Шууд Chart

Д.Ганбаяр: Төр засаглалын зарчмаасаа ухраад байна

2019-04-05 11:45:15

Компанийн Засаглалийн Үндэсний Зөвлөлийн дарга Д.Ганбаяртай ярилцлаа. Тэрбээр бизнесийн эрх зүйч мэргэжилтэй. АНУ-ын Калифорны их сургуулийн  бизнесийн удирдлагын магистр, АНУ-ын “Merrill Lynch” хөрөнгө оруулалтын банк, Монголын хөрөнгийн бирж, Frontier securities ХХК-д компанид ажиллаж байсан. Удирдлагын академид багш, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд гишүүнээр ажиллаж байсан. Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн даргаар 2012 оноос хойш ажиллаж байна. 

 

-"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хууль зөрсчөн гэдгийг Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл дахиад мэдэгдлээ.  Өнгөрсөн жил ч мөн ийм мэдэгдэл хийж байсан.  Өнгөц харахад зөвхөн зарын асуудал яриад байгаа мэт боловч томоохон үр дагавартай гэж  анхааруулж байна. Үүнийг тодотговол? 

-“Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцааг монголын 2,5 сая иргэн, 533 аж ахуйн нэгж эзэмшдэг.  Тиймээс ч Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл олон нийтийн, хувьцаа эзэмшигчдийн үндсэн эрхийг хамгаалах, тус компанийн засаглалыг сайжруулахад хөндлөнгийн зүгээс дүгнэлт гаргаж засаж сайжруулах тал дээр нь анхаарч ажиллаж ирсэн.

Энэ сарын 30-ны өдрийн 10:00 цагт болох "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлын (http://erdenestt.mn/721-erdenes-tavantolgoy-hk-iyn-huvcaa-ezemshigchdiyn-eelzhit-hurlyn-zar.html) 3-т "Бусад" гэж оруулсан нь юу хэлэлцэх эсэх тодорхойгүй байна.

Энэ нь Компанийн тухай хуулийн "Хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн заалт болон Санхүүгийн зохицуулах хорооны  "Компанийн засаглалын кодекс"-ийн "Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг хурлын хөтөлбөрт тодорхой тусгаж өгсөн байх ёстой. Хөтөлбөр нь тодорхой бус жишээ нь “бусад”, “гэх мэтчилэн”, “өөр, төрөл бүрийн” гэдэг үгсийг хэрэглэхгүй байх" гэсэн заалтыг тус тус зөрчөөд байгаа юм.  

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өнгөрсөн оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал яг ийм байдлаар хэлэлцэх асуудлаа нуун далдалж урьдчилсан байдлаар хэлэлцэх асуудалтай холбоотой хурлын материал өгөөгүйгээс хувьцаа эзэмшигчдийн маргаан үүсгэсэн. Тиймээс хувьцаа эзэмшигчийн мэдээлэл авах эрхийг хязгаарласан гэж Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл асуудал тавьж  төрийг төлөөлсөн хувьцаа эзэмшигчдэд албан бичгээр хандаж засч залуурлах болон олон нийтэд мэдээллэж байсан.   

Ер нь тус компани хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлыг сайн засаглалын зарчмын дагуу маргаангүй явуулах нь хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахад  компанийн засаглалын  гол шалгуур болдог гэдгийг мэдэхгүй байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс одоогийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэр хангаж байгаа нь IPO гаргах асуудал амжилттай хийгдэх эсэх нь шалгаалдаг гэдгийг ойлгохгүйд байгаа юм.

Манай байгууллагыг хэний захиалгаар Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн асуудалд оролцоод олон нийтэд мэдээллээд байна гэж зарим улс төрчид, компанийн зүгээс харддаг. Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл нь нийтийн өмчит компанийн мэдээллийн ил тод байдлыг хангуулах, тэдгээрийн маргаанд хөндлөнгийн этгээдээр оролцож мэргэжлийн дүгнэлт гаргах, эвлэрүүлэх, хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалахаар төрийн чиг үүргийг "Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн" хүрээнд хэрэгжүүлдэг. Улс төрөөс хараат бус олон нийтийн хяналтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх гэж л ажиллаж байна.                         

-“Эрдэнэс Таван Толгой” ХК дээр 2,5 сая иргэнийг төлөөлж буй  хараат бус гишүүдийн асуудал маргаан үүсгэж, шүүх дээр очиж байсан.   Яг одоо хэн биднийг төлөөлөөд байгаа юм бэ гэж  олон нийт асуудаг л даа.

-2018 оны 9 сард “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын өмнө  Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс  тухайн хурал хууль зөрчсөн учир хүчин төгөлдөр бус гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.  Хурлын товыг өмнө  нь мэдэгдээд хувьцаа эзэмшигчдийн оролцоог хангуулж хуралдах байтал 2,5 сая иргэд буюу нийт хувьцааны 14 хувийг эзэмшигчийг мэдээллээр хангаагүй, оролцох эрхийг хязгаарлах гэж зүтгэсэн. Тухайлбал Компанийн тухай хуулийн 60.2.3-т зааснаар ”Хувьцаат компанийн хувьд хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр” гэдгийг тухайн хувьцаа эзэшмигчдийн хуралд оролцоход бүртгүүлсэн хүмүүс л хуралд оролцоно гэж ойлгож байсан. Энэ мэтчилэн хуулийг өөрийнхөөрөө ойлгож хэрэглээд “бүртгүүлээгүй байна, хурал эхэлсэн байна” гээд хуралд оролцуулаагүй асуудал хүртэл гарч байсан. Үүнийг л мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө аваад хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангаад явуулаач гэж хүсээд байгаа юм.

Мөн Компанийн тухай хууль, СЗХ-ны журмаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг нэгд нэгэнгүй жагсааж бичих ёстой. Гэтэл тэр хуралд Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах тухай гэсэн ерөнхий  нэртэй хэлэлцэх асуудал оруулсан. Түүн дотроо  5-6 тогтоол оруулж баталсан. Нэг тогтоолын хэрэгжилтийг хангах нэрийн дор  “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ын гишүүдийг томилсон,   IPO хийх үйл явцыг  ярьсан, хэчнээн хувийг нь яаж  гаргах тухай ч ярьсан байгаа юм.  Үүнийг мэргэжлийн бидэнд ч тодорхой мэдээллээгүй.  Ингэж  улс төрчдийн захиалгаар дураараа  юм хийгээд явж болдог гэсэн хандлагыг өөрчлөх шаардлагатай байгаа юм.

 ДАРГА НЬ ХУУЛЬ БУСААР СОНГОГДСОН ТУЗ-ИЙН ТОГТООЛ ШИЙДВЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС

-Танай байгууллага, мөн олон нийтийн зарим төлөөлөл   “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Төлөөлөн  удирдах зөвлөлийн дарга нь хууль бусаар сонгогдсон  учраас ТУЗ-ийн гаргасан шийдвэрүүд нь хүчингүй гэж үздэг.  Үндэслэлийг тайлбарлавал?  

-Жишээ нь их сургууль төгсөөгүй байж, их сургууль төгссөн гэж ажилд орвол бусдыг хууран мэхэлсэн болж ажлаас чөлөөлөгдөнө. Үүн шиг компанийн ТУЗ-ийн дарга нь өөрөө хууль ёсны дагуу сонгогдохгүй бол тэр нөхрийн удирдаж буй хурал болон гарын үсэг зурж байгаа тогтоолууд нь хүчин төгөлдөр бус гэх эрх зүйн үр дагавартай. Нэг жилд  800 тэрбум төгрөгийн борлуулалтын цэвэр ашиг олдог  “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьд энэ нь маш ноцтой асуудал. Тэр хүн хувьцаа эзэмшигчдийн хурлаар сонгогдоогүй байхад хараат бус дөрвөн гишүүн нь яагаад ийм хүлцэнгүй байгаад байна вэ? ТУЗ-ийн тэр дөрвөн гишүүд  Монголын 2,5 сая иргэдийн төлөөл. Тэр дунд хуульч хүмүүс ч бий.  Хувьцаа эзэмшигч биш хүнийг тэр албан тушаалд тавьж улс төрийн томилгоо хийж байна гэдэг нь цаанаа  асар том ашиг сонирхлын зөрчилтэй гэж харахад хүргэж байна.  Хуулиа мэдсээр байж амаа хамхиад дуугүй суугаад байгаа хараат бус дөрвөн гишүүнийг би  ойлгохгүй байгаа юм.

ТУЗ нь хүчин төгөлдөр биш, эрх зүйн чадамжгүй байж хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргалаа,  хувьцаа нь амжилтгүй боллоо гэж төсөөлье. Энэ үед шүүх дээр очиход эрх зүйн чадамжгүй нөхөр ТУЗ-ийн дарга хийж байсан, хууль бус ТУЗ байсан юм байна гэж үзэх тохиолдолд  ТУЗ-ийн гаргасан бүх тогтоол шийдвэрүүд хүчин төгөлдөр бус болно. Энэ бол эрх зүйн хувьд асар том үр дагавар. Тийм учраас хуулийг дагаж мөрддөг хариуцлагын тогтолцоог бизнесийн харилцаанд бий болгох соёлыг бий болгох шаардлагатай.

-Хамгийн олон хувьцаа эзэмшигчидтэй  төрийн өмчийн оролцоотой компани нь хувьцаагаа ОУ-ын зах зээлд гаргана  гэдэг утгаараа ч  юм уу  зөв явж байж сайн туршлага, том зам мөр гаргах байх гэж бодох юм?

-Нэг  номерын асуудал бол  компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн нь маш чадвартай, туршлагатай байх ёстой. Жишээлбэл  тус компанийн сонгогдоод байгаа  ТУЗ-ийн дөрвөн хараат бус  гишүүдээс би хоёрыг нь л таньж байна. Нөгөө хоёрыг мэдэхгүй. Тэгэхээр олонд танигдаагүй, энэ чиглэлээр ажиллаж байсан туршлага байгаа  эсэх нь тодорхойгүй хүмүүсийг 2,5 сая хувьцаа эзэмшигчид хүлээн зөвшөөрч байж жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангах зорилгоор төлөөлөх ёстой юм. Улс төрчдөөс энэ нөхрийг оруулаарай гээд захиад  оруулчихдаг. Нөгөөдүүл нь чухам юу хийж байгаа юм бүү мэд.  Би  “Эрдэнэс-Таван толгой” компанийн хараат бус ТУЗ-ийн гишүүдэд “та нар хийсэн бантангаа өөрсдөө цэвэрлэх, компанийн болохгүй байгаа юмыг нь гаргаж тавьж хэлэх үүрэгтэй”  гэж  хэлмээр байгаа  юм.  

Ер нь компаниудын  ТУЗ-д орж ирж байгаа нөхдүүдийг харахаар гар өргөөд л шийдээд явдаг. Цаана нь эдийн засгийн ямар тооцоолол үндэслэл дээр тулгуурлаж ямар шийдвэр гаргаж байгаа нь бүгд хаалттай. Тэр хүн ТУЗ-ийн гишүүнийхээ ажлыг хуулийн дагуу хийж чадахгүй бол нэр хүнд нь унадаг.  Тэд буруу шийдвэр гаргаж байгаа эсэхээ ч мэдэхгүй байгаа нь эмгэнэл болоод байна.  Тийм учраас нэгэнт та энэ том компанийн ТУЗ-ийн гишүүн юм бол маш хариуцлагатай байх ёстой. 2,5 сая иргэдийн төлөө эрх барьж байгаа нөхдүүдтэй тулж, хууль бус асуудал гарах  нөхцлийг нь хаахын төлөө ажиллах ёстой.

Мэдэхгүй байж мэддэг юм шиг буруу шийдвэр гаргасан бол Компанийн тухай хуулийн 85-р зүйлд зааснаар өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээхээр тусгасан.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР НЭГ ХҮНИЙ ЗАСАГЛАЛД ОРСОН

-Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой  “Оюутолгой”, “Эрдэнэт”,  “Эрдэнэс монгол” зэрэг компанийн хувьд ТУЗ-ын хараат бус гишүүд нь хувьцаа эзэмшигчдийг  төлөөлж зөв голдиролд нь оруулахад шаардлага тавьдаггүй, дуугардаггүй гэж олонх нь шүүмжилдэг.   Танай байгууллага тэднийг хэрхэн ажиллаж байна гэж дүгнэж байгаа вэ?

-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 2018 оны 4 сард болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал дээр компанийн дүрэмд өөрчлөлт орсон.  Дотоод аудитын албыг аудитын хорооноос санал болгоод  ТУЗ-өөс томилно гэсэн  заалт оруулсан. Тус компанийн аудитын хороо нь дотоод аудитын хороотойгоо яаж хамтран ажилладаг эсэх нь ойлгомжгүй байна.  Энэ тал дээр ард түмний татварын мөнгөөр  үүсгэн байгуулагдсан төрийн өмчит компаниуд олон нийтэд нээлттэй тайлбарлахгүй,  хувийн компани шиг л ажиллаж байгаад асуудал нь байна. Өөрөөр хэлбэл төрийн болон нийтийн өмчит компаниуд тайлангаа жилийн үйл ажиллагааны тайландаа тодорхой тусгаж, нийтэд ил тод болгомоор бгаа юм. Тухайлбал өнгөрсөн жил аудитын хороо нь хэчнээн удаа хуралдаж ямар асуудлыг шийдсэн, дотоод хяналт шалгалтын үр дүн ямар байсан, юу нь болсон, юу болохгүй байна гэдгийг тайландаа дүгнэх ёстой. Гэтэл манай ТУЗ-ийн гишүүд гэж  зүгээр л холхисон улсууд.  Манай төрийн өмчит компани ч адилхан, хувьцаат компани ч адилхан. Нөхцөл байдлыг харахад зүгээр л нэг хуралд сууж гар өргөсөн идэвхигүй хүмүүс. Хэлэлцэх асуудалд  нь өөрийнхөө үзэмжээр гар өргөдөг. Цаад агуулга нь юу юм, ямар хэлцэл хийгдэж байна, тухайн салбарт ямар эрсдэл гараад байгаа.

Эрсдэлээ удирдах, комплаенс хэрэгжүүлэх гээд компанийн засаглал, нийгмийн хариуцлагын бодлого, цаашид компанийн хөгжлийн стратеги ямар байх гээд олон асуудлыг ТУЗ гэдэг байгууллага нь том зургаар харж бодлого гаргаж, гүйцэтгэх удирдлагад хяналт тавьж, чиглэл өгөх ёстой юм л даа.

Жилийн үйл ажиллагааны тайланд тухайн жилийн их хэмжээний болон сонирхолын зөрчилтэй хэлцэлийн талаархи мэдээлэл нэг ч компанийн жилийн тайланд тусгаагүй л байна.

-Засгийн газар өнгөрсөн сарын эхээр  “Эрдэнэт”  ХХК-д  онц байдал зарласан. Улмаар компанийн хэлбэрийг өөрчилж  ТӨҮГ болголоо.  Гарах үр дүн, үр дагаврын талаар ямар бодолтой байгаа бол?

-Нэг  компанид онц байдал зарлаад байх нь ч хаашаа юм. Хэвийн үйл ажиллагаа нь алдагдаад аюултай нөхцөл байдал үүссэн бол өөр.  “Эрдэнэт”-ийн далан сэтэрч онц байдал үүссэн бол өөр хэрэг. Гэтэл онц байдал зарласан тэдний санаа нь “Эрдэнэт” ХХК-ийг  ТУЗ-гүй болгочхоод байна.  

Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг статустай болгож байгаа юм.  Яг нэг хүний засаглалтай. Төрийн өмчид компанид олон нийтийн хяналт тавих боломжгүй болгож зөвхөн Ерөнхийлөгч эсвэл Ерөнхий сайд нь хэн нэгэнд  үүрэг даалгавар өгч дураараа юм хийж болно л гэсэн үг.

Төрийн өмчит үйлдвэрийн газрын нэг сул тал нь энэ.  Компанийн статустай явах ёстой байтал 49 хувийн хувьцаа эзэмшигчдийг байхгүй болгох цаад зорилго нь. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр байгуулагдсан, жилийн хэдэн зуун  тэрбум төгрөгийн цэвэр  ашигтай ажилладаг компанид төр, олон нийтийн хяналт байхгүй болчихож байгаа юм. Энэ нь эргээд луйвар, булхай бүх хууль бус ажиллагаа явагдах нөхцөл бололцоог бүрдүүлж байна л гэсэн үг. Тиймээс сайн засаглалын зарчмаас манай төр ухраад байна гэж л дүгнэж байна даа.  Аль болох ганц хүний засаглалтай болгоё, ганц хүнээр нь өөрийнхөө хүнийг тавьчихъя. Тэр нөхрөөр хууль бус юм хийлгэе. Болохгүй бол очдог газар нь очуулна биз  гэж хандаад байгаа нь буруу. 

Тэр УИХ-аар хэлэлцээгүй  49 хувийг  худалдаж авсан гэдэг бол тусдаа асуудал.  Гол нь  хувьцааг худалдаж авсан төлөөлөл ТУЗ-д ороод ажиллахаар яаж компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж болдог, яаж үргүй зардлыг нь бууруулж чаддаг вэ  гэдгийг бодит байдлаар харуулж чадсан нь бодит үнэн.

-Жишээлбэл?

-“Эрдэнэт”  үйлдвэрийн  хуулийн хэлтсийн нөхрийн мэдээлэлд  нийт 11 компанид  зэс нийлүүлдэг үйл явцыг илүү хяналттай болгосон гэсэн. Бүтээгдэхүүн түүхий эд худалдаж авахдаа заавал дамжуулан борлуулдаг байсан бол шууд тухайн бүтээгдэхүүн зарж буй үйлдвэрээс нь хямд үнээр худалдаж авах боломжтой болсон гэх зэрэг мэдээлэл хийж байсан.  Үүнээс ч илүү ашигтай ажиллах бүрэн боломж байгаа гэж харж байна.   Учир нь  хараат бус гишүүд  хоёрхон жил  хяналт тавиад ажиллахад ийм үр дүн гарч байгаа юм.

Ер нь нэг ерөнхий захиралтай, асуудал хариуцсан олон орлогч захиралтай байх шаардлага байгаа юм уу?  Хаа хаанаа цавчаа хийх боломжийг гаргаж ирж байгаа нь аль ч засгийн үед байж л байсан. Өнөөдөр  эрх барьж байгаа нам “Эрдэнэт”-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгоод нэг хүнийг  томилж болно. Дараагийн нам нь төрд гарахаараа  бас л түүнийг л  хийнэ шүү дээ. Өөрсдийгөө цөөнхийн байр сууринд тавьж нэг үзээч. Өөрсдөө  мөнх байх юм шиг л шийдвэр гаргаад байна.

“Эрдэнэт”  үйлдвэр  өөрөө төрийн өмчит компани. Тиймээс энэ компанийн 34 хүртэл хувийг хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалж хувьцаат компани болгох ёстой.  Тэгж байж олон нийтийн хяналт бий болж  шахаа, тендер авдаг ажил маань болино. Эс бөгөөс үеийн үед шахааны бизнесийг эрх баригч намууд хийсээр л байна. Энэ нөхцөлд цөөхөн улс төрч, цөөхөн хүн л маш их ашиг хүртдэг.   Ард түмний ашгийг ард түмэнд нь хуваарилъя гэж наанаа ярьдаг ч бодит байдал дээр хэрэгжүүлэх сонирхол байдаггүй.

Ний нуугүй хэлэхэд Монголын ихэнхи ачааг  нуруун дээрээ авч явдаг 2000 гаруй компаниуд бий.  Тэдгээрийн эзэмшиж байгаа өмчийн хувьд Төрийн өмчит компани давамгайлдаг. Тухайн өмчийг үр  дүнтэй зарцуулж ашиглаж чадахгүй байгаа учраас  төрөөс ч тэр, олон нийтийн зүгээс ч тэр шахаж ажиллаж байж зөв гольдролд нь оруулахгүй бол шахаа, завчаа байсаар байна. Ер нь хувийн ашиг сонирхолын зөрчлийг хязгаарлаж байж л  сайн засаглал  бүрэн утгаараа хэрэгждэг.

ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙГ ХЯЗГААРЛАСНААР САЙН ЗАСАГЛАЛ ХЭРЭГЖДЭГ

-Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа  авсны дараах нь 1990 онд хийсэн хувьчлалыг шалгах  ажлын хэсэг байгуулсан.  Энэ ажил ямар үр өгөөжтэй гэж  та үзэх бол?

-Хариуцлага хүлээлгэх талаасаа сөхөж байгаа бол хуулийн хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэдийн дууссан нь ойлгомжтой. Харин тэр өмч хувьчлалын асуудал дээр аль нь оносон, аль нь алдсан гэдгийг  судалж  гаргаж ирээд дараа дараагийнхаа төрийн өмчит компаниудыг хувьчлал, төрийн өмчийн талаар төрөөс баримтлах бодлого гаргахад судалгааны зорилгоор бол туршлага болно гэж харж байна.

Төрийн өмч нь тодорхой салбарын түвшинд нийгмийн хариуцлагын хүрээнд зайлшгүй байх ёстой. Бүх төрийн өмчийг хувьчлах юм бол төр нь Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч нийгэмд тулгамдсан асуудал үүснэ. 

Тухайлбал, шатхуун импортлогч компаниудын жишээ байна. Тийм учраас төрийн өмчит компанийн хяналтыг багцийг хөрөнгийн зах зээлд IPO хийх байдлаар хяналт тавих тодорхой эзэдтэй болгох зайлшгүй шаардлага байгаа юм.

Бидний хувьд Төрөөс компанийн нийгмийн харуцлагын талаар баримтлах бодлого боловсруулахад Үндэсний хөгжлийн газартай хамтран судалгаа хийж байна. Энэхүү бодлогын хүрээнд төрийн өмчит компаниуд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж сайн засаглалтай болгох суурь зарчмыг бүрдүүлэх, төрөөс нийгмийн хариуцлагтай компаниудад дэмжлэг, хөнгөлөлт эдлүүлэх боломжийг бий болгох тал дээр анхаарч ажиллаж байна.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Д.Ганбаяр: Төр засаглалын зарчмаасаа ухраад байна  
Үзсэн: 534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
gotov [127.0.0.xxx] 2019-04-27 03:22
er n TUZ.iinhen bugd l tuhain co.s tsalin avah l heden haalganii humuus bdag n todorhoi ,tuunees bish tanii yrij bgaa shig olnii tuluu ajillaj bgaa n ene olon jild er haragdaaguidee tuhaibol.bagabanid ymarch mergejiin bus ter TUZ.d bn bn ner devsheed ter l co.niihaa amaar tolgoi gudaigaad hangamjiin ideed l suuj bn ,ene met tejeeveruud yaj busdiin erh ashigiin tuluu am neeh ve? neeye gesen chnudend n ereen tsaas burelzeed am neeh bitgii hel amisgaa guitsed avch chadahgui bgaa bizdee! er n TUZ.g olonii sanalaar songoj bsn tuuh bhgui, dandaa l ter eniin hun gedgeer yvj irsendee! uuniig l bolih heregtei!!!
Miss [127.0.0.xxx] 2019-04-12 22:29
Би төлбөр тооцоо, өрийг ангилахын тулд зээл хайж байсан. Дараа нь би та нарын эргэн тойронд байгаа АТМ машинаас мөнгө хөөж хоосон хоосон хоосон ATM ATM картны талаархи саналыг харсан. Тиймээс би эргэлзэж байсан боловч {rickatmcardoffer @ gmail хаягаар холбоо барьж үзээрэй. com} тэд карт хэрхэн ажилладаг тухай удирдамжийн дагуу хариу өгсөн. Картаа өдөрт $ 5,000 шуурхай авах боломжтой ба $ 50,000,000.00 $ кредит авч байсан тул 24 цагийн дараа надад төлбөр төлөх төлбөрийг төлсөн төлбөрийг төлсөн гэдэгт би итгэлтэй байсан. Багц {карт} Би гарын үсэг зурж, дотогшоо буцаж очиж картаа үлдээсэний дараа картын ажлыг баталгаажуулсан. Энэ нь эргэлзээтэй зүйл биш учраас карттай & картыг ашигласан. Энэ хакерууд нь АНУ-д суурилсан хакерууд санхүүгийн эрх чөлөөтэй хүмүүст туслах зорилготой юм !! Хэрэв та энэ аргаар баян болгохыг хүсвэл эдгээр имэйл хаягаар холбогдоно уу: rickatmcardoffer@gmail.com}

Бидэнтэй нэгдээрэй