Шууд Chart

Ө.Батзул алтан медалийн төлөө барилдана

2019-04-23 14:57:10

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Си Ань хотод өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ. Эхний өдөр манай улсаас 97 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул ганцаараа шигшээд шалгарлаа.

79 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин, спортын мастер Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ дагах барилдаанд ялагдсан. Эхний өдөр манай бөхчүүд хэрхэн барилдсаныг хүргэе.

57 кг: Залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алтан медальт, ОУХМ Н.Насанбуян 2018 оны Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт 1/4 шигшээд Узбекистаны Махмуджон Шавкатовт 2:7-гоор ялагдав. Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд Ираны Реза Атрид 1:2-оор дийлдснээр дагах барилдаан гарсангүй.

65 кг: 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Тулга тэгшитгэлийн барилдаанд Японы Коки Шимизүд 4:4-өөр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлэв. Түүний өрсөлдөгч удаах даваанд Узбекистаны Сиродиддин Хасановт 0:4-өөр дийлджээ.

79 кг: “Монголиа Опен” ОУТ-ий мөнгөн медальт, спортын мастер Д.Төгс-Эрдэнэ Энэтхэгийн Парвеен Ранад 2:6-гаар ялагдсан. Түүний өрсөлдөгч нь Япон, Казахстаны бөхчүүдийг ялж шигшээд шалгарснаар Д.Төгс-Эрдэнэд дагах барилдаан гарсан. Дагах барилдаанд Японд 2:12-оор ялагдлаа.

70 кг: Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Э.Тэмүүлэн 1/8 шигшээд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Ихтиор Наврузовыг оноогоор цэвэр ялж (10:0) ялсан ч шөвгийн наймд Ираны Йонес Эмамичогайд 2:12-оор ялагдав. Ираны бөх хагас шигшээд Казахстаны Нуркойза Кайпановт дийлджээ.

97 кг: “Монголиа Опен” ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, ОУХМ Ө.Батзул 1/4 шигшээд Энэтхэгийн Сативарт Кадианыг 7:2-оор, хагас шигшээд эзэн орны Гао Хаобинийг 10:0-ээр тус тус яллаа. Ингэснээр тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд Ираны алдарт бөх Реза Язданитай алтан медалийн төлөө барилдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ө.Батзул алтан медалийн төлөө барилдана  
Үзсэн: 317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй