Шууд Chart

2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажилтай танилцлаа

2019-05-03 15:24:32

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар нарын тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын ажлын явцтай танилцав.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга А.Дамцагдорж “Дүүргийн хувьд цэрэг татлагын ажил хэвийн үргэлжилж байна. Одоогийн байдлаар 400 орчим залуу цэрэг татлагаар ороод байна. Залуучуудын идэвхи өмнөх жилүүдээс сайжирсан нь харагдаж байна. Залуус эрүүл мэндээрээ тэнцэхгүй байх тохиолдол багассан” гэдгийг хэлж байв. Чингэлтэй дүүргийн хувьд татагдан ирж байгаа бүх хүүхдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамруулдаг юм байна. Эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан хүүхдүүдээ бүтэн жилийн турш дүүргийн эрүүл мэндийн нэгдэл болон өрхийн эмнэлгүүд анхаарч ажилладаг гэнэ.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, нийслэлийн Цэргийн штабын зүгээс Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын үйл явцтай таниилцаж байна. Цэрэг татлагын зарлан авах ёстой цэргийн насны залуусын 96 хувьд нь зарлан дуудах мэдэгдэл хүргүүлсэн.

Эрүүл мэнд болон бусад болзол нөхцөлийг хангасан залуусыг цэрэгт татаж байна. Найман төрлийн нарийн шинжилгээг авч байна. Эрүүл мэндээр тэнцээгүй залуусын дунд чих хамар хоолойн өвчин зонхилж байгааг мэргэжлийнхэн хэллээ. Цэргийн албанд бие бялдарын ачаалал маш их байдаг учраас эрүүл мэндийн үзлэгт онцгой анхааран ажиллаж байна. Үзлэгт орсон залуусын эрүүл мэндийн нэгдсэн санг бий болгоод цаашаа эмчилгээнд хамруулан ажиллаж байгаа.

Энэ жилийн цэрэг татлагын нэг онцлог нь улс орны стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтад оролцуулах учраас Автозам, барилга, инженерийн чиглэлээр сурч байгаа болон төгссөн мэргэжлийн залуусыг гэрээт болон хугацаат цэргийн албанд татах шаардлагатай. Энэ чиглэлээр сургууль төгсөж байгаа залуусын нарийн судалгаа гаргасан. Өнөөдрийн байгаа бүрэлдэхүүнээр бүтээн байгуулалтын ажилд орлцох хүн хүчний дутагдалтай байгаа.

Мөн цэргээс халагдаад ирж буй залуусыг ажилд зуучилах ажлыг эрчимжүүлээд явж байгаа” хэмээн ярилаа.

Нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно. Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, оюутнууд их, дээд сургуульд сурч байгаа сургуулийн тодорхойлолт, сургалтын төлсөн баримт, оюутны үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр

  • БГД 96 дугаар сургууль /”Оюуны ундраа” цогцолбор сургууль/
  • БЗД 14 дүгээр сургууль
  • СБД 31 дүгээр сургууль
  • СХД 83 дугаар сургууль /“Ирээдүй” цогцолбор сургууль/
  • ХУД 34 дүгээр сургууль
  • ЧД 5 дугаар сургууль
  • БНД “Гүн галуутай” цогцолбор сургууль


2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажилтай танилцлаа  
Үзсэн: 484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй