Шууд Chart

Ядуу тариачинд эд баялаг авчирсан эмгэн хумсны өндөг...

2019-04-14 10:31:22

Францын Бургунди нутаг дарс амтат зоогоороо алдартай гэдэгтэй хэн ч маргахгүй. Усан үзмийн тариаланч Жан Пьер Франкад нэг ч захиалга ирээгүй болохоор тэрээр усан үзмээ хураасан ч үгүй. Хавь ойрын хамаг дун хорхой цуглаж түүний усан үзмийг амтархан зооглоно. Бусдад хөөгдсөн бүх эмгэн хумс ирж идэхэд Франк "буян болог" гэж бодно. Тэр өөрөө ч дунтай адил хооллож, зөвхөн усан үзэм идэж байлаа. Хайрлаж ирсэн хамаг тариаланг нь нялцгай биетнүүд юу ч үгүй болгож байгаа нь сонин санагдах ч тэд зөвхөн жимс бус, навч нахиа ч иддэг юмсанж. Нүцгэн мөчир дээр ил бөнжийх бөмбөлгийг урьд нь олж хаях гэж их л зовдогсон. Гэтэл тариалангийн талбайд хаа сайгүй цагаан бөмбөлөг гялалзах нь сувд цацаж орхио юу гэлтэй харагдана. Энэ бол дунгийн өндөг юм.

Гайхалтай үр төлсөг энэ амьтан долоо хоног бүр л нэг өндөг гаргадаг. Уг нь Францын зарим нутагт дунгийн махаар нарийн зоог бэлддэг аж. Харин өндгийг нь яагаад ч юм ойшоодоггүй, идвэл муу ёр гэдэг. Хэн ч ямар амттайг нь эс мэднэ. Харин Бургундид бол дун байтугай, хясааны мах ч иддэггүй. Жан саваагүй бодолд хөтлөгдөн нэгийг амстал тун тансаг амттай байлаа. Яг л алдарт орос хилэмний түрс гэсэн үг. Тэрээр өндөгнөөс ханатлаа идэв. Хэрвээ ресторанд ингэж зооглосон бол дор хаяж 1000 франк үрэх байсан биз. Ингээд Жан хамаг өндгийг хаман авахад нэг кг гаруйхан л болжээ. Саарал эмгэн хумс гэдэг тариаланчдын заналт дайсан өөрийг нь ийнхүү хоосролоос аврах юм гэж хэн санах билээ.

Ингээд мань эр дун хорхойг өсгөн үржүүлэхээр шийджээ. Тэрээр зохиогчийн эрхийн газарт очиж “бүтээгдэхүүн”-ийхээ дээжийг толилуулав. Түүнээс өөр хэн ч эмгэн хумс үржүүлж, түрсийг нь зарж болохгүй. Тэр даян дэлхийд тэргүүлэгч нь болох учиртай гэж бодон ийнхүү яарчээ. Ийнхүү ажил нь ундарч гарлаа. Талбайд нь цугласан дунг түүж тоолоход 41 257  ширхэг байв. Дунг бэлчээхийн тулд талбайгаа тойруулж шуудуу татав. Ингэхгүй бол гайхал “хонинууд” мөлхөөд явчихна.

Учир нь дунгийн хамгийн их айдаг юм бол ус байв. Усан замаар л явж тэднийг хариулахгүй бол няц гишгээд дуусах учраас талбай дундуураа ч өчнөөн хэрсэн шуудуу татлаа. Дунгийн амьдралын талаар ямар ч ойлголтгүй тул өөрийнхөөрөө л болгож байв.

Тэргээ хөллөн бусад фермээс шүүсийг нь шахсан үзмийн шаар, хяргаж танагдсан мөчир овоолж ирэн дунгаа хооллоно. Үүнийг харсан зарим нөхөд нь түүнийг хог ачиж гол зогоодог болж хэмээн бодон хэдэн франк өгөхөд мань хүн халаасандаа хийж л орхино. Авчирсан хаягдлаа хашаандаа буулгахад дунгууд дор нь бүчин авч амтархан иднэ. Жан "дун үржүүлнэ" гэж зохиогчийн эрх авсан боловч, хүнсэнд хэрэглэх, худалдах зөвшөөрөлгүй байв. Гайхал шинжээчид өдөр бүр ирж, дээж авна хэмээн түрснээс нь савлаад оддог болов.

Сарын дараа лабораторийн шинжилгээ бэлэн болж, хариу гарах байлаа. Жан өндгөө хилэмний түрс гээд зах дээр зарахад хүмүүс дор нь авч дуусгах аж. Өдөр бүр дөрөв таван зуун доллар олох болсон Жаныг Оросын мафитай холбоотой болж гэсэн сэрдсэн цуу яриа тархав. Гэвч цуу үг сэтгэлийг нь зовоосонгүй. Харин мундаг тогооч нар захиалгаа улам нэмэгдүүлж буйд баясна. Тэд “Арай ч орос түрс биш юм.  Гэхдээ үйлчлүүлэгчдэд таалагдаж байгаа. Энэ Армен түрснээсээ ахиухныг аваад ирээрэй. Чиний цаана байгаа улс бидэнд хамаагүй” гэлцэнэ.

Жанд цагдаагийн дуудлага ирсэн ч үйл ажиллагааны патент нь ирж түүнийг хамгаалсан юм. Тэрээр дүүргийнхээ бүх дун хорхойг цуглуулах их ажилд орж, шинээр худалдан авсан ачааны машинаараа усан үзмийн тариалангийн хог, шимэгч хоёрыг уйгагүй зөөсөөр байв. Уйгагүй Жан хоосорсон хөрш фермүүдийн талбайг ч мөн түрээслэн авч дунгаар дүүргэв. Эмгэн хумсанд тэжээл авчрахаас өөр ямар ч арчилгаа маллагаа шаардагдахгүйн дээр хүйс гэж огт байхгүй бүгд өндөг гаргадгийг мэдээд Жан маш их баярлав. Дун бүр үйлдвэрлэгч учраас нэг сая дун хорхой нь 7 хоногт 3 тонн өндөг өгч эхлэв. Энэ нь 60 мянган сав буюу 1.5 сая доллар болж байв.

Ашиг их олохын хэрээр ажлаа дийлэхгүй болсон Жан Алжираас 100 ажилчин хөлсөлж, арай ядан ажлаа амжуулах боллоо. Саятан болсон ч, тариачны хувцсаа солих завгүй зүтгэж байсан Жан богино хугацаанд 10 давхар нүсэр дунгийн тусгай ферм бариулсан юм. Учир нь задгай талбайд дунгийн ялгадас дүүрч амьтад нь үхэж үрэгдэх болсон тул ийм шинэ цэвэр байранд дун амьдрах болов.

Дун цэвэр талбайд зугаалж, хоолондоо ирэх хооронд нь талбайг угаачихна. Зугаалахаар явахад хоолны байрыг нь цэвэрлэчихнэ. Өндөг гаргадаг тусгай газар хүртэл бэлдсэн тул цуглуулахын зовлонгүй болов. Энэ бүхний эцэст 2.5 сая дунтай фермд нь цагаан өмсгөлтэй, дээд боловсролтой 30 ажилтан л хөдөлмөрлөнө. Үйл ажиллагаа нь өндөр түвшинд автоматчилагдсан, электронжсон “Коклея” гэх энэ фирм өнөөдөр дунгийн өндөгний тэргүүлэгч нийлүүлэгч болсон юм. 7 хоногт 8 тонн өндөг нийлүүлдэг нь дэлхийн эрэлт хэрэгцээг бүрэн хангадаг. Франц, Бельги, Голланд, Испани, Герман, Швейцарь улсууд гол хэрэглэгчид нь юм.

Жан хар ажлаас хөндийрч биологийн лабораторид өнжиж, дунгийнхаа үүлдэр угсааг сайжруулж, өндөгний чанарыг дээшлүүлснээр 50 грамм нь 40 доллараар зарагдах болжээ. Жан 7 хоногт 160 мянган сав түрсийг 6.4 сая доллараар борлуулдаг ч бүтээгдэхүүнд шингэдэг зардал нь 700 мянган доллараас хэтэрдэггүй байв.

Жан судалгааны ажлаа дунгийн өндгийн онцгой амт чанарыг улам сайжруулах, хилмийн түрсээс ялгарахгүй амттай болгох гэсэн хоёр чиглэлээр үргэлжлүүлж буй. Энэ хоёр зорилго нь биелбэл Жаны өмнө хязгааргүй ирээдүй нээгдэнэ гэсэн үг юм. Бүтэлгүй, салга гэгдэж байсан Жан хослол өмсөж, эрвээхий зангиа зүүж, сахал тавин, шил зүүснээр урьдын тариачин гэж огт танигдахгүй, язгуур гаралтан шиг л харагдаж дээдсийн хүрээлэнд гялалзаж явдаг болжээ. 

Гэхдээ эвдэрч мойногшсон хуруу, бухан хүзүү, бөгтөр нуруу нь түүнийг ясны дээдэс бишийг илтгэнэ. Гэвч үүнээсээ Жан огт ичдэггүй. Хэрэв би савхан хуруутай байсан бол өдий зэрэгтэй явахгүй гэдэг аж.


Ядуу тариачинд эд баялаг авчирсан эмгэн хумсны өндөг...  
Үзсэн: 3110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ЯАЯАА [127.0.0.xxx] 2019-04-14 20:50
Толгойгоо гартайгаа ажиллуулбал шударга шүүх тогтолцоотой улсад юунд ч хүрч болохын жишээ?Манайд бол хонгилын дээрэмчид дээрэмдэж аваад ,хөөрхий ядуу тариачинг Зоригын хэргээр гяндан шиднэ гэж сүрдүүлээд дуусаа.
МАНАНГИЙН ХОНГИЛДООНУУД ЧИНЬ [127.0.0.xxx] 2019-04-15 10:45
УРЬД ТӨРӨЛДӨӨ БҮГД ДАЛАЙН ДЭЭРЭМЧИД БАЙСАН, ХОЙД ТӨРӨЛДӨӨ САНСАРЫН ДЭЭРЭМЧИД БОЛОХ ХУВЬ ТАВИЛАНТАЙ ЮМ ГЭНЭ ЛЭЭ. САНСАР НЬ БУШУУХАН ХӨГЖИЖ ХОЙД ТӨРЛӨӨ ХУРДХАН ОЛОХ БОЛТУГАЙ ГЭЖ ЕРӨӨЕ ДӨӨ. ДАРААГИЙНХ НЬ ХОНГИЛДООНУУД Ч ГЭСЭН БИТГИЙ УДААСАЙ ДАА, МИ АСАН ЧИНЬ ИХ ХУРАЛДАА СУУЖ Л БАЙГАА ХАРАГДАХ ЮМ. ШУДАРГААР ХЭЛЭХЭД ӨӨР ГАЗАР Л СУУЖ БАЙХ ЁСТОЙ БАЙМААР ЮМ, ХӨХ ТЭНГЭР МИНЬ
zochin [127.0.0.xxx] 2019-04-14 16:44
mundag ymaa ingej mungutei bolvol amttai bhdaa manai darga nar shig hunii munguur bayjaagui

Бидэнтэй нэгдээрэй