Шууд Chart

М.Эрдэнэбат: Оюутан ахуйдаа бичсэн захидал одоо ч ээжийнд хадгалаастай байдаг

2019-04-04 15:10:07

Уншигч олонд “Хөлгүй цэнхэр нуур”, “Юу ч мартаагүй”, “Хүйтэн бороо” түүвэр, “Хөлгүй цэнхэр нуур”, “Би нар” уран сайхны кино, “Сэтгэл мэднэ”, “Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар” олон ангит кино, “Хүний үнэр” телевизийн жүжиг зэрэг олон арван зохиол бүтээлээрээ оюуны таашаал хүртээж, ухаарал хайрласан Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Программын нэгдсэн хэлтсийн дарга Магваны Эрдэнэбаттай ярилцлаа.

-Сайхан хаваржиж байна уу та. Уран бүтээл арвин байна уу?

-Сайхаан. Зорьсон том бүтээлүүдийнхээ ард гарч амжаагүй л явна. Өнгөрсөн жил Ж.Сэнгэдорж найруулагчтай хамтарч зохиолыг нь бичсэн  “Би нар” уран сайхны кино маргааш нээлтээ хийх гэж байна. Кино зохиол их онцлогтой. Найруулагчтайгаа ойлголцож, нягт уялдаж байж бичдэг. Кино зохиол бичихэд үгийн сонголт маш чухал. Санаагаа товч илэрхийлсэн байх ёстой. Тууж, роман бичихдээ уянгын халил, салаа утгатай үг хэрэглэж болдог. Харин кино зохиолд болдоггүй.

-Хүүхдэд зориулсан зохиол бүтээл туурвих хүнд гэдэг юм билээ?

-Би хүүхдийн уран бүтээл дээр ажиллаж байсан туршлага маруухан. Миний багш соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Загдын Түмэнжаргал хүүхдийн зохиолч. Хүүхдийн зохиол чимхлүүр ажил ихтэй. Хүүхдийн зохиолч бичнэ гэдэг нь ирээдүйдээ захиа бичиж байна гэсэн үг. Учир нь тухайн зохиол бүтээл уншигч, үзэгч хүүхэд, ирээдүйн боловсон хүчин, хойч үеийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг маш сайн бодож, нарийн хэлвэл үг бүр дээр ажилладаг. Тухайлбал, миний зохиолыг уншсан хөвгүүд, охид тэндээс юуг ойлгох, сурах ёстойг шигтгэх учраас хариуцлагатай ажил.

-Та “ирээдүй”-дээ бичсэн өөрийн “захидал”-аараа юуг зааж, сургав?

-Одооны хүүхдэд зааж сургая гэхээсээ илүү тэднээр өөрсдөөр нь дүгнүүлж, ойлгуулахыг зорьсон. Тийм ч учраас “Би нар” кино аав, ээж, хүүгийн 13 нас гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа. Ерөнхийдөө тэр гурвын 13 насыг нэг шугаман дээр чацуулаад тавьсан. Хүүхдүүд тэндээс өөрсдөө дүгнэлтээ хийнэ. Мөн зөвхөн хүүхэд гэлтгүй эцэг эхчүүд, насанд хүрсэн хүмүүс ч тэр зааг ялгааг харж ойлгоно байх.

-Яагаад 13 насыг онцолсон бэ. Монголчууд 13-ны жил орно гэж ярьдаг. Үүнтэй холбогдох уу?

-Хүүхэд насны хөгжлийн оргил үе нь энэ насандаа таарч байгаа. Монголчуудын ярьдаг арван хоёр жил ба насны үечлэлтэй ч холбоотой. 13-ны жил ард хоцорлоо нэг үе мултарч байна гэдэг дээ. Хоёрдугаарт, хүүхэд 13 наснаасаа хойш гэхээрээ ухаан суугаад залуу, идэр нас руугаа ойртчихож байна. Тэгэхээр хүүхэд насны гол цэг нь 13 нас. Энэ насны хүүхэд аливаа зүйлийг хийхдээ ухамсартайгаар буюу юмс үзэгдлийг задлан шинжилж, танин мэддэг.

-Та өөрийн 13 насныхаа түүхийг хуваалцаач. Өөрийн тань хүүхэд нас энэ бүтээлд тань хэр зэрэг туссан бэ?

-Өнгөрсөн хавраас эхлээд “Би нар” киноны зохиол дээр ажилласан. Тухайн цаг мөчөөс л хойш 13 насаа эргэн санагалзаж, бодож ирлээ. Хүн чинь өөрөөсөө, өөрийн амьдралаасаа, сайн мэддэг зүйлээсээ жишээ авна. Өөр юунаас жишээ авах билээ. Хөдөөний хүүхдийн дүрийн диалогид миний 13 нас тодорхой туссан л байгаа. Хөдөөний хүүхдүүд онгоц хараад гайхаж байгаа, энэ онгоц хаана очдог юм бол гэж боддог, асууж, ярилцаж байгаа хэсэг бол миний амьдралын дурсамжууд байх жишээтэй. Кино зохиол бичих явцдаа “би юу боддог байлаа” гээд өөрийн 13 наснаасаа их эрэл хайгуул хийсэн. Тэр хэрээр “Би нар” кинонд миний хүүхэд нас шингэчихсэн л байгаа.

Би 13 насаа тод санадаг. Морь унах их дуртай, хөдөөний айлд очоод морь унах “өвчин”туссан хүүхэд малчин болно л гэж ид мөрөөддөг байсан. Болж л өгвөл хүн амьтан дагаад сумын төвөөс хөдөө явахын хүслэн.

-Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Хүүхдийн нэвтрүүлгийн ерөнхий редакц, “Би нар” гэр бүлийн уран сайхны киноны уран бүтээлчид хамтран сурагчдын дунд захидлын уралдаан зарласан. Та хүүхэд ахуйдаа хэр олон захидал бичиж байв?

-Хүмүүсийн хоорондын харилцааны сонгодог, сайхан хэлбэр бол захидал. Хүн захидал бичихдээ дотор сэтгэлээ уудалж чаддаг. Мөн гоё сайхан, цэвэр гаргацтай бичихийг чармайдаг. Бичиж байх явцдаа цаад хүнээ хүндэтгэж байдаг. Тиймээс захидал бол хүний харилцааны нандин хэлбэр юм. Биднийг бага байхад хүүхдүүд хоорондоо захидлаар л харилцдаг байлаа. Захидал бичих аян өрнөдөг, цаашлаад ... сургуулийн .. ангийн журналын .. дугаарт нэр нь байдаг хүүхдэд гэж хаяглаж явуулдаг байсан. Захидал авсан хүүхэд нь охин байвал азтайд тооцогддог, хүү байвал жаахан гомдолтой явдаг. Мөн аймгийн төв, зусланд танилцсан, найзалсан хүүхдүүд гэртээ, сургуульдаа ирсэн ч тэр найзуудтайгаа байнга захидлаар харилцдаг байсан. Хожим гэрээсээ хол газар, гадны орон руу сургууль соёлд суралцахаар явсан хүүхэд залуус ч гэрийнхэндээ хэлж, яръя гэсэн хамаг л үгээ захидлаар дайдаг байсан даа. Одоо тэр сайхан захидлын соёл үгүй болж байх шиг санагддаг. Тиймээс Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааныг энэ жил 11 дэх удаагаа зарлаж, зохион байгуулсан. Энэ уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд би есөн жил орж ажилласан байна. Би өөрөө ч “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны шүүгчээр ажиллах дуртай. Учир нь оролцогчид уран зохиолын амин сүнс болохоор дурсамжууд бичдэг. Хоёрдугаарт, хүн сэтгэл зүрхнийхээ үгийг захидлаараа илэрхийлж, тухайн захидлаас цаад хүн нь уншигдаж байдаг. Уран зохиолын амин сүнс бол хүний дотоод сэтгэл. гэж боддог.

“Ээждээ захидал бичээрэй” уралдаан хүмүүст тэр бүр ил гаргаад байдаггүй, далд байдаг ээж аав, тэднийхээ энэрэл хайрын тухай элдэв зүйлээ цаасан дээр илэрхийлж гаргах бололцоо олгож байдаг. Тэр олон тооны захидлыг уншсаны дараа гудамжаар алхаж явахад хүн болгоны дотор нуугдаж явдаг зовлон жаргал, баяр гуниг бүгд дотор ирээд цугларчихдаг.

-“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдаан 11 жилийнхээ босгон дээр сүлд дуутай болсон?

-Энэ уралдаанаа сайхан дуутай болгоё гэсэн яриа гавьяат жүжигчин Н.Чулуунхүү бид нарын дунд хоёр жилийн өмнө болсон юм. Хүнд “ээждээ захидал бичээрэй” гэж хэлэх, тэр хүн дуу сонсоод ээждээ захидал бичье гэж бодох хоёр өөр. Тиймээс ижийгээ амьд сэрүүн байхад нь захидал ч болов бичээд сайн яваагаа дуулгачхаарай гэсэн сэдэл өгөхөөр

“Дэвэн дэвэн хаврын шувууд ирнэ

Дэлт морин уяан дээр үүрсэнэ

Насаараа хайрлаж, намайгаа үгүйлнэ

Нартын дор эхийн сэтгэл шиг үнэн юм алгаа...” гэж дууны шүлэг бичсэн. Н.Чулуунхүү гавьяат хөгжмийг нь бичиж өгсөн. Тэгж л “Ээждээ захидал бичээрэй” дуу бүтсэн түүхтэй. Би энэ дууныхаа шүлгийг их тоогоод байгаа. Боломжийн сайхан дуу төрсөн гэж боддог.

-Үзэгч, уншигчдаас “Ээждээ захидал бичээрэй” уралдааныг шүүхдээ оролцогчдийн бичлэгийн ур чадварыг голчилдог уу, үзсэн туулсан амьдралыг нь гол болгодог уу гэсэн асуулт олон ирдэг.

-Тэр олон хүний сэтгэл зүрхний нандин үгс, зовлон жаргалыг дэнсэлнэ гэдэг уншиж байгаа, дүн гаргаж буй хүмүүсээс асар их тэнхээ шаарддаг. Би янз бүрийн тэмцээн, уралдаанд шүүгчээр сууж байлаа. Гадна, дотны нөлөө орж ирэх тохиолдол байдаг. Харин захидлын уралдаан шүүж буй тохиолдолд хүний сэтгэл зүрхний үгийг шударга дэнслэх ёстой. Гадуур олон ч, уралдаан тэмцээнүүд болдог. Шүүлтийн үеэр янз бүрийн л юм болдог л байх. “Ээждээ захидал бичээрэй” уралдаан зовлон, жаргалаа бичиж ирүүлж буй хүмүүсийг алагчлахгүйгээр бодитой дүгнэдэг. Ингэхдээ хамгийн түрүүнд захидлын мөн чанарыг хардаг. Хүн заавал өнчирдөг. Учир нь цаг хугацааны мөчлөгөөс харвал үр хүүхэд нь эцэг, эхтэйгээ хамт, зэрэг одохгүй. Тэгээд тэднийгээ үдээд өнчирч үлдсэн хойноо л ухаардаг. Ихэнхдээ ийм ухаарлын захидлууд ирдэг. Үүнийг гол шалгуур гэж авч үзэхгүй байгаа. Яагаад гэвэл хүн ухаарахаар дотор сэтгэлээс нь маш гоё сайхан үгнүүд ундардаг. Уралдааны шүүгчид ээж нь амьд сэрүүн байгаа захидлыг аль болох чухалчилдаг. Цаашлаад тэр захидал хэр олон хүнд хүртээмжтэй өөрөөр хэлбэл, уншсан, сонссон хүмүүст ухаарал хайрлах,  нийтлэг амьдралын өнгө төрхтэй захидлыг гол болгодог.

-Та анхны захидлаа хэнд хаяглаж байв?

-Ёстой санахгүй байна. Одооны хүүхдүүд захидал бичдэггүй байх.

“Мянга мянгаар тоолсон

Мяндсан утас шиг хөвөрсөн

Алдааг минь тоолсон

Алдарт мянган есөн зуун .... оны .. өдөр

Дурлаж бичсэн захидал минь

Дугаар ноймер нэг юм шүү” гэсэн шүлэгтэй захидлыг манай үеийнхэн “үйлдвэрлэдэг “байсан. Бүр өнөөдөр, маргааш захиа өгөх охидоо төлөвлөчихдөг байлаа. Арван хоёр настай байхдаа юм уу даа ангийнхаа охидод захиа бичиж эхэлж байлаа. Нөгөө хэд нь бүгд захиа авчихсан. Биччихсэн бэлэн захиа байгаад байдаг. Аваачиж өгье гэхээр захиа аваагүй охин гэж байхгүй. Тийм л үе байлаа. Тухайн үед захиа өгч байсан хүмүүстэйгээ одоо таарахаар баахан инээлддэг юм.

-Оюутан ахуйдаа хойд хөршид сурч байхдаа ээждээ, гэрийнхэндээ хэр олон захидал илгээж байв?

-Бичилгүй яахав. Олон захидал бичсэн тэрнээс одоо бий юу үгүй юу мэдэхгүй юм. Миний 17, 18 настайдаа бичсэн захидлыг манай дүү нар уншчихаад намайг шоолоод л байсан. Намайг сурч байхад Орост солонгос бэлтгэлийн хувцас моданд орж байсан юм. Би ээждээ тийм хувцас явуулаарай, гэхдээ гол нь пүүз шүү гэж бичсэн байсан гэсэн. Тэр захидлууд одоо болтол ээжийн гэрт байдаг. Ээж хадгалаад л байж байдаг юм билээ. Захидал бол дахин давтагдашгүй дурсгал. Хадгалж, хамгаалж чадвал асар их дурсгалтай өв болж үлддэг.

-“Би нар” киноны нээлтэнд тань амжилт хүсье.

-Кино бол нийтийн бүтээл. Олон хүний хөдөлмөр учраас жүжиг, кинонд зохиолч тодрох хэрэггүй байдаг. Мөн телевиз, дууны урлаг бүгд л нэгдмэл уран бүтээл. Харин зохиолч роман, туужаа бичээд тодорч болно.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Хүүхдийн нэвтрүүлгийн ерөнхий редакц, “Би нар” гэр бүлийн уран сайхны киноны уран бүтээлчид хамтран сурагчдын дунд захидлын уралдаан зарласан. Энэ уралдааныг уламжлалт ажил болгоод дараа дараагийн жил ч зохион байгуулмаар санагдсан. Захидлууд эхнээсээ ирж байгаа. Энэ уралдаанд хүүхдүүдийг идэвх зүтгэлтэй ороосой гэж хүсч байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

М.Эрдэнэбат: Оюутан ахуйдаа бичсэн захидал одоо ч ээжийнд хадгалаастай байдаг  
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ГГ [127.0.0.xxx] 2019-04-04 20:17
Амжилт хүсье!

Бидэнтэй нэгдээрэй