Шууд Chart

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ

2019-04-19 16:28:43

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.04.19) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж, Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав. 

2011 онд Улсын Их Хурлаас баталсан Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нотариатын үйл ажиллагаа хамаарахгүй байхаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь нотариатчид тавигдах шаардлагыг тодорхойгүй болгож, улмаар хуулийн хийдэл үүссэн. Түүнчлэн Нотариатын тухай хуулийг эрх зүйн салбарын хөгжил, шинээр батлагдан гарч байгаа бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлагатай байгаа тул уг хуулийн төслийг боловсруулжээ. 

Хуулийн төсөл гадаад улсын жишиг, хандлага, өөрийн орны онцлогт тохируулан нотариатын үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байх шалгуурыг тогтоосон. Нотариатч нь хуульч болж байгаатай холбогдуулан хууль зүйн үргэлжилсэн сургалтад жил бүр хамрагдаж, тогтоосон багц цагийг хангаж байх зохицуулалтыг төсөлд тусгажээ. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан “нотариатын үйлчилгээг нэмэгдсэн өртөг ногдох бараа, ажил, үйлчилгээнд хамааруулсан” зохицуулалтыг хасч, нотариатч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.21-т заасан хэрэглэгчийн системтэй байх бөгөөд үзүүлсэн үйлчилгээ, үйлчилгээний хөлс, тээврийн зардлын хэмжээг тусгасан төлбөрийн баримтыг үйлчлүүлэгчид олгож, энэ талаарх тайлан мэдээг холбогдох байгууллагад гаргаж өгдөг байхаар зохицуулсан байна.

Түүнчлэн хуулийн төслөөр нотариатын тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулж, тусгай зөвшөөрлийг бусад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай адилтган “зөвшөөрөл” болгож, түүнийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлдэг болгох, түдгэлзүүлсэн хугацаанд сургалтын багц цагийг хангадаг байх, төрийн жинхэнэ албан хаагчийн насны дээд хязгаарт хүрсэн тохиолдолд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болдог байх, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нарын гэрчлэх нотариатын үйлдлийг тодорхой хязгаартай болгох, тэдгээрийг сургах, давтан сургах зохицуулалтыг мөн хуулийн төсөлд тусгажээ.  

Нийгмийн хөгжлийг даган нотариатын шинэ төрлийн үйлдэл болох “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах, хадгалах, бусдад шилжүүлэх” талаарх нарийвчилсан зохицуулалт болон нотариатчдын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, Нотариатчдын танхимын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, нэр мөр ойлгогдохгүй байгаа хуулийн зүйл, заалтыг ойлгомжтойгоор томьёолох, нотариатын зарим төрлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах зэрэг хуулийг боловсронгуй болгох чиглэлээр шинэ зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Хууль зүй байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд  Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг олонхын саналаар дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монголын нотариатчдын танхимын холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

Хуулийн төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд Ц.Мөнх-Оргил, Б.Баттөмөр, Н.Оюундарь, О.Батнасан, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, М.Билэгт, О.Баасанхүү нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс нотариатч төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж байгаа ч төрийн албан хаагч биш учир нотариатчийн ажиллах насыг 65-аар хязгаарлах шаардлагатай эсэх, 2019 оны 12 сар гэхэд нотариатч хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байхаар тусгасан тул шалгалт өгөх хугацааг сунгах боломж бий эсэхийг лавлалаа. Мөн  нотариатчийн үйл ажиллагааг  НӨАТ-ын тухай хуулиас хасах болсон шалтгааныг илүүтэй тодруулав.  

Ажлын хэсгийн зүгээс, нотариатын үйлчилгээний талаар судалгаа хийхэд нотариатын үйл ажиллагаагаа шууд эрхлэхгүй байх, ажлаа туслахаараа хийлгэх, нотариатын үйлдэл нь зөрчил, маргаан үүсгэх зэрэгт асуудлууд гарсан учир насны хязгаарыг 65 гэж зохицуулсан. Олон улсад ч нотариатчдын насны хязгаар 65-70 нас байхаар зохицуулсан байдаг. Хүний эд хөрөнгийг хариуцах, мэргэжлийн алдаа гаргах, хуулийн этгээд хохирох тохиолдол гарч байгаа тул хуучин байдлаар нь буюу нотариатч хуульч байх шаардлагыг тавьсан. Хуульчийн сонгон шалгаруулалтын шалгалт өгөх хугацааг 2020 оны 12 сар хүртэл болгож сунгах боломж бий гэж хариулж байлаа. Мөн нотариатын үйл ажиллагаа нь ашиг олох зорилготой бус төрийн зарим чиг үүргийг түүний нэрийн өмнөөс хэрэгжүүлж байгаа учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиас нотариатын үйлчилгээг хасахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, нотариатч НӨАТ-ын баримт төлөхгүй, төлбөрийн баримт өгнө гэж байв. 

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.0 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн байна.


Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй