Шууд Chart

Нийслэлийн 28 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

2019-05-15 12:10:03

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нар өнөөдөр Нийслийн 28 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сургуулийн захирал Ц.Манахүү болон багш, менежерүүдийн танилцуулснаар тус сургуулийн хичээлийн нэгдүгээр байр дүүргийн хэмжээнд хамгийн өндөр буюу 60 шахам жилийн насжилттай ажээ. Жил бүр жижиг засвар хийдэг ч цахилгаан, сангийн асуудал нь бэрхшээлтэй хэвээр үлддэг байна. Тиймээс барилгын томоохон хэмжээний их засвар, цаашлаад 960 хүүхдийн хүчин чадалтай шинэ байртай болох шаардлагатай гэлээ.

Сургуулийн хашаа баруун болон зүүн талаараа автомашины шороон замтай нь сурагч, эцэг, эхчүүд, “School Police”-ийн эргүүл байнгын анхааралтай байж, осол гэмтлээс сэргийлэх шаардлагатай нөхцөл байдал ажээ.

Сайд нар 28 дугаар сургуулийн хэд хэдэн ангиар орж, хичээл сургалтын явцтай танилцлаа. Багш С.Дэмбэрэлмаа 12 дугаар ангид англи хэл, багш Г.Хишигсайхан 10а ангид биологи, багш Х.Тунгалаг 10д ангид физикийн хичээл зааж байв. Сурагчдын 40-50 хувь нь сурах бичигтэй байна. Уг нь сурах бичгийн хувьд бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийн 40 хүртэл хувийг төрөөс үнэ төлбөргүй хангаж, үлдсэн 60 хувийг өөрсдөө худалдан авахаар зохицуулагдсан байдаг. Бодит байдал дээр зах зээлд нийлүүлэгдэж байгаа сурах бичгийн 16.5 хувь л борлуулагддаг байна. Тиймээс хоёр сурагч тутмын нэг нь сурах бичгээр бүрэн хангагдаж чадахгүй байгаа юм. Салбарын яам цаашид сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Баянгол дүүргийн 11, 12, 23 дугаар хорооны хүүхдүүдийг хамран сургадаг тус сургуулийн 71 бүлэгт 2600 гаруй сурагч суралцаж, 150 багш, ажилтантай боловсролын үйлчилгээг үзүүлж байна.

Эх сурвалж: БСШУСЯ


Нийслэлийн 28 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 84 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй