Шууд Chart

БНСУ тав дахь үеийн 5G хөдөлгөөнт интернэтийг нэвтрүүлсэн анхны улс боллоо

2019-04-06 15:36:43

Өмнөд Солонгос улс тав дахь үеийн 5G хөдөлгөөнт интернэтийг нэвтрүүлсэн дэлхийн анхны улс боллоо. Тус улсын бүх нутаг дэвсгэрт энэ сарын 3-ны өдрийн 23:00 цагаас эхлэн энэ сүлжээг ашиглах боломжтой болсон гэж “Ёнхап” агентлаг мэдээлэв. 

Өмнөд Солонгос улс 5G сүлжээний зах зээлд Хятад, АНУ, Японтой өрсөлдөж, энэ технологийн ачаар ухаалаг хот, авто машины салбарт дэвшил гарна, эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Тиймээс ч Өмнөд Солонгосын операторууд 5G-ийн маркетинг сурталчилгаанд хэдэн тэрбумыг зарцуулсан байна. Тэд 2019 оны эцэст гэхэл 5G-гийн нэг сая орчим хэрэглэгчтэй болно гэж тооцоолж байна.

Уг нь АНУ-ын харилцаа холбооны “Веризон Коммуникэйшн” компани 5G сүлжээг дэлхийд хамгийн түрүүнд нэвтрүүлнэ гэж тооцоолж байсан юм. Тиймээс Өмнөд Солонгос улсыг дөрөвдүгээр сарын 5-нд энэ сүлжээг нээнэ гэх мэдээллийн дагуу тус компани төлөвлөгөөт хугацаагаа урагшлуулж, нэг өдөр нээнэ гэж мэдэгдэж байлаа. Харин Өмнөд Солонгосын операторууд Миннеаполис, Чикагод 5G сүлжээг нээхээс хэдхэн цагийн өмнө өрссөнөөр Өмнөд Солонгос 5G сүлжээг хамгийн түрүүнд нэвтрүүлсэн улс болж чаджээ.

Өмнөд Солонгосын Мэдээллийн технологийн сайд Ю Йон Мин “Манай улс дэлхий дахинаа энэ сүлжээг урагшлуулах хөдөлгөх хүч болно” гэсэн байна. Одоо Өмнөд Солонгос улсад 5G сүлжээг “Самсунг Галакси Эс-10” утасны хэрэглэгчид ашиглах боломжтой болж байгаа юм. Операторууд хэрэглэгчдэдээ багц үйлчилгээнээсээ хамааран сарын 48-110 долларын үнэтэй дөрвөн төрлийн үйлчилгээг санал болгож байна.

Мэргэжилтнүүдийн тэмдэглэж байгаагаар 5G стандартын интернэт сүлжээ нь өндөр хурдтай тул өндөр чанарын киног хэдхэн секундын дотор татан авах боломжтой гэнэ. Энэ технологи нь өмнөх 4G сүлжээг бодвол мэдээлэл дамжуулах хурд нь 20 дахин өндөр, хиймэл оюун ухаан, виртуаль ертөнцийг гацалт багатайгаар дамжуулах чадвартай аж.

Шинэ сүлжээг хамгийн түрүүнд Солонгосын поп хамтлагийн хоёр гишүүн, Олимпийн шагналтан, кибер спортын тамирчин, пара усанд сэлэгч, болон хамгийн анхны үйлчлүүлэгч нартаа холбож өгсөн байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

БНСУ тав дахь үеийн 5G хөдөлгөөнт интернэтийг нэвтрүүлсэн анхны улс боллоо  
Үзсэн: 433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй