шийдэл  хайсан,  хэрэгтэй  хэрэггүй мэдээллээр  саваа дүүргэсэн  талбараас  таныг  түр ч болсон холдуулъя.  Санаж сэдэх, хийж бүтээхийн  сэжим  болж, ирээдүйг тодотгох гэрэл гэгээг тань өнгөлнө гэдэгт итгэж байна.   Нийтлэлийг Азийн Хөгжлийн Банкнаас хэвлэл мэдээллийнхний дунд саяхан зохион байгуулсан “Ирээдүйч сэтгэлгээ ба алсын хараа-инновацийн шинэ арга хэрэгслүүд” сургалтаас  бэлтгэв. 

Одоогоос 15 жилийн өмнө кока кола, пепси ид моодонд орж, борлуулалтаараа тэргүүлж байх үед үйлдвэрлэгчид нь өнөөдрийн  хэрэглэгчийн хүсэл  сонирхлыг  төсөөлж байв.  Эко хүнс хүсдэг, нэхдэг   цаг үеийг  таамагласнаар  сахар багатай бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж эхэлжээ. 

Сингапурын 30 жилийн дараа ногоон хот улс болох 1970-аад оны  төсөөллийг  орхиод  ойрын жишээг нь авъя.  Тус улсын зам тээврийн яам нь 2014 онд “жолоочгүй машин замд гарсан тохиолдолд бид яах вэ?” асуултаар  хэлэлцүүлэг өрнүүлж, журмыг  урьдчилан боловсруулжээ.  Нээрээ л 2017 онд  жолоочгүй машин бэлэн болоход нь  журмаа жаахан засаад л  алга ташин  угтсан байх  юм. Ингэж л  жолоочгүй машиныг замд гаргасан,  зохицуулалтыг нь хийсэн анхны орон Сингапур болжээ.

Сингапураас гадна Финлянд, Тайланд зэрэг цөөнгүй орон “Алсын харааны агентлаг”-тай. Мөн Засгийн газар нь дэргэдээ “Ирээдүй судлалын хүрээлэн”тэй улсыг  Канад, Малайз гэх зэргээр ч бас жагсааж болох нь. Одоо харин өөр жишээ авъя. ОУ-ын цагдаа буюу “Интэрпол”  улс гүрэн дамжсан гэмт хэрэгтэй  тэмцэхдээ ирээдүй цаг дээр төсөөлж  таамагладаг.  Тэдний нэг гол арга барил нь “Ирээдүйч сэтгэлгээ ба алсын хараа”. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, АХБ  зэрэг хөгжлийн  болоод иргэний нийгмийн байгууллагууд ч мөн ийм арга барилаар байгууллагынхаа алс ирээдүйн хөгжлийн тодорхойлж, түүний төлөөх алхмуудаа хийж буй. 

Энэ тухай хатагтай Мэймэй Сонг ярихдаа  “тал  талаас цугласан эрдэмтэн судлаач, олон нийтийн төлөөллийн  баг  Азийн Хөгжлийн Банкны ирээдүйн хөгжлийг тодорхойлохдоо таван өдөр,  таван шөнө зарцуулсан” гэлээ.  

“Ирээдүй судлал гэж нийгэм, соёлын болон эдийн засгийн тодорхой орчин нөхцөлд бий болох магадлалтай, сонгож болзошгүй ирээдүйн хувилбаруудыг тооцоолох ухааныг хэлнэ. Ирээдүй судлал нь ямар чиг хандлага хэвээр хадгалагдах магадлалтай,  юу өөрчлөгдөх боломжтойг ойлгохыг эрэлхийлдэг.”

                                                               Азийн Хөгжлий банкны сургалтаас

Гэхдээ энэ аргыг өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан мэдээлэл, туршлагад суурилж,  дүн шинжилгээ хийдэг, нэг үгээр албаныхны  хийдэг  дунд, урт хугацааны төлөвлөлт, стратегитай хольж  ойлгож болохгүй нь. Түүнийг мэргэжлийн баг, яамд, Засгийн газар боловсруулж баталж  хэрэгжүүлдэг  бол ирээдүйч сэтгэлгээ-алсын харааны аргачлалыг  олон  талууд, тэр дундаа олон нийтийн төлөөлөл хамтран хэлэлцэж, төсөөлдгөөрөө онцлог байх нь.  Энэ тухай  “Ирээдүйн тандалт, судалгааны төв”ийн  захирал, хатагтай Мэймэй Сонг хэлэхдээ “20, 30, 50 жилийн дараах цаг үед сэтгэхүйгээрээ, төсөөллөөрөө  хүрч очих нь ирээдүйч  сэтгэлгээ, алсын хараа  юм. Харин тэр цаг үеэсээ ухрааж  урт, дунд, богино хугацааны төлөвлөлт, төлөвлөгөөгөө  гаргаж хэлэлцэх богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө, зорилт болно” гэлээ.  

Тиймээс ч “ирээдүйч сэтгэлгээ ба алсын хараа” аргачлал нь Засгийн газрууд  дүн шинжилгээ хийх, бодлого төлөвлөхдөө ашигладаг уламжлалт арга хандлагаас өөр байх нь.

Ирээдүйч сэтгэлгээ, алсын хараат арга хэрэгслүүдийн тусламжтайгаар ирэх 20-50 жилд гарч болзошгүй өөрчлөлтүүдийг урьдчилан харж, ирээдүйг хэд хэдэн хувилбараар төсөөлөх боломж бүрдэнэ.

                                                        Азийн Хөгжлийн Банкны сургалтаас

Азийн Хөгжлийн Банкнаас  Монгол, Зүүн Тимор, Армен, Камбож зэрэг улсад  “Ирээдүйч сэтгэлгээ ба алсын хараа” сэдэвт семинарыг зохион байгуулж байна.  Энэ семинар нь ирээдүйч сэтгэлгээ ба алсын харааны арга хэрэгслүүдийг Засгийн газар, түншүүдэд танилцуулах, шинэлэг соёлыг хөгжүүлэх, стратеги төлөвлөлтийн үйл явцыг баяжуулах зорилготой.  Засгийн газрууд тэдгээрийг  үр дүнтэй бодлого боловсруулах, өндөр ач холбогдолтой салбар болон технологийг тодорхойлох, мөн төсөл хэрэгжүүлэхдээ ашиглах боломжтой гэж  Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар  мэдэгдлээ. Тус сургалтын үеэр   Тайпей дахь Тамкангийн их сургуулийн дэргэдэх “Ирээдүйн тандалт, судалгааны төв” –ийн захирал Мэймэй Сонгтой ярилцлаа.   

 

МЭЙМЭЙ СОНГ: ЯМАР МЭРГЭЖИЛТЭЙ  НЬ БИШ, ЯМАР ХҮН БОЛОХ НЬ ЧУХАЛ

Тайпей дахь Тамкангийн их сургууль ирээдүйч, бүтээлч  сэтгэлгээг судласан  20 иод жилийн түүхтэй. Тиймээс  энэ ажлаа олон нийт, төр засаг, судалгааны бусад  байгууллага,  бизнесийн салбарт  түгээе гэсэн санаагаар “Ирээдүйн тандалт, судалгааны төв”өө их сургуулийнхаа  дэргэд 2015 онд  байгуулсан “гэж   тус  төвийн захирал, хатагтай Мэймэй Сонг  танилцууллаа.  Тэрээр Тамканг Их Сургуулийн дэд профессор, байгууллага ба манлайллын чиглэлээр боловсролын докторын зэрэгтэй“Ирээдүйч сэтгэлгээ”-г ашиглан байгууллагуудын инновацийг хөгжүүлэх чиглэлээр дэлхийн олон орны байгууллагуудтай ажилладаг байна.   

-“Ирээдүйч  сэтгэлгээ-алсын хараа” аргачлал улс орнуудын хөгжилд  гүйцэтгэх үүргийг товчхон тодорхойлбол? 

-Сүүлийн 15 жилд Ази, Номхон далайн бүс нутаг маш хурдацтай хөгжсөн.  Хуучин арга барилаараа бодож  сэтгэдэг хэвээр байвал бид урагшилж чадахгүй юм байна гэдгийг ойлгодог болсон.             

Тухайлбал, Малайз  улс  өөрийнхөө дээд боловсролын  салбарт “ирээдүйч сэтгэлгээ-алсын хараа” арга  хандлагыг  ашиглан ирээдүйн төсөөллөө гаргаж, түүнд нийцсэн  бодлогоо  боловсруулж, хэрэгжүүлж  байна.  Сингапур,  Хонконгоос ч түрүүлж  энэ арга хандлагаар дээд боловсролоо шинэчилж  байгааг хэлье. Барууны  багш, эрдэмтдээс  бүрдсэн багш, сургагчидтай, Азийн оюутнуудыг цуглуулсан дээд боловсролын системийг  бий болгоно гэж төсөөлсөн.

-Бидэнд бусад улс орны хөгжлийн хангалттай туршлага,  жишээ бий   гэж  үзэх хандлага ч бий.  Байгууллагууд ч мөн ийм туршлагыг нутагшуулдаг ?  

-Урд нь Азийн орнууд  өндөр хөгжилтэй  улс орнуудын  бэлэн туршлагыг аваад ашиглачихна, ингэж хөгжинө гэж  төсөөлж,  найддаг байлаа.  Гэтэл  энэ хуулбарлах  арга  төдийлөн үр дүн өгөхгүй болох нь нотлогдсон.  Дэлхийн энэ хурдтай өөрчлөлт  дунд  тухайн онол дараа дараагийн  оронд төдийлөн үр дүнгээ өгөхгүй байна шүү дээ.

Тиймээс ч ирээдүйч  сэтгэлгээнд  төдийлөн  ач холбогдол өгдөггүй байсан Азийн улс орнууд  сүүлийн  хэдэн жилд энэ аргыг түлхүү хэрэглэж эхэлсэн.  Их ч анхаардаг  боллоо.

-Ирээдүйн төсөөлөл, алсын хараа  яах аргагүй инноваци, цахим шилжилттэй хамт явах байх.  Ингэж бодохоор бидний ирээдүй нөгөө л зөгнөлт кино шиг төсөөлөгдөх юм?  

-Тийм ээ. Инноваци гэдгийг өмнө нь тансаг бараа мэт ойлгодог байсан.  Нилээд өндөр хөгжилтэй,  эсвэл  хөгжлийн зохих төвшин хүрсэн  үед  инноваци гэдэг зүйлийг ярьж эхэлнэ гэж боддог байсан.  Ихэнх орнуудын  Засгийн газар, яамд  эхлээд бид хөгжлийнхөө үндэс суурийг  тавья, дараа нь инновацийг бодож, төлөвлөж, яръя гэдэг байлаа.   Энэ үе өнгөрсөн.   Инновацийг бүх оронд,  бүх салбарт, засаг захиргааны төвшинд хөгжлийн аль ч  шатанд ашиглахгүй бол болохгүй цаг үе ирээд байна.  Түүн дээр  суурилж дараа  дараагийн   хөгжил  ирнэ  гэдгийг ойлгож мэдсэн.

Бид бас ирээдүй гэдэг юмны тухай ярихдаа  хаа нэгтэй, биднээс  тусдаа байгаа юм шиг төсөөлдөг. Гэтэл  ирээдүй манай өнөө үед оршиж байна шүү дээ. Бидний залуу хойч үе, ирээдүй маань нэгэнт бий болчихсон.  Тиймээс  залуу хойч үеэ, өөрсдийнхөө үр хүүхдийг  ямар  оронд амьдруулах гээд байгаагаа төлөвлөхдөө хөгшин хүмүүсийн сэтгэлгээгээр  боловсруулж  болохгүй. Залуучуудынхаа юу хүсэн хүлээж, яг юу хэрэгтэй байгааг тэдний сэтгэлгээгээр бодож, ирээдүйн бодлогоо боловсруулах ёстой.

-Надад  ирээдүй  гэхээр өндөр өндөр байшин, янз бүрийн машин техник, тэдгээрийн  тус дэмээр амьдралаа хөнгөвчлөөд ч байгаа юм шиг, эсвэл... нэг  тийм л  хол  хөндий хэмнэл, харилцаа    төсөөлөгдөөд байна. Гэтэл нөгөө талд технологиос  зугтаасан, байгаль, ахуйтай ойр байхыг хүссэн хэсэг ч бас бий?

-Өчигдөр бид танай улсын  төрийн албан хаагчдад нэг өдрийн сургалт явуулсан.  Хөгжөөгүй юм болгон моодонд орно гэсэн сэдэвтэй ирээдүйн талаар ярилцсан.  

Монгол орны хувьд их ирээдүй  бий гэж би харж байна.  Ийм их өргөн уудам нутагтай. Монголчууд бусад өндөр хөгжилтэй орнуудын 50, 100 жилийн өмнөх хөгжлийн замналыг харсан.  Ямар байсныг сайн мэднэ.   Ямар арга замаар яваад ийм хөгжилд хүрснийг  бид бүгдээрээ  мэддэг болохоор тэр хөгжил  нэг их сонирхолтой биш. Тиймээс ч Монгол орон өөрийн онцлогт тохирсон цоо шинэ, өөр ирээдүйг бий болгох, бүтээн байгуулах бүрэн боломжтой. Монголчуудад 21-р зууны технологи, сэтгэлгээ бүгд байна.  Энэ бүхнийг дайчлаад Монголдоо шинэ төрлийн ирээдүйг бий болгох том боломж бий гэж бид хардаг.  Бидний нийгэмд юу байна, ямар  нөхцөл байдалд, ямар бэрхшээл дунд бид амьдарч байна гэсэн асуултад хариулахдаа  бид  тогоон дотроо л эргэлдэг.  Гэтэл  10, 20 жилийн жилийн дараа бид яаж хөгжсөн байх вэ. Ямар улс байх вэ гэвэл түүнийхээ төлөө эрмэлзсэн, хүчин чармайлт гаргасан тийм л төлөвлөлт, бодлого боловсрогдоно. Үүнээс цаашихыг  харж чадвал бүр ч илүү үр дүн гарна.

-“Ирээдүйч сэтгэлгээ-алсын хараа” аргыг айл өрх дээр буулгамаар байна.  Хүүхэд маань мэргэжилтэй  болчихвол, их дээд сургуульд орчихвол болчихно гэсэн төсөөлөл бидэнд  давамгайлдаг болов уу.  Таны хувьд  хүүхдийнхээ ирээдүйг хэрхэн хардаг вэ?

-Том хүүгээ 12 настай байх үед нь нөхөртөө  одоо хоёулаа хүүгийнхээ ирээдүйг  яръя  гэж  хэлсэн.   Үүний тулд бид хоёр хүүгээ  18 нас хүрэхдээ ямар зан чанартай,  ямар үнэт зүйлтэй залуу болсон байх вэ гэдгийг төсөөлж  ярилцсан.  Дараа нь бидний  төсөөлсөн  шиг  залуу  болгохын тулд  бид хүүдээ одооноос юу сургах, юуг өгөх ёстой вэ гэдгээ тодорхойлсон.

Ямар хүн болж төлөвших нь анхдагч, ямар сургуульд орох,  ямар мэргэжилтэй болгох нь  хоёрдогч ач холбогдолтой байсан гэсэн үг. Бид хоёр ярилцсаар байгаад хоёр зан чанар дээр нь сайн туслахгүй,  дэмжихгүй байгаа юм байна  гэдгээ тодорхойлсон. Ямар гэдгийг сонирхох уу?   

-Сонирхож байна.

Мөнгөө яаж зөв удирдах талаар заагаагүй юм байна гэдгээ ойлгосон. Хүүдээ 7 хоногт  карманы  жаахан мөнгө өгдөг. Түүнийгээ хэрхэн зарцуулснаа, мөн хаанаас мөнгө орж ирж байгаагаа бичдэг байхыг зөвлөсөн.  Мөн өөрөө хувцсаа угаадаг чадвартай болгох ёстой гээд угаалгаж сургасан. 

Нийтэлсэн: Д.Даваадулам

Монголчууд хөгжлийн цоо шинэ түүхийг бүтээж чадна   
Үзсэн: 352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй