Шууд Chart

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга ОХУ-ын Владивосток хотод айлчилж байна

2019-04-25 12:19:52

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны ОХУ-д хийж байгаа анхны айлчлалыг олон улс ихээхэн онцолж байна. Ким Жон Ун тэргүүтэй  Умард Солонгосын өндөр дээд төлөөлөгчдийн хуягласан,  тусгай  галт тэрэг ОХУ-ын   Владивосток хотыг  зорин  хөдөлсөн. Харин  орон нутгийн цагаар  17:50 минутад буюу  УБ-ын цагаар  15:50 минутад Владивосток хотын   төмөр замын буудалд 1180 орчим км замыг  туулан  хүрэлцэн ирсэн  юм.

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн даргыг ОХУ-ын  Приморийн  хязгаарын амбан захирагч  Олег Кожемяко,  ОХУ-ын гадаад хэргийн  орлогч сайд Игорь Моргулов,  БНАСАУ д суугаа  ОХУ-ын онц бөгөөд бүрэн эрхт  элчин сайд Александр  Мацегор  тэргүүтэй албаныхан   хүндэт харуул, цэргийн оркестортой угтан авсан. Умард  Солонгосын удирдагчийн галт тэрэг  өнөө өглөө хилийн Хасан  төмөр замын буудалд ирсний дараа Ким Ир Сений байшин  гэгддэг  ОРос Солонгосын найрамдлын ордонд залуу удирдагч түр зочлон саатсан юм. Энэ Байшинг  Умард Солонгосын  залуу  удирдагчийн өвөг эцэг Ким Ир Сений 1986  онд  ЗХУ д хийсэн 2 дахь айлчлалд  зориулан барьсан түүхтэй. Солонгосын цахилгаан мэдээний  агентлагийн мэдээлж байгаагаар  Умард  Солонгосын  Хөдөлмөрийн намын Төв Хорооны орлогч дарга Ким Пён Хэ,  О Сун Ён,  Гадаад хэргийн сайд Ли Ён Хо,  Солонгосын ардын  армийн  Ерөнхий штабын дарга,  хуурай замын цэргийн генерал  Ли Ён Гиль,   Солонгосын хойгийг цөмийн  зэвсгээс ангижруулах асуудлаар АНУ-тай  хийж буй хэлэлцээний  бэлтгэл ажлыг хангах  Умардын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцдог, гадаад хэргийн тэргүүн дэд сайд Чой Сон Хи нар дагалдан явж байгаа юм байна.  Харин  Умард  Солонгосын удирдагчийн дүү охин болох Ким Ё Чон өнгөрсөн даваа гаригт Владивостокт  хүрэлцэн очиж  айлчлалын бэлтгэл ажлыг хангахад  оролцсон  байна.  

Умард Солонгосын удирдагчийн энэ айлчлал  олон онцлогтой. Юуны түрүүнд БНАСАУ-ын  Төрийн зөвлөлийн дарга буюу  Умард Солонгосын удирдагчийн албыг хаших болсноос нь хойш 7  жил  өнгөрч байгаа ч  анх удаагаа  ОХУ-д айлчилж байгаа нь энэ юм. Мөн анх удаагаа  эртний  сайн харилцаатай, ОХУ-ын Төрийн тэргүүн ВЛАД уулзалт хэлэлцээ хийх гэж байгаатай нь холбоотойгоор 2 орон ихээхэн ач холбогдол  өгч байгаа төдийгүй олон улсаар анхааралтай ажиглаж байна. 3 рт  Умард Солонгосын  удирдагчийн энэ удаагийн айлчлал  Вашингтон Пёньяны  Солонгосын хойгийг цөмийн  зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн яриа хэлэлцээ  мухардсан  Вьетнамын Ханой хот дахь  дээд уулзалтаас хойш болж байгаагаараа онцлогдож байгаа юм. Тиймээс айлчлалын  зорилгыг  олон улсын шинжээч мэргэжилтнүүд их олон талаас нь  тайлбарлахыг чармайж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга ОХУ-ын Владивосток хотод айлчилж байна  
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй